Замын даргын тушаалаар өнгөрсөн жилээс зарим үзлэг шалгалтыг нэгтгэж, Ерөнхий инженерийн үзлэгийг улирлынхтай нэгтгэсэн билээ. Энэ удаад Ерөнхий инженер Д.В.Бондариар ахлуулсан III улирлын үзлэгийн комисс хойд, урд, төвийн хэсэглэлд явж, төвийн үзлэгийн дүнгийн хурлыг энэ сарын 22-нд хийлээ. Үзлэг шалгалт үндсэндээ нэн тэргүүнд ХАБЭА-д чиглэсэн байна. Хурлын үеэр албадын ерөнхий инженерүүдийн тавьсан илтгэлээс сонсоход зарим өртөө, зангилаад, дийлэнх салбар нэгж, байгууллагад ажлын технологийн горим зөрчих, ХАБЭА-н ээлжит болон ээлжит бус зааварчилгааны дэвтрийг буруу хөтөлсөн, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй, зарим удирдлагууд норматив биелүүлдэггүй зэрэг дутагдал цөөнгүй илэрчээ. Мөн татах хэсэг, зам, холбооны ангиудад шинээр зааварлагч машинч, мастер, бригадын дарга, ажил удирдагч нар олноор томилогдсон байна. Тиймээс шинээр томилогдсон анхан шатны ажил удирдагч нарыг ХАБЭА-н сургалтад хамтруулах шаардлагатайг онцолж, Улаанбаатар татах хэсэгт гэхэд л цех, тасгуудын мэдээллийн самбаруудыг цаг тухай бүрт нь шинэчилж байхыг сануулав. Түүнчлэн, “Зүтгүүрчин” сувилал болон зарим салбар нэгжүүдийн барилга байшингийн дээврээс ус гоождог асуудал цөөнгүй илэрсэн тул их засвар хийх шаардлагатай барилга байшингуудыг ирэх оны их засварын төлөвлөгөөнд оруулахыг сануулав.
Энэ үеэр ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан “Бүх ажилчдыг ТЗИС-ийн ХАБЭА-н сургалтын төвийн сертификаттай сургалтад хамруулна гэж байхгүй. Байгууллагууд сургалтын зааландаа сургалт зохион байгуулж, тодорхой ойлголтыг ажилчдадаа өгөх хэрэгтэй. Би Улаанбаатар татах хэсэгт очихдоо “Ажил удирдагч нараа ХАБЭА-н сургалтад хамруул. Ажилтны аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагыг нь ойлгуул. Хүн бүх ХАБЭА-н инженер байх ёстой” гэж олон удаа хэлж байсан. Татах хэсэгт ХАБЭА-н хоёр, сургалтын хоёр инженер бий. Сургалт хийх инженерүүд болон сургалтын, анги танхим, тоног төхөөрөмж хангалттай байна. Тиймээс анхан шатны ажил удирдагч нарт ХАБЭА-н мэдлэг олгож, үүрэг хариуцлагыг нь ойлгуулах сургалт хийх үүрэг өгч байна” гэв. Мөн Хэмжил зүйн төвийн Ерөнхий инженер Ц.Золбаатар цахилгаанчид, засварчдын засвар үйлчилгээндээ ашигладаг хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмжийг шалгаж баталгаажуулах, тохируулах шаардлагатай байгааг онцолсон юм. Хурлын төгсгөлд Замын Ерөнхий инженер Д.В.Бондарь “Ямар ч ажлын туршлагагүй хүнийг ажилд аван хариуцлагатай, эрсдэл өндөртэй ажлын байранд шууд тавьснаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон жишээ цөөнгүй бий” хэмээн сануулж, бүх салбар нэгжүүд ХАБЭА-д илүү анхаарч ажиллахыг үүрэг болгож, шинэ хүн ажилд авахдаа хэдэн жилийн ажлын туршлагатай, хаана ажиллаж байсан, ямар сургалтад хамрагдсан зэргийг нь судалж үзэж байхыг анхааруулсан юм.
