Нүүр Дугаарын сурвалжилга Аз жаргалыг бүтээгч, түгээгч бүсгүй
Дугаарын сурвалжилга

Аз жаргалыг бүтээгч, түгээгч бүсгүй

G.Press 13 цагийн өмнө 22 үзэлт 0 сэтгэгдэл

Энэ удаагийн “Хобби” буланд уригдсан төмөр замчин бол Дохиолол холбооны II ангийн Мандал холбооны байшингийн суурин холбооны механикч Алтанцоожийн Орхонтуул байлаа.

-Өөрийгөө товч танилцуулна уу. Төмөр замд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Би Батсүмбэрт төрж өссөн, энэ нутгийн уугуул. Аав минь Мандал холбоонд галчаар, ээж минь төмөр замын дэлгүүрт худалдагчаар ажилладаг байлаа.  Хүүхэд байхад аав томилолтоор явахдаа биднийг дагуулж явдаг байсан нь хамгийн гоё дурсамж. Хүүхэд нас минь энэ хавиар л өнгөрсөн. Дунд сургуулиа дүүргээд би Соёлын дээд сургуульд элсэж, номын санч-мэдээллийн ажилтнаар 2010 онд төгсөж ирээд төрөлх сургуульдаа 13 жил мэргэжлээрээ ажилласан. Төмөр замын холбоонд ажилд ороод, дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Политехник коллежийн холбооны техникчийн ангид эчнээгээр суралцаж, өнгөрсөн жил төгссөн.

-Боловсролын салбараас яагаад төмөр замын салбар руу ороод ирэв?

-Аав, ээж минь төмөр замчин болохоор энэ салбар сэтгэлд ойр байсан. Нөхөр маань бас Мандал холбоонд хэсгийн инженерээр ажилладаг Т.Нямсүрэн гэдэг залуу бий. Энэ бүхэн намайг мэргэжлээ солиход нөлөөлсөн.

-Өөрийг тань хамт олон чинь маш хөдөлмөрч, бүтээлч бүсгүй гэж танилцуулсан. Орхонтуул маань ямар хоббитой вэ?

-Хобби гэвэл олон бий /инээв/. Чөлөөт цагаараа юм юм л хийж байна. Би хүүхэд байхаасаа зураг зурах дуртай байсан. Зураг зурах хоббин дээрээ суурилаад цаасан хайчилбар хийж сурсан. Сургуулийн номын санчаар ажиллаж байхдаа технологийн багшаараа заалгаж байлаа. Багш маань надад хайчилбар хийхийг зааж өгөөд зогсохгүй, жижиг хутганууд бэлэглэж байсан. Тэр багш маань өөд болсон л доо. Тухайн үед багшаасаа хайчилбар хийх арга техникийг сурч авсан даа баяртай байдаг. Түүнээс хойш цаг зав  гарвал зургаа зурж, хайчилбар хийдэг. Хийсэн бүтээлээ дуусгаад жаазлаад харахад урамтай сайхан, цаанаасаа л баяр баясгалан төрөөд, сэтгэл сайхан болчихдог. Анх төмөр замд ажилд ороод удаагүй байхдаа Мартын 8-наар “Ган зам” паласт болсон үзэсгэлэн дээр хайчилбаруудаа авч очиж оролцож байсан. Тэгэхэд надаас өөр хайчилбар хийдэг хүн байгаагүй. Нэг төмөр замчин эгч миний хийсэн шар шувууны хайчилбарыг худалдаж авъя гэхэд нь би баярлаад тэр эгчид бэлэглэсэн. Тэр эгч маш их баярлаж байсан. Тэр эгчтэй фэйсбүүкийн найз болоод одоо хэрнэ холбоотой байдаг.

-Цаасан хайчилбараа борлуулж нэмэлт орлого олдог уу?

-Цаасан хайчилбарыг би зарж борлуулж, мөнгө олъё гэж бодож байгаагүй. Боловсролын байгууллагад ажиллаж байхдаа хайчилбараараа өрөө тасалгаагаа чимэглэх зорилгоор сурч, улмаар энэ урлагт бүр дурласан. Миний хийсэн бүтээлийг хараад хүн бүр “Ямар гоё юм бэ” гэж урам өгдөг байсан. Тэр үг улам гоё бүтээл хийхсэн гэх сэдэл болж байлаа. Нөхөр маань миний бүтээлээр гэрээ чимэх дуртай, намайг маш сайн дэмждэг. Найз нөхдөдөө ямар нэгэн баяр, тэмдэглэлт үйл явдал, төрсөн өдрөөр нь зөвхөн өөрт нь зориулсан цор ганц хувь хайчилбар хийгээд бэлэглэдэг. Би хүнд бэлэг өгөх, тэр хүнээ бэлэг аваад чин сэтгэлээсээ баярлаж байгааг нь харах дуртай. Дуртай зүйлээ хийгээд нэмэлт орлого олохын тухайд бол өөр хобби бий.

-Тэр тухайгаа яриач...?

-Би гэрэл зураг авах дуртай. Нөхөр минь энэ хоббиг маань дэмжээд зургийн аппарат хэрэгсэл авч өгсөн. Би Батсүмбэр сумандаа дуудлагаар очиж, гэрэл зураг авч, угааж өгдөг. Авсан зургаараа хөргөгчний наалт, энгэрийн тэмдэг, түлхүүрийн оосор зэргийг хийдэг. Үүгээрээ хөөрхөн нэмэлт орлого олоод амьдрал ахуйдаа нэмэрлэдэг. Сумынхаа зарын групп дээр “Дуудлагаар очиж, гэрэл зураг авч үйлчилнэ” гээд зар тавьчихдаг. Баяр ёслол, сургуулийн төгсөлт, найр хурим, ангийн уулзалт гээд захиалгууд орж ирдэг. Сургуульд ажиллаж байсан болохоор сумынхан маань намайг мэднэ. Зургаа ч авхуулах дуртай. Хүмүүс “Орхоо чамаар л зургаа авхуулна шүү” гэдэг. Сая л гэхэд сургуулийн 100 жилийн номонд орно гээд маш олон хүн надаар зургаа авхуулсан. Сумынхаа зурагчин болчихоод л байна /инээв/.

-Чамд бас өөр хобби бий гэж сонссон доо?

-Та намайг бүр судалчихсан юм биш үү /инээгээд/ Би хөөрөгний даалин, хавтага зүү ороож оёдог. Анх нөхөртөө нэг даалин оёсон. Интернэтээс бичлэг харж байгаад зүү ороох оёдол сураад оёж байлаа. Дөнгөж сурч байсан болохоор бага зэрэг алдаатай оёсон /Ногоон торгон дээр зүү ороосон даалин гаргаж үзүүлэв/. Дараа дараагийн даалин хавтага гоё болсон. Одоогийн байдлаар гурван даалин, хоёр хавтага оёсон. Юм гэж учиртай юм билээ. Эгчдээ хавтага оёж өгмөөр санагдаад оёод өгтөл эгчид минь ээжийн ааваас өвлөгдөж ирсэн хөөрөг байсан юм билээ. Эгч хөөргөө “дээлтэй” болгоно гээд бодоод л яваад байж. Гэтэл би тэрийг нь мэдэхгүй мөртлөө хавтага оёж өгсөн байсан. Эгч минь их баярлаж, намайг магтаж байсан.

Өөр хобби гэвэл хүний нүүр будах, хумс будах, үс сүлжиж янзлах дуртай. Дотроос нь янз бүрийн зүйлс гарч ирдэг бэлгийн хайрцаг байдаг даа. Тийм бэлгийн хайрцаг хүмүүст хийж өгч байсан. Хүнд сэтгэлээ шингээж урласан бүтээлээ бэлэглэх дуртай.

Бас ажлын байрныхаа жижиг засваруудыг би өөрөө хийчихдэг. Ойр зуурын будаг шохойг хийж чадахгүй юм биш гээд л хийчихдэг. Ажлынхан маань тусалж дэмжинэ. Зарим нь гэрээсээ хоол цай хийгээд бариад ирнэ. Манайхан их эвсэг сайхан хамт олон шүү. Засвар хийхийг хобби гэж болох юм уу даа /инээв/ Ер нь, гарын эв дүй шаардсан ямар ч ажилд дуртай. Боловсролын байгууллагад ажиллаж байхдаа их зүйл сурсан даа.

-Чи үнэхээр хөдөлмөрч, бүтээлч хүн юм. Энэ чанар чамд эцэг эхээс өвлөгдсөн байх даа?

-Миний аав, ээж хоёр үнэхээр ажилсаг, хөдөлмөрч хүмүүс л дээ. Ээж минь талх, нарийн боов хийнэ, ногоо тарина. Ээж минь өөрөө хоёр жилийн өмнөөс веган хоолтон болсон. Үнэхээр хөдөлмөрч хүн байдаг. Хүүхдүүд маань бас гоё зурдаг. Бага охин маань өнгөрсөн жилийн Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтаж зарласан гар зургийн уралдаанд оролцоод нэгдүгээр байрт шалгараад унадаг дугуйгаар шагнуулсан. Том охин маань бүжиглэдэг. Гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцдог авъяаслаг охин бий.

-Ажлын хажуугаар энэ олон ажлыг амжуулахын тулд цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?

-Зав чөлөөтэй цаг бүрийг ашигладаг. Хүн дуртай зүйлдээ яаж ийж байгаад цаг гаргадаг. Дуртай зүйлээ хийж байхдаа цаг хэрхэн өнгөрөхийг ч анзаардаггүй. Гэрэл зургийг бол амралтын өдрүүддээ зар тавьж байгаад үйлчлүүлэгчдийнхээ байгаа газар нь очоод авч өгдөг. Сургуульд ажиллаж байсан болохоор таних хүн олон. Дээр нь одоогийн миний ажил АТС, интернэт хариуцдаг болохоор хэрэглэгчидтэй байнга холбоотой ажилладаг болохоор гэрэл зураг авхуулах захиалга орж ирээд л байдаг. Хүмүүстэй сайхан харилцдаг болохоор надтай тэд зан ааш нийцдэг гээд захиалгаа өгдөг.

-Чамайг хоолны групптэй гэж сонссон.

-.../инээгээд/ Би хоол хийх дуртай. “Батсүмбэрийн хоолонд дурлагсдын групп” гэж нээгээд хийсэн хоолныхоо зургийг оруулдаг. Манай групп нэлээд идэвхтэй, олон гишүүнтэй. Манай группийнхэн оройдоо хийсэн хоолныхоо зурагнуудыг оруулаад эхэлнэ шүү дээ.

Түүний “Тэртээ тэргүй чаддаг юм чинь өөрөө хийчихье” гэж боддог гэсэн нь үнэхээр бахархмаар санагдлаа. Ийм нэгэн аливаад эерэг хандлагатай, бүтээлч бүсгүйтэй уулзлаа.

 

 

Б.Гүнжинлхам

 

    

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.