УБТЗ-ын захиргааны дэмжлэг Залуучуудын зөвлөлийн санаачилгаар Ахмадын холбоо, УБТЗ-ын ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбоо хамтран зохион байгуулдаг гурван үеийн уулзалт, зөвлөгөөн энэ сарын эхээр Замын урд хэсгийн томоохон зангилаадад болсон билээ. Тэгвэл энэ сарын 16-наас Сүхбаатар зангилаанаас эхэлж, 17-нд Дархан, 18-нд Салхит, 19-нд Эрдэнэтэд үргэлжиллээ. Уулзалтад Ахмадын холбооны дарга, МУГТээвэрчин Ю.Идэрчулуун, Хүүхдийн секторын дарга асан, Монгол Улсын Гавьяат багш Л.Цолмон, ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ахмадын холбооны дарга Т.Дашням, Залуучуудын зөвлөлийн тэргүүн, Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Ц.Золбаатар, дэд тэргүүн, Зүтгүүрийн аж ахуйн албаны орлогч дарга Д.Хорлоо, Вагон ашиглалтын депогийн орлогч дарга Б.Азжаргал, Замын VI ангийн ерөнхий инженер А.Туулсайхан нар оролцлоо. Мөн тухайн зангилаадын дарга нар уулзалтыг нээн үг хэлж байлаа. Тухайлбал, Сүхбаатар өртөөний дарга бөгөөд зангилааны орлогч Х. Хоролсүрэн “Миний хувьд анх жирийн ажилтан байхдаа гурван үеийн чуулга уулзалтын учир холбогдлыг нь сайн мэддэггүй байлаа. Тэгээд өртөөний орлогч дарга болсоор манай зангилаанд хэд хэдэн удаа ирэхэд оролцсоноор маш үр дүнтэй үйл ажиллагаа болдог гэдгийг нь сайн мэддэг болсон. Залуучууд бидэнд ажлын ахиц дэвшил, амжилт гаргахад ахмадын сургаал үнэтэй. Тиймээс энэхүү гурван үеийн уулзалтыг тогтмол зохион байгуулдаг Залуучуудын зөвлөл, үргэлж дэмждэг Замын захиргаа, хамтран зохион байгуулдаг ахмадын байгууллагууддаа баярлалаа” гэсэн юм. Түүнчлэн, уулзалтад оролцсон залуус ахмадуудын туршлагаас хуваалцан сонирхсон олон асуултдаа хариулт авав. Сүхбаатар зангилааны Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн Д.Нямжаргал Толгойт өртөө рүү шилжсэн ч дэд тэргүүн Б.Солонго, Гадаад үйл ажиллагаа хариуцсан дэд тэргүүн Д.Бат-Эрдэнэ, дотоод үйл ажиллагаа хариуцсан дэд тэргүүн Ч.Батдэлгэр тэргүүтэй залуус үйл ажиллагаагаа эрчимтэй авч яваад ахмадууд сайшааж байлаа. Мөн зангилааны Ахмадын хорооны дарга Г.Эрдэнэчимэг тэргүүтэй олон ахмад цугларан дурсамж, зөвлөгөөгөө хуваалцсан юм. Энэ үеэр Замын энэ оны дэвшүүлсэн зорилтыг Техникийн бодлого, стандартчиллын албаны инженер Ө.Сайнзаяа танилцуулж, Залуучуудын зөвлөлийн ажлын албаны гишүүн, Гаалийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Энхсанаа төмөр замчин залуусын дунд санал хүсэлтийн хуудас тараан бөглүүлж авлаа. Уг санал хүсэлтийн хуудаст тусгасан залуусын хүсэлтийг нэгтгэн Замын захиргаанд уламжилна гэдгээ Залуучуудын зөвлөлийн удирдлагууд залууст дуулгаж явсан юм.
Түүнчлэн, Б.Ганзориг даргатай Дархан зангилаа болон түүний харьяа Салхит өртөөнд болсон уулзалт, зөвлөгөөний үеэр Салхит өртөөний төмөр замчин залуусын зүгээс өртөөгөө зангилаа болгож тусад нь дахин бие даалгах, Залуучуудын салбар зөвлөл байгуулах, академийн сургалтад залуучуудаа сургах, хоёр өөр газар ажиллаж буй гэр бүлийн залуучуудыг нэг дор нь ажиллуулахад анхаарах зэрэг олон санал санаачилгыг дэвшүүлж байв. Мөн “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийг Залуучуудын төв байгууллагын санаачилгаар Замын захиргаанаас хэрэгжүүлсэнчлэн хангайн бүсийн төмөр замчдыг дэмжих төсөл хөтөлбөрийг бас боловсруулан хэрэгжүүлэхийг хүсэв. Өнгөрсөн оны сүүлчээр “Дархан-2022” форумын үеэр тус өртөөний төмөр замчдын спорт, эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд сургуулийн спорт заалыг ашиглуулах, орон сууцны дээврийг орон нутгийн төсвөөс 70, оршин суугчдаас 30 хувийг нь гарган засварлах зэрэг олон ажил эхнээсээ биеллээ олж байгаа аж. Түүнчлэн, энэ оноос эхлэн Салхит өртөөнд 40 айлын технологийн орон сууцыг барихаар болж буйд залуус талархал илэрхийлж байлаа. Ийнхүү очсон зангилаа бүрд залуусын хүсэлт, талархал хосолсон уулзалт Т.Доржжанцан даргатай Эрдэнэт зангилаанд ч амжилттай өрнөж, Ахмадын хорооны дарга Б.Базардарь тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төмөр замчид оролцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Гавьяат багш Л.Цолмон “Залуус маань аливаа ажилд санаачилгатай байж, аль нь зөв зам юм, зөв сонголт юм гэдгийг таньж мэддэг байх нь чухал. Бидний үеийг бодоход өнөө цагт техник технологи хөгжөөд сайхан болсон. Хөгжин дээшлэх боломж алхам бүрд таарч байна. Тиймээс залуус та бүхэн өөрийгөө сайн дайчлан суралцах хэрэгтэй. Дээр нь, эрүүл мэнддээ нэн тэргүүнд анхаар. Эрүүл биед саруул ухаан оршдог юм. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийж бай...” гэхчлэн зөвлөсөн бол ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ахмадын холбооны дарга Т.Дашням дээр үеийн залуус нийгэм соёлын бүхий үйл ажиллагааг манлайлж оролцоод зогсохгүй хүнлэг сэтгэлтэй байж, хүмүүнлэг үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг байсан талаар ярилаа. Өөрөөр хэлбэл, залуус хэн нэгэндээ болон ахмадууддаа туслах хүмүүнлэгийн олон ажлыг зохион байгуулах нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлж, үүгээрээ дамжин ажлын бүтээмж сайжирдаг гэдгийг хэллээ.
Өнгөрсөн жилээс Залуучуудын зөвлөл Нийгмийн ардчилал залуучуудын академитай хамтран 13 сургагч багш бэлтгэсэн билээ. Тэдгээр сургагч багш нар уулзалт бүрийн дараа ээлжээр зангилаадын шинэ, залуу ажилтнуудад “Амжилтад хүрэх гал эрмэлзэл”, “Эерэг сэтгэлгээ”, “Нэг минутын менежер”, “Байгууллагын соёл - Манлайлал”, “Үр дүнтэй багийн ажиллагаа”, “Үнэт зүйлс” зэрэг сургалт зохион байгуулж байлаа.