Монгол Улсын инфляц 2024 онд 7 хувь болж саарах ч өндөр түвшинд хэвээр байна гэж Азийн хөгжлийн банк тооцоолов

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн 2024 оны өсөлт 4.1 хувьтай гарна хэмээн тооцоолж, өмнөх төсөөлөл болох 5.9 хувиас огцом буурууллаа.

Энэ онд уул уурхайн экспорт болон төсвийн зардлын нэмэгдэл нь өсөлтийг дэмжих хэдий ч сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй нь өсөлт ийнхүү эрс саарахад нөлөөлнө гэж Азийн хөгжлийн банк үзжээ.

Харин 2025 онд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар эргэн сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбарын өсөлт үргэлжилснээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрчимжиж, зургаан хувьд хүрнэ гэж Азийн хөгжлийн банк тооцоолж байна.

 

 

 

Монгол Улсын инфляц 2024 онд долоон хувь, 2025 онд 6.8 хувь болж саарах ч өндөр түвшинд байсан хэвээр байна гэж Азийн хөгжлийн банк үзлээ.

Импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн тэнцэл 2024-2025 онд алдагдалтай гарч магадгүй гэж үзсэн байна.