Вайнона их сургуулиас хийсэн судалгаанаас харахад ажилдаа дургүй болох, ядарч туйлдаа хүрэх үзэгдэл нь хүний амьдралын аль ч үед тохиолдож болох хэдий ч ихэнх хүмүүс дунджаар 32 насандаа ажлаас халшрах хам шинжид өртдөг аж. Мөн илрэх шинж тэмдэг нь хүн бүрд харилцан адилгүй ч дараах үе шатууд хамгийн түгээмэл ажиглагддаг байна.

 

1. БАЛ САР

 

Эхний үе шатыг бал сар гэж нэрлэсний учир нь хүн аливаа шинэ ажлыг урам зориг, эрч хүчээр дүүрэн эхлүүлдэг. Ялангуяа, шинэхэн ажилтан эсвэл шинэ бизнес эхлүүлэгчид энэ үеийг туулдаг. Мэдээж стрессдэх үе гарч ирэх боловч эрч хүчээ алдалгүйгээр ажлаа хийж гүйцэтгэх, зөв стратеги баримталж ажиллах нь дараагийн үе шатууд руу орохоос сэргийлдэг байна. Илрэх шинж тэмдгүүд:

Ажилдаа сэтгэл хангалуун байх

Хариуцлагатай ажиллах

Энергиэ алдахгүй байх 

Хязгааргүй өөдрөг үзэлтэй байх

Өөрийгөө нотлон харуулах

Чөлөөтэй сэтгэх

Аливаад бүтээлч хандах

 

2. СТРЕССИЙН ЭХЛЭЛ

 

Энэ үе шатанд хүмүүс зөвхөн амралтын өдрийг л хүлээж ажиллах нь элбэг. Ажлын өдрүүдэд стрессдэж, өөдрөг үзэл аажмаар алга болж, бие махбод болоод сэтгэл санааны хувьд удааширсан мэдрэмж төрнө. Илрэх шинж тэмдгүүд:

Анхаарал төвлөрөлт муудах

Цочимтгой болох

Нойрны хэмнэл алдагдах

Нийгмийн харилцаанаас татгалзах

Ажлын байрандаа сэтгэл ханамжгүй болох

Ажлын бүтээмж буурах

Зүрхний хэмнэл өөрчлөгдөх

Зүрх дэлсэх

Цусны даралт ихсэх

Сэтгэл түгших

Шийдвэр гаргахаас зайлсхийх

Хоолны дуршил буурах

Жин нэмэх, хасах

Ядрах

Мартамхай болох

Толгой өвдөх

Унтаж байхдаа шүдээ хавирах

 

3. АРХАГ СТРЕСС

 

Хоёр дахь шатанд илэрч буй шинж тэмдгүүд удаан хугацааны турш үргэлжлэх нь архаг стресс үүсгэдэг. Ажиллах хүсэл эрмэлзэл, баяр баясал үгүй болно гэсэн үг. Илрэх шинж тэмдгүүд:

Дуртай зүйлсдээ дургүй болох

Ажлыг цагийг нь тулгаж хийх эсвэл хугацааг нь хэтрүүлэх

Өглөө ядарч сэрэх

Амархан өвдөх

Ажилдаа байнга хоцорч очих

Дотнын хүмүүсээсээ харилцаагаа таслах

Гэртээ очихыг хүсэхгүй байх

Уурлаж, уцаарлах

Бэлгийн дур хүсэл буурах

Архаг ядаргаанд орох

Асуудлыг үгүйсгэх

Сандрах, аюул заналхийлэл байнга мэдрэх

 

4. АЖЛААС ХАЛШРАХ

 

Энэ үеийг даван туулах маш хэцүү бөгөөд эргээд хэвийн байдалдаа ороход их хугацаа зарцуулдаг байна. Ийм нөхцөл байдалд орсон үед дотны хэн нэгний туслалцаа хамгийн чухал юм. Илрэх шинж тэмдгүүд:

Хоосон мэдрэмж төрөх

Ажил, хувийн амьдралд дээрх асуудлуудаас болж хэт их шаналах

Гутранги болох

Бие махбодод илрэх шинж тэмдгүүд хүндрэх

Өөртөө эргэлзэх

Зан төлөв өөрчлөгдөх

Толгой байнга өвдөх

Ходоод, гэдэсний үрэвсэлтэй болох

Хувийн хэрэгцээгээ үл тоомсорлох

Гэрээсээ оргох

Нийгмийн харилцаанаас бүр мөсөн тасрах

Найз нөхөдгүй болох

 

Эх сурвалж: Right Mind Solutions, Helpguide