Нүүр Ахмад үе Ахмадын өргөө “Ёслол хүндэтгэлийн танхим”-тай боллоо
Ахмад үе

Ахмадын өргөө “Ёслол хүндэтгэлийн танхим”-тай боллоо

G.Press 9 сарын өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

                       

 

            УБТЗ ХНН-ийн Ахмадын холбоо ТББ ахмадуудынхаа алдрыг мөнхлөх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, спортоор эрүүл мэндийг нь дэмжих чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээндээ тус холбоо урлаг, спортын танхимдаа их засвар хийж, өнгө үзэмжийг нь сэргээж, мөн хурлын өрөөг “Ёслол хүндэтгэлийн танхим” болгон тохижуулснаа өчигдөр буюу энэ сарын 28-нд албан ёсоор нээлээ. Нээлтэд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, Монгол Улсын гавьяат тээвэрчин, Ахмадын холбоо ТББ-ын УЗ-ийн орлогч дарга Ю.Идэрчулуун тэргүүтэй хороо, зөвлөлийн дарга нар, ахмадууд, Баянгол дүүргийн Ахмадын хороодын дарга нар оролцлоо. Үйл ажиллагааг нээж, Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр нийт зочдод талархал илэрхийлээд “Манай ахмадууд урлаг, спортын танхимаа засварлах, мөн “Ёслол хүндэтгэлийн танхим”-тай болох зорилт тавин өмнөх жилүүдэд хамтран ажилласан. Үүнийхээ үр дүнд өнөөдөр нээлтээ хийж буйдаа баяртай байна. Энэхүү ажилд гар бие оролцсон нийт ахмадууддаа талархал илэрхийлье. Манай төмөр замын ахмадууд улам нэмэгдэж байна. Анх намайг ажил авахад 8370 орчим байсан бол өнгөрсөн долдугаар сарын 1-ний байдлаар 8707 болсон. Түүнээс хойш ч нэмэгдсээр байгаа. Эдгээрийн 5000 гаруй нь эмэгтэйчүүд, үлдсэн нь эрчүүд. Байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хэсэглэлд 5000 орчим ахмад амьдарч байна. Ахмадуудад энэхүү өргөөний үүд хаалга үргэлж нээлттэй. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

            “Ёслол хүндэтгэлийн танхим”-даа Эзэн Богд Чингис хааныхаа эш хөрөг болон морин хуурыг залж, Ахмадын тухай хуулийг байршуулж, УБТЗ ХНН Хөдөлмөрийн баатар байгууллага болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, цэцэн билигт яруу найрагч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлэг зэрэг ёслол хүндэтгэлийн утга, бэлгэдэл бүхий олон зүйлийг байршуулжээ. Хүндэтгэлийн самбаруудыг Ахмадын холбоо ТББ-ын орлогч дарга М.Ганбат өөрийн гараар урласан байна. Тэрбээр, “Манай Ахмадын холбоо 1979 онд Хувьсгалт тэмцлийн зүтгэлтнүүдийн хороо нэртэйгээр байгуулагдсан цагаас өнөөг хүртэл улам хөгжин дэвшсээр байна” хэмээгээд танхимынхаа тохижилт, утга бэлгэдлийг ахмадуудад танилцуулсан юм.

            Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш “Ахмадын хорооныхон маань ийм сайхан гүн агуулгатай танхимыг байгуулсанд талархаж байна. Анх Гэсэржав гуай Хөдөлмөр алдрын танхим байгуулан, түүндээ залуу төмөр замчдыг ажилд ороход нь заавал оруулан танилцуулдаг уламжлалыг бий болгосон. Ахмадгүйгээр өнөөдрийн залуучууд, залуучуудгүйгээр бид явна гэж юу байх вэ. Тэгэхээр хоорондын гагнаасыг улам бэхжүүлж явах учиртай. Төмөр зам бол Ахмадын өргөө, музей, архив, “Ган зам” сонин, вокзал, Соёлын ордон, “Ган зам” дууныхаа хөшөө зэрэг олон зүйлээр бахархаж, хайрлаж, хүндэтгэж явах учиртай юм. Энэ хүндэтгэлийн танхимд морин хуураа залсан нь сайхан байна. Төмөр замын Техникумд анх морин хуур залахад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хүрэлцэн ирж, ёслол хүндэтгэлтэйгээр нээж байлаа. Ахмадууд бид сайхан бүхнийг дэлгэрүүлж залуустаа өвлүүлэн үлдээх ёстой” гэлээ. Мөн Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Ахмадын холбоо ТББ-ын УЗ-ийн орлогч дарга Ю.Идэрчулуун “Аливаа зүйл дэвшиж, хөгжиж байх учиртай. Хэзээ ч ухарч болохгүй. Ч.Цогтбаяр дарга тодорхой хугацаанд үйлдвэрийн дарга хийж байсны хувьд аж ахуйг хэрхэн авч явах арга туршлага сайтай хүн. Ахмадын соёл, спортын танхим маань нүүрээ угаасан хүүхэд шиг, саяхан угаасан шаазан шиг өнгө оржээ. Дараа дараагийн дарга нар үргэлж дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж байх нь зүйтэй юм” гэсэн бол Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар цаашид орон нутгийн засаг захиргааны зүгээс дэмжиж, хамран ажиллахаа илэрхийллээ. Ийнхүү уригдан ирсэн зочид төлөөлөгчид үг хэлэн талархал илэрхийлж, Ахмадын холбооны “Ган эгшиглэн” чуулгын ахмад уран бүтээлчид ая дуугаа өргөж, төгсгөлд нь V хэсгийн ахмадуудын “Дуун цэнгүүн” тэмцээн боллоо.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.