УБТЗ-ын Удирдах газрын Ахмадын хорооноос “Ахмадуудаа алдаршуулъя” өдөрлөгийг зохион байгууллаа. “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэх өдөрлөгийн хүндэт зочноор Төлөвлөлт эдийн засгийн албаны ахмад Д.Дашзэвэг, Замын аж ахуйн албаны ахмад Д.Явшинцэрэн, Тээврийн хяналтын албаны ахмад Б.Сүрэнхорлоо нар хүрэлцэн иржээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал, Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүү, Тээврийн хяналтын албаны орлогч дарга Д.Батдорж, Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Цогтбаяр, УБТЗ-ын Удирдах газрын Ахмадын хорооны дарга Ш.Оюунчимэг, “Ган зам” даатгалын гүйцэтгэх захирал В.Отгондэмбэрэл болон Д.Дашзэвэг, Д.Явшинцэрэн, Б.Сүрэнхорлоо нарын үр хүүхэд, ач зээ, хамт ажиллаж байсан ахмад төмөр замчид хүрэлцэн ирсэн юм.
Б.Сүрэнхорлоо нь төмөр замын салбарт тасралтгүй 41 жил ажиллаж, 2013 онд гавьяаныхаа амралтад суужээ. Тэрбээр 1971 онд Толгойт өртөөнд сумчнаар ажлын гараа эхэлж, 1974-1976 онд УБТЗ-ын Толгойт өртөөнд вагон холбогч, 1976-1991 онд Улаанбаатар өртөөнд галт тэрэгний найруулагч, сэлгээний зохицуулагч, явуулын кассир,1991-1993 онд УБТЗ-ын Удирдах газрын Санхүү, зорчигч тээврийн албанд Санхүү, зорчигч тээврийн байцаагч, Хяналтын албанд улсын ахлах байцаагчаар ажиллаж байв. 1971-1993 онд Толгойт, Улаанбаатар өртөөдөд ажиллахдаа тээврийн төлөвлөгөөт зорилтоо байнга амжилттай биелүүлж, өөрийн орны болон тухайн үеийн ЗХУ-ын төмөр замчдын ажлын туршлагыг ажилдаа нэвтрүүлэн ээлжиндээ дунджаар 82512 галт тэргийг найруулан явуулж, 2062800 вагоныг буулгалтад тавьж, буулгалтаас суларсан вагоныг өртөөнд татуулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд шуурхай зохион байгуулж иржээ. Төмөр замын тээврийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд бодитойгоор нөлөөлж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган жилд дунджаар 2300 цаг гологдол зөрчилгүй ажиллаж ирсэн байна.
Б.Сүрэнхорлоогийн энэхүү бүтээл, уйгагүй хөдөлмөр нь байгууллага хамт олондоо үлгэр дуурайлал болж, 1984 онд Улсын чанарын аварга, 1979-1985 онуудад Замын мэргэжлийн аварга, 1977-1985 онуудад Зангилааны аваргаар тасралтгүй тодорч байсан гавьяатай нэгэн. Тэрбээр 1993 оноос хойш УБТЗ-ын Удирдах газарт Зорчигч тээвэрлэлтийн асуудлыг хариуцан ажиллахдаа олон улсын болон орон нутгийн галт тэрэгний үйлчилгээг сайжруулах, зорчигч иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулахад тавих хяналтыг тогтмолжуулсан байна. Мөн өртөө буудлуудын үйлчилгээг сайжруулах, тасалбар түгээлтийн журмыг боловсронгуй болгоход анхаарч, стандартын баримт бичгийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажилласнаар төмөр замаар зорчигчдын тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй 31 өртөөний билет, тээшийн кассын ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтад бодитой нөлөө үзүүлсэн ажлын байрны оновчтой технологи болж нэвтэрчээ.
Д.Явшинцэрэн нь Зүүнхараагийн I сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, мөн Төмөр замын техникумыг техникч, эдийн засагч мэргэжлээр 1972 онд төгсжээ. Улаанбаатар Зүтгүүрийн депогоос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Барилга орон сууцны II ангид ахлах ня-бо, Удирдах газрын Захиргаа аж ахуйн хэлтэст орлогч ня-бо, Замын албаны орлогч ня-бо, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2005 онд гавьяаны амралтаа эдэлжээ.
УБТЗ-д анх удаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн программ нэвтрүүлэх ажлыг 1997 оны гуравдугаар сарын 01-нээс эхлүүлж, цалин хөлсний бодолт, материалын бүртгэл, бага үнэтэй түргэн элэгдэх зүйл, үндсэн хөрөнгийн бүртгэлүүдийг программд оруулах ажлыг хийснээр бүртгэлийн ажлыг хөнгөвчилсэн байна. Тухайн үеийн Ханчулуун программ нэвтэрснээр нягтлан бодогч бүртгэлийн ажилтнууд компьютер дээр ажиллах болсноор гараар хийх ажиллагааг хөнгөвчилжээ. Энэ программыг ашиглахад мэргэжлийн зүгээс Санхүүгийн албаны аргачлалын мэргэжилтэн М.Дашцэдэв, тоо бүртгэлийн программист Т.Ганзориг нар ажиллаж, тэдний удирдлага, зөвлөмжийн дагуу Замын аж ахуй албаны харьяа салбар нэгжүүдийн ажилчдыг дадлагажуулан сургаж байжээ. Тэрбээр Замын албаны дарга З.Зориг, Д.Будхүү, Н.Батмөнх, М.Банди, Г.Вандандагва, З.Үүрдмандах, Н.Сүрэнжав нарын удирдлага дор ажил үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг үнэлж “Тэргүүний төмөр замчин”, “Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Хүндэт төмөр замчин”, “Алтангадас” одонгоор тус тус шагнажээ.
Д.Дашзэвэг нь 1962-1974 онд Улаанбаатарын илчит тэрэгний депод туслах машинч, засварын цехийн мастер, бригадын дарга, хүлээн авагч, цахилгаан лабораторийн инженер, реостатын инженер, ахлах инженер, 1978-1979 онд УБТЗ-ын Эрдэм шинжилгээний олон нийтийн институтын эрдэмтэн нарийн бичгийн дарга. УБТЗ-ын ШУТМ-ийн төвийн дарга, УБТЗ-ын Техникийн хэлтсийн дарга, Техник-эдийн засгийн албанд тэргүүлэх инженерээр тус тус ажиллаж байсан. Тэрбээр ажиллангаа суралцах боломжийг хослуулж, Москвагийн төмөр замын дээд сургуулийн аспирантурт суралцаж, “Илчит тэрэгний дизель хөдөлгүүрийн ажиллагаанд Монгол орны цаг уурын нөхцөлийн нөлөөг судлах” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. МУИС-ийн дэргэдэх англи хэлний оройн сургууль, Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд мэргэжил дээшлүүлэх курсээр хязгаарлагдсангүй. Улмаар 1990 онд НҮБ-аас ЗХУ-д зохион байгуулсан, төмөр замын туршлага судлах, 1991 онд НҮБ-аас Англи, Тайланд улсуудыг дамнан зохион байгуулсан Хөдлөх бүрэлдэхүүний засварын менежмент судлах болон НҮБ-аас зохион байгуулсан Японы төмөр замын коммерчлалыг судлах арав хоногийн олон улсын семинар-аялалд тус бүр оролцож туршлага хуримтлуулсан байна. Д.Дашзэвэгийн бусадтай хамтарч хэвлүүлсэн “Механикийн үндэс” (орчуулга), “2М62 илчит тэрэгний техникийн үйлчилгээ, урсгал засварын дүрэм”, “2М62 илчит тэрэгний ашиглалтын заавар”, “Зүтгүүрийн аж ахуй”, “ТЭМ2 илчит тэрэгний гэмтэл засвар”, “Төмөр замын тээврийн чанарын удирдлагын иж бүрэн систем”, “Төмөр зам зах зээлийн босгон дээр” зэрэг ном олны хүртээл болж, төмөр замчдад үнэ цэнтэй гарын авлага болсоор байна. Мөн “Илчит тэрэгний дизелийн хүч чадлын ашиглалт, цаг уурын нөхцөлийн нөлөө”, “Техникийн дэвшил төмөр замд, Эдийн засгийн асуудал”, “Дизель хөдөлгүүрийн чадалд цаг уурын нөхцөл нөлөөлөх нь”, “Тэргүүн туршлагын эмхэтгэл” (Белоруссын төмөр замын туршлага), “Гадаадын тэргүүн туршлага” (ЗХУ-ын төмөр замд хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг явуулж байгаа туршлага), “Төмөр замын тээврийн эдийн засгийн нэр томъёонуудын тайлбар” зэрэг шинжлэх ухаан технологийн олон арван нийтлэл бичиж олны хүртээл болгожээ.
Д.Дашзэвэг нь гадаад дотоод олон улсын төсөлд биечлэн оролцож байжээ. Тухайлбал, Япон Улсын газартай хамтарсан Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих байгууламжийн төсөл, УБТЗ, Дэлхийн банктай хамтарсан “Tөмөр замын тээврийг сэргээн сайжруулах”, АХБ-та “Тээврийн стратеги боловсруулах” зэрэг нийт 20 гаруй томоохон төсөл дээр ажиллаж шаардагдах материал цуглуулж, төслийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байжээ.
“Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэх өдөрлөгийн үеэр энэ өдрийн гол баатруудын дурсамж яриа өрнөж, Замын аж ахуйн алба, Төлөвлөлт эзийн засаг болон Тээврийн хяналтын албаны төлөөллүүдийн сэтгэгдэл хөвөрч, тэдний үр хүүхдүүдийн талархлын үгс ундарсан сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Ахмадын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Цогтбаяр хөдөлмөр алдрыг нь тэмдэгдлэж байгаа ахмадууддаа баяр хүргэж, хүндэтгэн тус бүрд нь алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай барилаа.
П.Түмэндэмбэрэл
