Замын удирдлагын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын Ахмадынхолбоо, ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбоо, Залуучуудын зөвлөл хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гурван үеийн уулзалт зөвлөгөөн өнгөрсөн онд тээврийн түүхэн олон амжилтыг тогтоосон Замын-Үүд зангилаанаас эхэлж, Сайншанд, Чойр зангилаанд үргэлжиллээ. Уг үйл ажиллагаа нь шинэ залуу ажилтнуудыг байгууллагын эерэг соёлд сургах, Замын удирдлага болон ажилтан хоорондын эргэх холбоог бэхжүүлэх, эерэг сэтгэлгээтэй бүтээлч залуусыг төлөвшүүлэх, бодит мэдээллээр хангах, сэтгэл ханамжийн судалгааг ажилтнуудаас авч Замын удирдлагад хүргэх, оны тэргүүн зорилтыг нийт   ажилтнуудад хүргэх зэрэг олон талын зорилго, ач холбогдолтой юм. УБТЗ-ын Залуучуудын зөвлөл 2016 онд шинэчлэн байгуулагдсан цагаасаа энэхүү уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлын жилүүдэд тасраад байсан билээ. Харин өнөө жилээс дахин сэргээж,уулзалт зөвлөгөөнөө урд хэсэглэлээс эхлүүлж буй нь энэ.Замын-Үүд дэхуулзалтад Залуучуудын зөвлөлийн тэргүүн, Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Ц.Золбаатар, УБТЗ-ын ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Д.Бадарч, Ахмадын холбооны дэд дарга М.Ганбат, Залуучуудын зөвлөлийн дэд тэргүүнүүд болох Зүтгүүрийн аж ахуйн албаны орлогч дарга Д.Хорлоо, Улаанбаатар татах хэсгийн Техникүзлэгийнгазрынахлаххүлээнавагч-машинчГ.Мөнгөнхуяг, Техникийн бодлого, стандартчиллын албаны судалгаа, чанарынменежментхариуцсанинженер Г.Дашням, мөн Залуучуудын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга, Замын II ангийн хөдөлмөрийн нормчлолын техникч О.Ариунбилэг нар оролцлоо. Түүнчлэн, уулзалт, зөвлөгөөнд зангилааны ахмад, залуу үеийн т төлөөлөл маш идэвхтэй оролцож, сонирхсон олон асуултдаа хариулт авч, ахмадуудын туршлагаас асууж лавлаж байлаа. Энэ үеэр ХЗЭ-ийн Ахмад ажилтны холбооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Д.Бадарч хэлсэн үгэндээ “УБТЗ-д залуучуудын байгууллага үүссэний 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг Залуучуудын зөвлөл манлайлан оролцож буйд талархалтай байна. Гурван үеийн уулзалт нь ахмад, дунд, залуу үеийг холбосон байгууллагын үнэт соёл, оны зорилтыг түгээн дэлгэрүүлэх, эргэх холбоог бэхжүүлсэн үр өгөөжтэй ажил болж байна. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. 70 жилийн түүхэнд УБТЗ-ын залуучууд түүчээлж, улс эх орны хэмжээнд маш олон хөдөлгөөнийг санаачлан манлайлан ажиллаж байлаа. Түүний үргэлжлэл нь та нар юм шүү. 2022 онд ЗТБ-тай хамтран төмөр замын залуучуудын манлайллын түүхийг өгүүлсэн “Залуу нас мөнхийн тэмүүлэл” номыг бүтээсэн. Ирээдүйн төмөр замчин залуус та бүхэн өв уламжлалаа хадгалж, орчин үеийн дэвшилтэт технологийг эзэмшиж, шинийг бүтээж, УБТЗ-даа төдийгүй улс эх орныхоо хөгжилд түүчээлэн манлайлж, өөрсдийгөө хөгжүүлэн хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаарай. УБТЗ-ын маань буян заяа арвин шүү. Залуучууд та бүхэн маань зөвд зөөлөн, бурууд хатуу байж, ямагт зөв зүйл дээр эвлэлдэн нэгдэж, ирээдүйн сайн сайхныг улам дэлгэрүүлж яваарай” хэмээн сургамж, зөвлөгөө өгсөн юм. Мөн уулзалтын дараа Залуучуудын зөвлөлийн удирдлагын багийн залуучууд буюу сургагч багш нар хувь хүний хөгжил, амжилтад хүргэх болон  өөрийгөө таних ур чадвар, үр дүнтэй багийн ажиллагаа зэрэг олон сэдвээр сургалт оров. Сургалтад оролцсон залуус маш идэвхтэй, сэтгэл өндөр байсан бөгөөд Залуучуудын салбар зөвлөл байгуулах, бүх үйл ажиллагаанд оролцоотой байж өөрийгөө хөгжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон талархал илэрхийлж байлаа.

Ийнхүү гурван үеийн уулзалт Сайншанд, Чойр зангилаанд үргэлжлэв. Зангилаа бүрт одон тэмдгээ энгэртээ гялалзуулсан ахмадууд олноор хүрэлцэн ирсэн бөгөөд Хувьсгалт залуучуудын эвлэл дээр үед хэрхэн ажиллаж, багаараа яаж амжилтад хүрдэг, залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн тулд ажлын бус цагаар ямар үйл ажилллагаа зохион байгуулдаг байсан зэрэг туршлагаасаа хуваалцаж, хамгийн гол нь залуус дор бүртээ идэвхтэй, санаачилгатай, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоотой байх хэрэгтэй гэж зөвлөлөө. Харин зарим залуус “Залуучуудын зөвлөл хаанаас санхүүждэг, ямар зорилготой байгууллага болох”, “Төмөр замчдын цалин нэмэхэд хэрхэн анхаарч ажиллаж буй”зэрэг асуултыг тавьж байлаа.Үүнд Залуучуудын зөвлөлийн удирдлагуудын зүгээс “Бид төмөр замынхаа есөн мянга гаруй залуусыг мэдлэг мэдээллээр хангах, хөгжүүлэх ажлыг л идэвхтэй хийдэг. Та бүхэн залуучуудын энэ нэгдлийг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай адилтган бодож болохгүй” хэмээн тайлбарласан юм. Тухайлбал, Улаанбаатар татах хэсгийн Техник үзлэгийн газрын ахлах хүлээн авагч-машинч Г.Мөнгөнхуяг “Залуучууд та бүхэн фитнес клубт очихгүй бол клуб тань дээр өөрөө ирэхгүй. Та очиж мөнгө төлчихөөд гэртээ харьчихвал бас л хөгжихгүй. Харин багшийн зааснаар дасгал хөдөлгөөнийг хийвэл бие чинь хөгжинө. Залуучуудын байгууллага яг үүнтэй ижил. Та өөрөө идэвхтэй оролцож, манлайлж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш залуучуудын зөвлөл өөрөө хүн нэг бүр дээр очихгүй шүү дээ.Тойргийн гадна биш дотор бай. Мөн сөрөг бус эерэг байх хэрэгтэй” гэв.

Сайншанд зангилааны залуучуудын хувьд өмнөх тэргүүн нь өөр тийш шилжсэн учир дахин тэргүүн сонгож, шинэчлэн зохион байгуулж өгөхийг төв байгууллагын удирдлагуудаас хүслээ. Залуучуудын зөвлөлийн удирдлагууд “Та бүхэн зангилааны нийт залуучуудаа ойрын хугацаанд цуглуулан ярилцаад зөвлөлөө шинэчлэн зохион байгуул. Бид  бүх талаар нь дэмжин хамтарч ажиллана. Хамгийн гол нь удирдах бүрэлдэхүүнд сонгогдсон залуус идэвхтэй байх хэрэгтэй. Сонгогдсон тэргүүн нь өөр ажилд шилжсэн ч үлдсэн хүмүүс нь ажлаа үргэлжлүүлэн идэвхжүүлж байх нь чухал” гэсэн юм. Үнэхээр ч зөвхөн тэргүүнээс шалтгаалахгүй ажил нь идэвхтэй байж болдгийг Залуучуудын зөвлөлийнхөн өөрсдөө бодитоор үлгэрлэж байлаа. Өөрөөр хэлбэл, зангилаа бүрт дэд тэргүүнүүд ээлжлэн тайлангаа тавьж, сургалтаа орж байв. Чойр зангилаанд гэхэд л дэд тэргүүн, Вагон ашиглалтын депогийн орлогч дарга Б.Азжаргал тайлан тавьж, Дохиолол холбооны ерөнхий инженер Б.Баатаржаргал мэндчилгээ дэвшүүлж, Замын VI ангийн ерөнхий инженер А.Туулсайхан сургалт хийв. Түүнчлэн, зөвлөгөөний үеэр Ахмадын холбооны орлогч дарга М.Ганбат “Манай Ахмадын холбоонд яг өнөөдрийн байдлаар 7930 ахмад бүртгэлтэй байна. Үүний эмэгтэй амад 5200, эрэгтэй нь 2700 болоод байгаа. Үндсэндээ 8000 ахмадын харьяалалтайгаар үйл ажиллагаа маань явагдаж байна. Энэ уулзалтдаа Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын төлөөллийг оролцуулж, үнэтэй сургамжийг залуучууддаа өгч буйгаараа онцлог юм. Ахмадын холбооны ажлын гол чиглэл нь ахмадуудыг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хийн дасгал хөдөлгөөн, явган аяллын ахмадын уралдаан тэмцээнүүдийг шугам зам, төвийн бүсүүдээр ангилан зохион байгуулж ирлээ. Мөн урлаг, спортын тэмцээнүүдийг ахмадын эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан зохион байгуулж байна. Үүнд төв, шугам замуудад зангилаадын Ахмадын хороодыг урлагийн хамтлагтай болгох уралдаан зарлан идэвхжүүлж байгаа. Үүний тод жишээ нь Ахмадын холбоо “Хос чавхдас” нэртэй цахилгаан хөгжмийн хамтлагийг үүсгэн байгуулан тоглолтоо эхлүүлсэн” хэмээн танилцуулав.

Үүнээс гадна Техникийн бодлого, стандартчиллын албаны судалгаа, чанарынменежментхариуцсанинженер Г.ДашнямУБТЗ-ын менежментийн нэгдсэн тогтолцооны бодлого, 2023 оны Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах зорилтыг танилцуулах сургалтыг зангилаа бүрт зохион байгуулав. Урд бүсийн сургалтад нийтдээ ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 300 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд системийн хэмжээнд хэрэгжүүлж буй менежментийн тогтолцооны стандартуудын тухай ойлголт, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын зорилт, хүрэх үр дүнгүүдийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй авлаа.

Ийнхүү гурван үеийн чуулга уулзалтын ач холбогдлыг ахмадууд маань залуучуудад сургамж сургаалиа өвлүүлэхийн зэрэгцээ гурван үеийн төмөр замчдын хэлхээ холбоог бэхжүүлэн цаашид зохион байгуулах олон ажил, зорилгыг тодотгож буйгаараа онцлог байлаа.