Өнгөрсөн Баасан гарагт УБТЗ-ын Хүний нөөцийн алба, ТЗДС, Политехник коллеж хамтран “Ажил олгогч-Төгсөгч-2024” уулзалтыг зохион байгууллаа.
Эл өдөр төмөр замын мэргэжил бүрээр нийт зургаан салбар уулзалтыг нэгэн зэрэг зохион байгуулсан юм. Уулзалтад Хүний нөөцийн алба болон мэргэжлийн албад, аж ахуйн нэгжийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож, төгсөх ангийн оюутнуудтай уулзлаа. Энэхүү уулзалтаар салбар нэгжийн удирдлагууд өөрсдийн байгууллагын танилцуулгыг хийж, нээлттэй ажлын байрны мэдээллийг өгөв. Оюутнууд ажил олгогчдоос сонирхсон асуултдаа хариулт авч байлаа.
Тухайлбал, “Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо” хөтөлбөрийн төгсөх ангийн оюутнууд тухайн өдөр ТЗДС дээр ажил олгогч нартай уулзлаа. Уулзалтад ажил олгогч талаас Дохиолол холбооны албаны дарга Л.Гунгаажанцан болон Дохиолол холбооны I ангийн дарга Я.Амартайван, II ангийн дарга Ц.Цэнгэлжаргал, III ангийн дарга Б.Баттөр нар хүний нөөцийн ажилтнуудтайгаа ирсэн юм.
Харин уулзалтад ТЗДС, ПТК-ийн төгсөх ангийн 30 гаруй оюутан оролцлоо.
Дохиолол холбооны ангиудын дарга нарын танилцуулснаар Дохиолол холбооны I ангид тав, II ангид 10, III ангид 28 ажилтны орон тоо байгаа аж. Гэвч оюутнуудын дийлэнх нь Дохиолол холбооны II ангид ажилд орох хүсэлтэй гэсэн санал гаргажээ. Энэ нь оюутнууд шугам замын ангиудад дадлага хийхэд байрлах орон байрнаас эхлээд хүндрэл гардаг тул ихэвчлэн хотод дадлага хийлгэдэгтэй холбоотой гэдгийг багш нар нь тайлбарлаж байлаа.
Дохиолол холбооны албаны дарга Л.Гунгаажанцан төгсөгчдөд ажлын байр сонголтын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд урд замд техник технологийн дэвшлүүд ихээхэн хийгдсэн тул та бүхэнд мэргэжлийн чиглэлээр хөгжих боломж илүү, дээр нь богино хугацаанд карьер өснө. Дээр нь “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд бүсийн нэмэгдлээс гадна дагалдаж байгаа ажилтанд шагналт цалин олгодог зэрэг давуу талтай гэлээ. Ийнхүү төгсөгчдөд сургуулиа амжилттай төгсөж, сонголтоо зөв хийхийг хүссэн юм.
Түүнчлэн, вагоны аж ахуйн чиглэлээр төгсөх ангийн оюутнуудтай Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Наранбат болон тус албаны харьяа салбар нэгжийн удирдлага, хүний нөөцийн ажилтнууд оролцож, мэдээлэл хийж оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
Оюутнууд ажил олгогч нараас нээлттэй ажлын байр болон шугам замд амьдрах орон сууцны нөхцөл, цалин, ажлын байр бүрд тавигдах шаардлагын талаар мэдээлэл авахыг хүсэж байлаа.
Тухайлбал, Вагон ашиглалтын депогийн хувьд сүүлийн гурван жилд ТЗДС-ийн төгсөгч 36 инженер, Политехникийн коллежийн төгсөгч 229 техникч, вагон үзэгчийг ажлын байраар хангасан байна. Одоогоор Айраг, Чойр, Замын-Үүд, Сүхбаатар, Ерөө дэх ТҮГ-уудад ажлын байр байгаа талаар тус депогийн хүний нөөцийн мэргэжилтэн О.Энх-Од танилцуулав.
Мөн Улаанбаатар татах хэсэгт зүтгүүрийн аж ахуйн төгсөх ангийн оюутнуудтай ажил олгогч нар уулзсан бол Улаанбаатар өртөөнд ашиглалтын чиглэлээр төгсөгчид, ажил олгогч нарын уулзалт болов.
Уулзалтад Тээвэр зохион байгуулалтын албаны харьяа 12 аж ахуйн нэгжийн удирдлага, хүний нөөцийн ажилтнууд оролцов. Энэ үеэр Улаанбаатар, Замын-Үүд өртөөнөөс зарим оюутанд ажлын байрны урилга гардууллаа.
Уулзалтын үеэр тулгуур өртөөдийн хүний нөөцийн ажилтнууд төгсөгчдийн мэдээллийг бүртгэж, төгсөгчид ажлын байрны эрэлт, ажил горилогчид тавигдах шаардлага зэргийг танилцууллаа. Улаанбаатар өртөөнөөс оюутан Е.Балапан, Б.Сувд-Эрдэнэ нарт сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орох урилга гардуулсан байна.
Замын аж ахуйн албаны харьяа салбар нэгжийнхэн “Ган зам” ресторанд төгсөгч нартай уулзлаа. Уулзалтын үеэр ТЗДС–ийн “Төмөр замын барилга, зам, замын машин”-ны тэнхим нь хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдээ ажил олгогч нартаа танилцуулж, сэтгэл ханамжийн судалгааг авав. Сургуулийн зүгээс ажил олгогч нарын санал, шүүмжийг цаашид сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ тусгаж ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр Замын II ангиас “П4” ангийн шилдэг оюутан Б.Адъяахүү, О.Отгонбаяр, “СПМ 4” ангийн оюутан Б.Отгон-Эрдэнэ нарт ажлын урилга, дурсгалын зүйл гардуулав.
Энэ удаагийн “Ажил олгогч-Төгсөгч-2024” уулзалтыг оролцогчид ихээхэн үр өгөөжтэй ажил боллоо хэмээн дүгнэлээ.