Нүүр Эрүүл мэнд Австри улсын “SANLAS” группийн удирдлагууд Төв эмнэлэгт зочиллоо
Эрүүл мэнд

Австри улсын “SANLAS” группийн удирдлагууд Төв эмнэлэгт зочиллоо

G.Press 1 жилийн өмнө 93 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөллүүд багтсан.

Айлчлалын үеэр талууд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, ногоон бизнес, төмөр зам, барилга зэрэг олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан “SANLAS” группийн ерөнхий захирал хатагтай Катарина Пүлзер, Санхүү, бизнес хөгжлийн асуудал хариуцсан захирал Грегор Шиппер нар өчигдөр УБТЗ-ын Төв эмнэлэгт зочлон, тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээтэй танилцлаа.

УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга Х.Баянмөнх  эмнэлгийнхээ талаар зочдод дэлгэрэнгүй танилцуулж, эмнэлгийн удирдлага, менежмент, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

“SANLAS” групп нь яаралтай эмнэлгийн тусламж, сэргээн засах эмчилгээ, асаргаа сувилгаа, зөвлөх үйлчилгээ, удирдлагын менежмент, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг Вена болон бусад хотуудад олон салбартай асар том бизнесийн толгой компани нь юм. Зочид УБТЗ-ын Төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад тус эмнэлгийн барилга хэдийгээр хуучин ч гэсэн цэвэрхэн тохитой, эмчилгээ үйлчилгээ нь сэтгэлд нийцэж байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид тус эмнэлэгтэй хамтран ажиллах талаар судална гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.