Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад төмөр замчин, МАН-ын ахмад ажилтан Нямжавын Мэргэширийг Сүхбаатарын одонгоор шагнасныг энэ сарын 2-нд МАН ын нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл гардууллаа. Н.Мэргэшир нь ЗХУ-ын Москва хотын Төмөр замын тээврийн инженерийн дээд сургуулийг илчит тэрэгний инженер-механик мэргэжлээр,1971 онд Олон улсын коммунист намын дээд сургуулийг тус тус төгсжээ. Тэрбээр, 1963 оноос Сайншанд Татах хэсэгт туслах машинчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар 1964 онд Төмөр замын намын хорооны үйлдвэрлэл эрхэлсэн зааварлагч, үйлдвэрлэлийн хэлтсийн эрхлэгч, намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд намын хянан шалгах комиссын дарга, УБТЗ-ын Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байжээ. Түүнчлэн, УБТЗ-ын Намын хорооны II нарийн бичгийн даргаар тасралтгүй 16 жил, Улаанбаатар хотын МАН-ын хороонд ахлах ажилтнаар хоёр жил ажилласан байна. Н.Мэргэшир нь 1988 оноос Төмөр замын техникумын захирлаар ажиллаж байгаад 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Тэрбээр, ажиллаж байх хугацаандаа төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр ихээхэн идэвх зүтгэлтэй ажиллаж байжээ. Мөн вагон клуб буюу ухуулгын вагоныг санаачилан тохижуулж, шугам замд ажиллаж буй төмөр замчдын дунд соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байв. Төмөр замын техникумын захирлаар ажиллах хугацаандаа сургуулийн заах аргын нэгдлийн ажлыг сайжруулах, анги танхимыг тохижуулах, сурагчдын сахилга бат, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулж байв. Улмаар 1990 он техникум, ТМДуС хоёрыг нэгтгэн Төмөр замын сургалтын төв болгон өргөтгөх үндэс суурийг тавьсан зэрэг түүний төмөр замын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Сүхбаатарын одонг хүртээсэн байна. Ташрамд дурдахад, УБТЗ ХНН-ийн түүхэнд Сүхбаатарын одонгоор шагнагдсан хүн гарын таван хуруунд багтах цөөн байдаг аж.
Б.Гүнж
