Энэ сарын 2-ны Пүрэв гараг Н.Отгонсүрэн даргатай “Ган зам” пресс төвийн хувьд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд баяр талархал, бахархал, хайр хүндэтгэлээр бялхсан өдөр болж өнгөрлөө. Учир нь, эл өдрийн үдээс өмнө энэ байгууллагад халуун залуу нас, эрч хүч, эрдэм чадлаа зориулсан ахмад буурлуудаа хүндэтгэн хүлээн авч, Олон улсын ахмадын баярыг тэмдэглэв. Төрөлх үйлдвэртээ орж ирэхдээ хүүхэд шиг баярлах ахмад буурлууд үйлдвэрийнхээ ижил дасал болсон өрөө тасалгаа, хэвлэлийн будаг ханхалсан цех тасгаараа орж, эртний дурсамжаа хуучилж, өнгөрсөн он жилүүдийн түүхийг өнөө цагийг авч яваа залуустаа хуучлан тухаллаа. Мөн мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явсан хамт олонтойгоо учран золгож, баяр бахдал дүүрэн цалгин байхыг харах тун таатай байсныг хэлэх юун. Сүүлийн жилүүдэд төмөр замын салбар нэгжүүд ахмадуудаа ийнхүү байгууллага дээрээ урих нь ховордсон байсныг Замын захиргаа олж харж, энэ жил ахмад төмөр замчдыг төрөлх байгууллагууд нь Ахмадын баяраар хүлээн авах чиглэл өгсөн нь ёстой нүдээ олсон шийдвэр байсныг бүгд онцолж байлаа.
Манай байгууллагын ахмадуудын 80 хувь нь энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирж, гэрэл зургийн цомог дэлгэн халуун залуу насаа дурсацгааж, өнөөдрийг авч яваа залуустаа үг сургаалиа хэлцгээв.
УБТЗ-ын “Ган зам” пресс төв нь Монгол Улсад хамгийн анхны европ технологийн хэвлэх үйлдвэрийн гал голомт гэдгээрээ түүхэн байгууллага юм. Тодруулбал, 1911-1912 оны заагаар тухайн үеийн Оросын консулын дэргэд байгуулагдсан түүхтэй. Түүнчлэн, энэхүү үйлдвэрт Монголын хамгийн анхны тогтмол хэвлэл “Шинэ толь” сонины анхны дугаарыг хэвлэн гаргасан нь Монголын сэтгүүл зүйн салбарын түүхийн эхлэлийн цэг эндээс хөвөрдөг. Тийм баялаг түүхтэй жижигхэн хоёр давхар байшинд зуун дамнасан түүхийн тухай сонирхолтой яриа ч хөвөрч байгаа нь гайхалтай. Манай ахмадууд өнөө цагийн бид төсөөлөх аргагүй өндөр хэвлэлийн технологийн талаар сонин сайхныг хуучилж, өндөр хэвлэлээс офсет хэвлэл рүү шилжсэн түүхийг үйл явдлыг гэрчлэх хүмүүсийн хууч өнөөгийн залууст тун сонирхолтой байлаа.
Мөн төмөр замчдын оюуны талх “Найрамдлын зам” сонины анхны редакцийн гишүүн ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав гуай эл өдрийн хүндтэй зочдын нэг байлаа. Өдгөө 88 настай зэрэгцэж буй ч хөнгөн шингэн, ухаан саруул буурал сэтгүүлч маань сонины анхны дугаар мэндэлсэн түүхийг “өнгөтөөр” хуучилж суугаа нь гайхалтай. Мөн “Ган зам пресс” төвөөс төрсөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ, Хэвлэх үйлдвэрийн мастер, технологич инженерээр 34 ажил ажиллаад гавьяаны амралтаа авсан Ц.Оюун зэрэг хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байв. Энэ өдөр ахмадууд маань тэнгэрийн орноо заларсан ч үйлс бүтээл нь мөнхрөн үлдсэн олон сайхан нөхдөө эргэн дурсаж байсныг хэлэх нь зүйтэй. Тэд Хэвлэх үйлдвэрийн дарга, сонины эрхлэгчээр олон жил ажилласан нэрт сэтгүүлч Ж.Нямдаш агсныг гэгээн сайхнаар дурсацгааж байв.
Эл өдөр хүрэлцэн ирсэн зарим ахмадын сэтгэгдлээс товч хүргэе.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ: Хэвлэх үйлдвэр, сониныг УБТЗ-ын нэрийн хуудас гэж хэлж болно. УБТЗ маань “Ган зам” сонины хуудсаар дамжуулж, бүхий л үйл ажиллагаагаа нийтэд хүргэдэг. Тэгвэл хэвлэх үйлдвэр төмөр замд шаардлагатай бүх ном хэвлэл, маягт зэргийг хэвлэдэг. Иймд энэ байгууллагын ач холбогдол маш өндөр байдаг.
Би 2004-2016 он хүртэл Хэвлэх үйлдвэрийн дарга, “Ган зам” сонины эрхлэгчээр ажилласан. Энэ хугацаанд төмөр замын хэвлэх үйлдвэр маань том форматын өнгөт хэвлэлийн машинтай болж бүх зүйлийг өнгөтөөр хэвлэх боломжтой болсон. Сонин маань өнгөтөөр хэвлэгдэж, зарим үед 8000 хүртэл хувь хэвлэгдэж байлаа. Сонины дэргэдээ “Завсарлага” нэртэй дагуул сонин гаргаж байлаа. Дээр нь “Галт тэрэгний цонхоор” гэдэг сэтгүүл гаргадаг байсан. Өнөөдөр ахмадуудтайгаа уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Ахмадуудаа урт насалж удаан жаргахыг, залуустаа ажилдаа амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.
УБТЗ-ын Хэвлэх үйлдвэрийн мастер асан Ц.Оюун: Өнөөдрийн үйл ажиллагаа маш сайхан болж байна. Сэтгэгдэл их өндөр байна. Бид уулзаагүй их олон жил болсон. Өнөөдөр уулзаж байгаадаа их баяртай байна. Би анх 1978 онд ЗХУ-д хэвлэлийн сургууль төгсөж ирээд энэ үйлдвэрт ажилд орж байлаа.
Тухайн үед төмөр зам шинээр ирсэн бүх ажилтныг хамгийн бага тушаалын ажлаас гарааг нь эхлүүлж сургадаг байсан. Миний хувьд хэвлэх, өрөх, дэвтэрлэх гэсэн гурван цехдээ ажиллаад мастер болж байлаа. Мастераасаа технилогич инженерээр дэвшин ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэрт гарсан. Нийт 34 жил энэ үйлдвэрт ажилласан. Намайг анх мастер болж байхад манай үйлдвэр хэвлэлийн даралт хуудас, номны даралт хуудас, бусад хэвлэлийн бүтээгдэхүүн (баярын бичиг, диплом зэрэг) үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажилладаг байсан. Сүүлдээ бүтээгдэхүүний үнийн дүнгээр төлөвлөгөө биелүүлдэг болсон. Сардаа 60-65 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан. Өдгөө байгуулага маань маш сайхан болжээ. Өнөөдөр эрч хүчтэй залуучууд энэ үйлдвэрийг авч явааг харлаа. Сэтгэгдэл маш өндөр байна.
Хянагч асан Б.Намсрай: 1976 онд Хэвлэлийн комбинатаас шилжиж ирээд Хэвлэх цехийн мастераар ажиллаж байгаад “Найрамдлын зам” сонины хянагчаар ажиллах болсон. Үйлдвэртээ 15 жил ажилласан. Манай энэ үйлдвэр эртний их сайхан уламжлалтай үйлдвэр.
Үнэхээр нийтэч хамт олон байсан. Тэр үеийн ахмадууд маш сайхан хүмүүс байлаа. С.Аюуш гэж Оросын элчин сайдын яамны дэргэдэх хэвлэх үйлдвэр байхаас нь ажилласан манай үйлдвэрийн анхны монгол ажилчин хүн байсан. Дурсвал олон сайхан хүн бий. Хойч үеийн залууст хоорондоо эвтэй, бие биенээ хайрлаж яваарай гэж захья.
Үйлдвэрийн ахмадын зөвлөлийн дарга Ц.Цэвэлмаа: Би 1991 оноос Ахмадын зөвлөлийн ажлыг хүлээж аваад ажиллаж байна. Манай ахмадын зөвлөл 29 гишүүнтэй. Өнөөдөр манайхан бараг халуун ам бүлээрээ цуглалаа. Таван хүн гадаадад байгаа. Бусад нь бүгд ирлээ. Сэтгэгдэл өндөр байна.Манай ахмадуудын хамгийн өндөр настай ахмад нь 86 настай.
“Найрамдлын зам” сонины анхны редакцийн гишүүн, гэрэл зургийн сурвалжлагч Л.Санжмятав: Манай редакцийн анхны гишүүд гэвэл эрхлэгч Дашням, сонины нарийн бичгийн дарга Д.Наваансүрэн, редактор Батхүү, сонины редактор Цэдэн, сурвалжлагч Бямбаа, Буянхишиг, гэрэл зургийн сурвалжлагч миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй, долуулаа байлаа. Их баяртай байна сэтгэгдэл их өндөр байна. Сайхан сэтгэгдэл төрж байна.
Б.Цэрэндаш: Би 1960-1990 он хүртэл ажилласан. “Найрамдлын зам” сониныг боодог, гар өрөгч байлаа. Намайг анх энэ үйлдвэрт ажилд ороход орос ажилтнууд дийлэнх нь байсан. Би Мусья гэдэг хүний шавь болсон. Тэр хүн сонины эх боодог. Тэр хүнийг дагаж сонин боодог гар өрөгч хийдэг байлаа.
Сэтгэгдэл маш өндөр байна. 1990 онд тэтгэвэрт гарахдаа намын хорооны хэвлэх үйлдвэрийг авч хувиараа ажиллуулж эхэлсэн. Тийм болохоор зав багатай энэ үйлдвэрээрээ бараг ирээгүй юм байна. Миний ажиллаж байсан үеэс хойш их юм шинэчлэгдэж, үйлдвэр маань их сайхан болжээ.
Г.Нармандах: Би энэ үйлдвэртээ 19 настай орж ирж байлаа. Үйлдвэрт хэвлэлийн хянагчаар 26 жил ажиллаад, үндэсний урлагийн их театрт 16 жил жижүүр, нийтдээ улсад 42 жил ажилласан хүн. Манай үйлдвэрт нөхөр, хүү хоёр минь линтип гэдэг машин дээр ажилладаг байлаа.
Л.Должинсүрэн: Ачтай сайхан газар шүү. 1961-1991 он хүртэл ажилласан. Манай үйлдвэр УБТЗ-ын бүхий л хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэдэг байлаа. Маягт, хүснэгт, ном зэргийг хэвлэдэг байв. Энэ үйлдвэрт миний хүү Ж.Алтанбаатар удам залган ажиллаж байлаа. Үйлдвэр маань өнөөдөр өнгөтэй, сайхан байна гэв. Тэрбээр, энэ хамт олон дундаас хамгийн анх “Хүндэт төмөр замчин” тэмдгээр энгэрээ мялаасан хүн юм.
Ийнхүү ахмадууд маань үдийн зоог хамтдаа барьж, дурсамж дүүрэн нэгэн өдрийг үдлээ.
Багачуудын инээд хөөрөөр бялхсан гэр бүлийн өдөрлөг
Пүрэв гарагийн үдээс хойш “Ган зам” пресс төвийн ажилтнуудын гэр бүлийн өдөрлөгөөр өрнөв. Эл өдөрлөгийн гол цөм нь манай байгууллагын ажилтнуудын хүүхдүүд байлаа. Аав, ээжийнхээ хамт олон, ажилтай танилцахаар 6-17 насны хориод хүүхэд ирсэн юм.
Тус төвийн дарга Н.Отгонсүрэн болон “Ган зам” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Наранболд, мастер Б.Оюун нар хүүхдүүдийг үйлдвэрийн цех тасгаар дагуулан явж, тэдний уншдаг ном, сонин зэрэг хэвлэлийн бүтээгдэхүүн хэрхэн хэвлэгдэж, ямар шат дамжлагаар бэлэн болж, хэрэглэгчдийн гарт хүрдгийг тайлбарлаж өглөө. Хүүхдүүд хэвлэлийн тоног төхөөрөмж хэрхэн ажилладгийг, ямар бүтээмжтэй ажилладгийг ажилчдаас сонирхон асууж байлаа. Мөн тэдэнд ном дэвтэр зэргийг олон давхраар нь өөлөх огтлооны машин, хэдхэн минутад хэвлэгдэн гарах хулдаасан хэвлэлийн машин онцгой сэтгэгдэл үлдээлээ гэцгээв.
Улмаар, УБТЗ-ын түүхийн музейгээр зочилж, Монгол Улсад төмөр замын тээвэр хэрхэн үүсэн хөгжсөн түүхэн жимээр бяцхан аялал хийлээ. Түүний дараа Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Батсансар замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй байдлаа хангаж, соёлтой оролцох, төмөр замын гармаар гарахдаа ямар дүрмийг мөрдөж гарах талаар сонирхолтой яриа хийж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.
Өдөрлөгийн төгсгөлд хүүхдүүд “АХА” тэмцээнээр мэдлэг оюунаа сорьцгоов. Уг тэмцээнд III ангийн сурагч Ө.Инал түрүүлж, Б.Мөнхжин дэд байрт шалгарлаа. Ийнхүү төвийн ажилчдын хүүхдүүд эцэг эхийнхээ ажлын талаар мэдээлэл авч, төмөр замын салбарын түүхээр мэдлэгээ зузаалж хагас өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Ийнхүү УБТЗ-ын “Ган зам пресс” төвийн хамт олон буурлуудын буянд бялхаж, багачуудын инээд хөөрт автсан нэгэн гэгээн өдрийн түүхийг сэтгэл зүрхэндээ бичиж үлдээв.
Б.Гүнжинлхам
