Ахмадын хорооны даргын албыг олон арван жилийн турш нэр төртэйгөөр хашиж, ахмадуудынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэж яваа нэгэн бол Замын-Үүд зангилааны Ахмадын хорооны дарга М.Баттогоо юм. Өдөр бүрийн эгэл ажлын цаана ахмад үеэ хүндэтгэх сэтгэл, хариуцлага, тэвчээр шингэж, нэгэн хүний ажил амьдралын зам мөр бүхэл бүтэн үеийнхний итгэл найдвар, түшиг тулгуур болжээ. Тэрбээр Дорноговь аймагт төрж өсөөд Замын-Үүд сумандаа 50 жил ажиллаж, амьдарсаар сууна. УБТЗ-ын Замын-Үүд зангилааны Ахмадын хорооны даргаар 28 дахь жилдээ ажиллаж байна. Түүний нөхөр Д.Пүрэвсүрэн нь Замын-Үүдийн өртөөний орлогч даргаар ажиллаж байжээ. 1998 онд нөхөр нь “Ахмадын хорооны ажлыг хийх юм бол хий, хийхгүй гэвэл шулуухан хэл” гэж шавдуулж байж. Учир нь өдөр бүр “Танай эхнэр ажиллах нь уу” гэж асуух хүн олон. Ахмадын хорооны даргын ажлыг хийхгүй гэж жил гаруй хугацаанд дотроо туйлсан үе ч түүнд бий. Өнөөдөр тэрбээр, “Би олон жил ахмадын хорооны ажлыг хийсэндээ харамсдаггүй. Харин ч ахмадуудаараа бахархаж явдаг. Миний цохилох зүрх ахмадуудын төлөө байдаг” хэмээн хуучлав.
Тэднийх долоон хүүхэдтэй. Хүүхдүүд нь “Ээж ээ, эмээ нар чинь ач зээ нараа харж, цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, хоол ундыг нь хийдэг юм байна” гэхэд нь
би “Үгүй ээ, би тэгж чадахгүй. Миний зам өөр” гээд шулуухан хэлчихнэ.
Ахмадын хорооны байр цомхон ч бүхий зүйлсийг эмх цэгцтэйгээр багтаажээ. Он оноор нь зургаа цэгцэлж, цомог болгон хадгалжээ. Хар цагаан гэрэл зургууд түүхийн хуудсанд мөнхрөн үлджээ. Урлаг, спорт, аялал зугаалга, мод тарих, хүлэмжинд ногоо тарих, замчдаа аарцаар дайлж урамшуулах гээд ахмадын амьдралын бүхий л агшныг түүхэн цомог болгон хадгална. Ядарсан ахмадынхаа байшинг хандиваар барьж босгосон. Хашаандаа сайхан амьдрах, бусдад туршлага болохуйц ахмадууд олон. Урлагийн болон спортын арга хэмжээний хувцас, хэрэгслийг хадгалах ханын шкаф хийсэн. Хийн дасгалын улсын уралдаанд I байр эзэлж, шилжин явах цомоо хадгалж үлдсэн. Явган аяллын холбооны хүндэт өргөмжлөл хүртсэн. Ахмадын байранд мэргэжлийн эмч ажиллуулж, ахмадуудаа чийрэгжүүлэх, серажим ор, гүйлтийн зам, массажийн тоног төхөөрөмжөөр үйлчлэх гээд өдөр тутмын ажил ундарна. Энэ бүхнийг хандиваар бүтээн босгосон гэв. Эдгээр нь зүгээр ч нэг ажил биш, ахмадуудынхаа төлөө зориулагдсан халуун сэтгэлийн илч гэлтэй.
Замын-Үүд зангилааны Ахмадын хороо өнөөдөр 275 ахмад настантай. Ахмадуудынхаа эрүүл мэнд, идэвхтэй амьдралд онцгой анхаарч, явган аяллыг тогтмол зохион байгуулсаар ирсэн тэд бусдаас онцгойрдог.
Ахмадууд баг бүрдүүлэн, зорилготойгоор алхдаг. Анхны томоохон алхалтаа 2022 онд хийж, Замын-Үүдээс Сайншанд хүртэл төмөр замынхаа торыг даган нийт 234 км замыг туулжээ. говийн салхи шуурга ширүүн, “урагшаа нэг алхахад хойшоо хоёр гишгэх” мэт хүнд нөхцөлтэй байсан ч Замын-Үүдээс Нартын хошуу хүртэл долоон цаг тасралтгүй алхаж, шантралгүй эхний гараагаа амжилттай хийсэн байна.
2023 онд өнжөөд, 2024 онд Сайншандаас Улаанбаатар хүртэл 474 км алхаж хүрчээ. Бороо, салхи, шуурга зэрэг байгалийн саад бэрхшээлийг үл ажран давж, зорилгынхоо төлөө нэгдэж чадсан нь ахмадуудын эв нэгдэл, тэсвэр хатуужлыг харуулсан үйл явдал байлаа.
2025 онд тэд Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн хойд хил Тавтын пост хүртэл нийт 1115 км замыг алхжээ. Төмөр замчин ахмадууд төмөр замынхаа торыг дагаж алхахыг зорьж, “Дурсамж бүтээе, нас бол тоо гэдгийг харуулъя” гэсэн уриатай явсан байна.
Явган аялалд 13 хүн оролцсоноос хамгийн ахмад нь 70, залуу нь 58 настай байв. Өдөрт 15-27 км алхахаар төлөвлөж заавал биелүүлдэг сахилга баттай. Уул, гол, өндөр даваа, бартаатай зам гээд хойд чиглэлийн хүндрэлүүдийг давж, маршрутаа урьдчилан судлан төмөр замын торны баруун талыг барьж алхжээ. Замдаа өртөө, зөрлөг бүрээр дайран өнгөрөхөд төмөр замчид ахмадуудыг маш хүндэтгэлтэй угтаж, зарим нь дугуйтай тосон авч, зарим нь хамт алхаж, заримдаа сэлгээний тэргээр сигналаа дуугарган тосч авсан нь ахмадуудын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн дурсамж байв.
Галт тэрэгний машинч нар дохио хангинуулан мэндчилж, цонхоороо зураг даран УБТЗ-ын цахим хуудсанд хуваалцаж байгаасай гэж ахмадууд дотроо бодон алхдаг байжээ. Очсон газар бүрт залуучуудтай хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, ярилцаж, дуулж бүжиглэн үе хоорондын сайхан харилцаа үүсгэсэн нь алхалтын бас нэг үнэ цэн байв.
Ахмадууд жил бүр зургадугаар сарын 3-нд алхалтаа эхлүүлдэг уламжлалтай. Энэ жил Эрдэнэт өртөө рүү алхахаар төлөвлөж байна. Цаашлаад Баянтүмэн, улмаар Манжуур хүртэл алхах зорилготой. Багийн бүрэлдэхүүнийг сэлгэж, залуучуудыг татан оролцуулж байгаа ажээ. “Манайхан уул хаданд ямаа шиг болчихсон” хэмээн инээмсэглэн ярих нь тэдний чийрэг байдлыг илтгэнэ.
Явган аяллын холбоонд 2013 онд элсэж, шилдэг алхалтын гишүүн, Хүндэт өргөмжлөл, спортын мастер цол хүртсэн. Олон улсын фестивальд оролцож, 12 орны ахмадтай хамт алхаж, батламж гардсан нь “Сэтгэлийн говь” багийн түүхийг улам баяжуулжээ.
Эдгээр алхалтаар УБТЗ, Замын-Үүд зангилааны Ахмадын хороо, Дорноговь аймгийнхаа нэр хүндийг өргөж, ахмад настнууд идэвхтэй, эрч хүчтэй байж чаддагийг бодитоор харуулсан юм.
П.Түмэндэмбэрэл
