Нүүр Ахмад үе Ахмадын холбооны гүйцэтгэх захирлаар Ч.Цогтбаяр сонгогдлоо
Ахмад үе

Ахмадын холбооны гүйцэтгэх захирлаар Ч.Цогтбаяр сонгогдлоо

G.Press 1 жилийн өмнө 119 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ ХНН-ийн Ахмадын холбоо ТББ-ын Удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал сонгох ээлжит XII бага хурал энэ сарын 4-нд боллоо. Хуралд бага хурлын 125 гишүүн санал өгөх мандатын эрхтэй оролцож, гүйцэтгэх захирлын албан тушаалд МУСГЗ Л.Сэнгээ, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр, эрчим хүчний ахмад инженер С.Энхтайван, замын инженер Уранчимэг нар өрсөлдсөн юм. Хурлыг Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун нээн үг хэлж, ажилласан жилийнхээ тайланг тавилаа. Мөн хяналтын хороо илтгэлээ тавьж, нийт гишүүд хоёр илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүлэн өмнөх гүйцэтгэх захирлын баг хангалттай сайн ажилласан гэж дүгнэлээ. Энэ үеэр ахмадууд цаашид ахмадын талаар авч хэрэгжүүлэх ажил, баримтлах бодлого, тулгамдсан асуудлын талаар нэлээд хэлэлцсэн юм. Тухайлбал, ахмадын орон сууцны хүртээмж, ялангуяа шугам замынханд хүндрэлтэй байгааг онцолсон юм. Олон жил яригдаж буй энэ асуудлыг дорвитойхон шийдвэрлэх шаардлагатайг тэд хэлж байлаа. Мөн амралт сувиллын хөнгөлөлт, амрах хоног зэргийг нэмэх, “Булагтай” сувиллыг буцааж Ахмадын холбооны харьяанд шилжүүлэн ажиллуулах, Төв эмнэлгийн ажил, үйлчилгээ муудаж буйд Замын захиргаа анхаарах, Хөдөлгөөнт оношилгооны төв ахмадуудыг алагчлахгүй үздэг байх, ахмадуудын өрхийн үйлдвэрийг дэмжих зэргийг хэлж байв. Түүнчлэн, Ахмад настны тухай хуульд цалингийн сангийн гурав хүртэлх хувийг ахмадын санд төвлөрүүлнэ… гэсэн заалттай ч Замын захиргаа 0.8 хувь олгож буйг дор хаяж 1-1.5 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлагатайг тэд онцолсон юм. Учир нь, төмөр замын ахмадууд жилээс жилд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед одоогийн олгож буй мөнгө нь хүрэлцэхгүй байгааг хэлж байлаа.

Ийнхүү олон асуудлыг хэлэлцсэний эцэст Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний санал хурааж Ч.Ядамсүрэн, А.Чойдорж, н.Бумцэрэн нарын 13 хүнийг сонгосон бол тэд дотроо хуралдан даргаар нь Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд улиран сонгогдож, орлогчоор Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун олонхын санал авлаа. Улмаар гүйцэтгэх захиралд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал хурааж 48 хүний буюу олонхын саналаар Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлаар сонгогдлоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.