Нүүр Боловсрол Автоматик телемеханикийн мэдлэгийг эх хэл дээрээ судлах боломж бүрдлээ
Боловсрол

Автоматик телемеханикийн мэдлэгийг эх хэл дээрээ судлах боломж бүрдлээ

G.Press 6 сарын өмнө 106 үзэлт 1 сэтгэгдэл

 

 

“Автоматик телемеханикийн систем дэлхийд ба Монголын төмөр замуудад” ном өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Энэхүү номын зөвлөхөөр Техникийн шинжлэх ухааны доктор /Ph.d/ Д.Бойриг, ерөнхий редактороор Монгол Улсын зөвлөх инженер Г.Сэрээнэндорж, редактороор зөвлөх инженер, магистр Б.Зоригтбаатар нар ажиллажээ. Түүнчлэн, 17 бүлэг бүхий уг номыг орос, англи хэлнээс Монгол Улсын гавьяат тээвэрчин, зөвлөх инженер Г.Вандандагва, Монгол Улсын харилцаа холбооны зөвлөх инженер, магистр Т.Батцэнгэл, Монгол Улсын мэргэшсэн инженер, магистр Н.Адъяа, ДТХ-ны инженер, магистр Г.Цогцэцэг, ТЗДС-ийн ахмад багш, техникийн ухааны магистр Д.Ганчимэг, Монгол Улсын зөвлөх инженер, магистр Х.Оюунмаа, Радио холбооны инженер Б.Энхдалай, Төмөр замын мэргэшсэн инженер Л.Гунгаажанцан нар хөрвүүлсэн байна. Зохиогчид энэхүү номыг дэлхийд төмөр замын тээвэр үүсэн хөгжсөний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан ажээ.

Ташрамд дурдахад, нийтийн хэрэгцээнд зориулсан анхны төмөр замын шугам Англи улсын Стоктон, Дарлингтон хотын хооронд 1825 оны есдүгээр сарын 27-нд нээгдсэн бөгөөд нүүрс тээвэрлэх зориулалттай байсан ч зорчигч тээвэрлэх боломжтой байж. Энэ өдрөөс хойш төмөр замын тээвэр дэлхий даяар хөгжиж эхэлсэн түүхэн өдөр гэж үздэг байна.

Зохиогчид уг номыг бичих болсон шалтгаанаа “Төмөр замын автоматик, телемеханикийн систем нь дэлхийн улс орнуудад техникийн шийдэл нь ихээхэн ялгаатай хөгжиж ирсэн цөөхөн техникийн салбаруудын нэг. Ирээдүйд төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлага нь автоматжуулалт, микропроцессор, нано технологи, хиймэл оюун ухаанд тулгуурлан асар хурдтай хөгжихөөр тодорхойлогдож байна. Иймд энэ номын зорилго нь автоматжуулалтын системийн ажиллагааны зарчмыг олон улсын түвшинд нэгтгэх болон харьцуулах мөн Монголын төмөр замуудад шинээр нэвтрүүлсэн дохиолол холбооны байгууламжийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг зорьсон” гэж тодорхойлжээ.

Энэхүү номоос уншигчид дэлхийн гурван тивийн долоон улсын төмөр замын автоматик, телемеханикийн систем, галт тэрэг болон сэлгээний хөдөлгөөний удирдлага, хяналтын талаар гадаадын 20 гаруй эрдэмтэн, шинжээчид оролцон туурвисан бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсний зэрэгцээ сүүлийн арав гаруй жилд тухайн салбарт олон улсад хэрэгжиж буй зарим шинэ техник технологийн талаар ч бичжээ. Мөн Монгол Улсын шинэ төмөр замууд болон УБТЗ ХНН-ийн Дохиолол холбооны албаны аж ахуйн үүсэл хөгжлийн тухай тус бүрд нь бүлэг болгон оруулсан байна.

Номын нээлтэд хүрэлцэн очсон мэргэжилтнүүд энэхүү бүтээл нь төмөр замын инженер, техникийн ажилтнууд төдийгүй судлаачид, их, дээд сургуулийн оюутнуудын зайлшгүй үзэж судлах чансаатай бүтээл болжээ гэж дүгнэж байлаа.

Номын нээлтийн ёслолд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,ЗТЯ-ны ТЗДТБЗ-ын газрын дарга Х.Итгэл, УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн болон алба хэлтсийн удирдлагууд, бусад төмөр замын төлөөлөгчид оролцлоо.

Номын нээлтийн ёслолыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээж, уг номыг бүтээсэн Г.Сэрээнэндорж тэргүүтэй баг хамт олонд баяр хүргэж, амжилт хүссэн юм. Мөн уг номыг бүтээхэд идэвх зүтгэл гарган оролцсон ТЗДС-ийн ахмад багш техникийн ухааны магистр Д.Ганчимэг, УБТЗ-ын Дохиолол холбооны албаны дарга, төмөр замын мэргэшсэн инженер Л.Гунгаажанцан нарыг “Хүндэт төмөр замчин” тэмдгээр шагналаа.

Мөн номын ерөнхий редактор Г.Сэрээнэндорж уг номыг ивээн тэтгэж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд талархсанаа илэрхийлж, хамтран ажилласан багийн гишүүдийг танилцуулж, номын ерөнхий агуулгын талаар танилцуулав. Мөн энэ үеэр ТЗИС-ийн захирал С.Галбадрах, Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох нарт номынхоо дээжээс гардуулав.

Энэхүү ёслолын үеэр уригдсан зочид шинэ номын талаарх сэтгэгдлээ хуваалцаж, ном бүтээгчдэд баяр хүргэсэн юм. Тухайлбал, УБТЗ-ын Вагоны аж ахуйн албан дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин Л.Болд “Автоматик телемеханикийн мэдлэгийг англи, орос хэл дээр уншиж судалдаг байсан бол одоо дэлхийн дэвшилтэт технологийг эх хэл дээрээ үзэж судлах өргөн боломжийг нээсэн энэ ном олон хүний хамтын бүтээл болжээ. Одоо ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүддээ төдийгүй ирээдүй хойчийг залгамжлах оюутан залууст зориулж, өөрсдийн оюун мэдлэгээ дайчилсан ахмадууддаа талархаад баршгүй. Намайг сургууль төгсөөд ирэхэд Холбооны албанд ажиллаж байсан Д.Бойриг гуай, УБТЗ-ын хүндхэн үеийг мөрөн дээрээ авч явсан Г.Сэрээнэндорж дарга тэргүүтэй олон сайхан нөхөд минь энэ бүтээлийг эв нэгдлийн хүчээр бүтээжээ гэж баярлаж байна. Нөхдийнхөө араас вагончид бид ч гэсэн ийм сайхан бүтээл хийхсэн гэх бодол төрж байна. Энэ номыг ивээн тэтгэсэн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд болон өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан яамны хамт олонд талархлаа илэрхийлье” хэмээв.

Зөвлөх инженер, магистр Б.Зоригтбаатар “Энэ төслийг санаачилсан Г.Сэрээнэндорж болон төслийн багийнхандаа чин сэтгэлийнхээ талархал илэрхийлье. Энэ номын эх нь “Railway signalling & interlocking” гэж англи хэл дээр гарсан. Хорь гаруй эрдэмтэн хамтран хийсэн бүтээлд улс орон бүрийн төмөр замд байгаа ялгаатай ойлголтуудыг нэгтгээд өгье гэдэг үүднээс энэ ном гаргасан байдаг. Энэ ном орос хэл дээр мөн орчуулагдаж гарсан. Бид уг номыг эх хэл рүүгээ хөрвүүлэхдээ номын анхны болон гурав дахь хэвлэлтийг харьцуулж үзсэн. Энэ ном Монголын шинэ төмөр замуудад ашиглаж байгаа технологиудын талаар бүлэг нэмж оруулснаараа онцлог байгаа юм” гэв.

УБТЗ-ын Дохиолол холбооны III ангийн дарга С.Түмэнбаяр “Бид өмнө нь ганц УБТЗ-тай байлаа. Одоо Монгол Улсад олон төмөр зам баригдаж, тэр хэрээр олон систем орж ирсэн. Тэгэхээр энэ ном бидний хувьд маш чухал гарын авлага болж байна. Ийм номыг бүтээхэд оролцсон бүх хүнд баярлалаа. Бүгдэд нь эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэх зэргээр олон зочид сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ийнхүү ахмад холбоочдын хамтын бүтээл уншигчдын хүртээл боллоо.

 

 

Б.Гүнжээ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 6 сарын өмнө
Агуу юм энгийнээс