Ажилтны сэтгэл ханамж гэдэг нь удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн асуудал болсон сэдэв. Тэднийг аз жаргалтай болгохын тулд хэт их зүйл хийхийг хичээдэг. Үүнд олон төрлийн үйл ажиллагаа, хязгааргүй урамшуулал гэх мэт зүйлс багтана. Гэвч бүх ажилтныг аз жаргалтай болгох нь боломжгүй бөгөөд үүнд хэт их хүч зарцуулах нь үр дүнгүй байж болно. Харин оронд нь үндсэн, суурь зүйлс дээр анхаарлаа хандуулж, сэтгэл ханамжтай ажиллах орчныг бүрдүүлэх нь илүү үр дүнтэй.
Аз жаргал ба этгэл ханамж хоёрын ялгаа
Аз жаргал гэдэг нь хувь хүний дотоод сэтгэл зүйн байдал, гэнэтийн мэдрэмж бөгөөд ажил олгогчоос бүрэн хянах боломжгүй. Харин сэтгэл ханамж гэдэг нь ажлын байр болон ажлын нөхцөлөөс үүдэлтэй үнэлэлт юм. Ажил олгогчийн хувьд ажилтныг аз жаргалтай байлгах бус, харин тэднийг сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах нь чухал.
Сэтгэл ханамжийг бий болгох суурь зарчмууд
Ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд нэг их үнэтэй, нарийн төвөгтэй зүйлс шаардлагагүй. Харин дараах энгийн бөгөөд үр дүнтэй зарчмуудыг хэрэгжүүлэх нь чухал.
• Ажилд ороход нь аятайхан угтах, явахад нь хүндлэх: Ажилтны ажилд орох болон гарах үйл явц нь компанийн соёлыг тольдож байдаг. Шинэ ажилтныг сайн угтаж авах нь эхний сэтгэгдлийг сайн болгож, цаашдын ажлын урам зоригийг нэмэгдүүлнэ. Үүнтэй адилаар ажлаас гарч буй хүнийг хүндэтгэлтэй үдэж өгөх нь компанийн нэр хүндэд сайнаар нөлөөлнө.
• Дарамтгүй ажлын орчин: Ажилтнууд ажилдаа ирэхдээ тайван, стрессгүй байх ёстой. Ил тод харилцаа, бусдыг хүндэтгэсэн уур амьсгал, дэмжлэг үзүүлэх хандлага нь дарамтгүй орчныг бий болгодог.
• Шударга цалингийн систем: Хүний сэтгэл ханамжид хамгийн их нөлөөлдөг зүйл бол цалин хөлс. Цалингийн систем нь ил тод, зах зээлийн ханштай нийцсэн, ажлын гүйцэтгэл болон туршлагад суурилсан байх ёстой. Хөдөлмөрийнхөө үнэлэмжийг шударгаар авч байна гэдэгт итгэлтэй байх нь ажилтны сэтгэл ханамжийг эрс нэмэгдүүлдэг.
• Ажлын цагаар л ажиллуулах менежмент: Ажлын цаг дууссаны дараа ажилтныг завгүй байлгахгүй байх нь маш чухал. Ажлын цаг, амралтын цагийг тодорхой ялгах нь тэдний хувийн амьдрал, гэр бүлдээ цаг гаргах боломжийг олгож, ажлаас шалтгаалах стрессийг бууруулдаг.
Эцэст нь, ажилтнуудаа "аз жаргалтай" болгох гэж хичээхийн оронд, тэднийг сэтгэл ханамжтай байлгах үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулцгаая. Энэ нь урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамт олныг бий болгох хамгийн зөв зам юм.
Хүн хүнээс болж ажлаасаа гарч, хүн хүндээ татагдан үлдэж, хүнийг хүн л идэвхжүүлдэг.
