УБТЗ-ын Ахмадын холбоо нь Н.Жанчив даргын үеэс ахмадууддаа урлаг соёлоор үйлчилж ахмадуудын дунд урлагийн үзлэг явуулж авъяаслаг ахмадуудаараа анхны хамтлаг байгуулж, 2013 оноос Ахмадын холбооны дэргэдэх дуу бүжгийн “Ган эгшиглэн” нэртэй чуулга байгуулан ажиллаж ирсэн түүхтэй. “Ган эгшиглэн” чуулгын авьяаслаг ахмадууд жилд хоёр удаа шугам замаар тоглолт хийх, байгууллага хамт олны хүлээн авалт хүндэтгэлийн арга хэмжээнд урлаг соёлоор үйлчилж ирсэн. Мөн хөдөө орон нутгийн Ахмадын хороо, зөвлөлүүдтэй уулзалт хийж тоглолтоор үйлчилдэг байлаа. Олон улсын ахмадын Их наадамд жил бүр оролцож, зургаан удаагийн “Гранпри” шагналыг авч байсан бахархам түүхтэй билээ. Ахмадын холбооноос 2020 онд урлагийн үзлэг явуулж, шинээр тэтгэвэрт гарсан авьяаслаг ахмадуудаар бүрэлдэхүүнээ шинэчилж, 2022 оноос Ахмадын холбооны дэргэд цахилгаан хөгжим, дуу бүжгийн “Хос уянга” хамтлаг, Үндэсний хөгжмийн “Аялгуу” хамтлагуудыг байгуулан ахмадууд, төмөр замчдадаа урлагаар үйлчилж байна. Манай хамтлагууд үүссэн цагаасаа төмөр замын дагуу Баянтүмэн, Багахангай, Багануур, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Салхит, Зүүнхараа, Мандал, Замын-Үүд, Сайншанд , Чойр, Олон-Овоо, Улаан –Уул зэрэг өртөө зөрлөгүүдээр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийсэн. Мөн гадаад харилцаагаар Хөх хот, Эрээний ахмадын байгууллагатай нөхөрсөг уулзалт хийж урлагийн хамтарсан тоглолтууд хийсэн. Буриад улсын Ахмадын хамтлагтай хамтран РЦНК болон, УБТЗ-ын “Ган зам” паласт хамтарсан тоглолт хийсэн. Ахмадын баяр, Ялалтын баяраар нэгдсэн тоглолтууд хийдэг уламжлалтай. 2024 онд Ахмадын байгууллагын 45 жилийн ойгоор 60 хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн тоглолтыг МҮЭ-ийн Соёлын төв ордонд хийсэн билээ. Манай хамтлаг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үүний ес нь мэргэжлийн дуучин, хөгжимчин, бүжигчин байдаг нь давуу талтай. Бид ахмадын баяр, шинэ жилийн баяраар бүх байгууллагынхаа ахмадуудын хүлээн авалт баяр дээр дуу хуур, бүжиг хөгжмөөр үйлчилж ахмадуудаа баярлуулдаг. Дөрөвдүгээр сард Ахмадын холбооны удирдлагууд “Ахмадаа сонсъё” уулзалтыг Замын хэмжээнд бүх өртөө зөнгилаадад хийхэд манай уран бүтээлчид оролцож, очсон газар болгондоо ахмадуудтайгаа хамтарсан тоглолтыг хийж явлаа. Манайхан урлагийн үйл ажиллагаа төдийгүй спортын бүхийл арга хэмжээнд урлагаар үйлчилдэг. Ахмадын холбоонд уламжлал болгон сар бүрийн 25-нд караоке дуун цэнгүүн явуулж, зургаан бүс тус бүрдээ зохион байгуулдаг. Олон жил төмөр замд үр бүтээлтэй ажилласан өндөр настай ахмадуудынхаа алдрыг тэмдэглэх ажлыг зохион байгуулдаг. Ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор өдөр бүр нийтийн бүжгийг хоёр цаг явуулдаг. “Хос уянга”, “Аялгуу” хамтлагийн уран бүтээлчид байнгын дасгал сургууль хийх бүрэн боломжоор хангагдсан байдаг.
"Ахмадаа сонсъё", "Эмээ, ээж, ач, зээ " гурван үеийн уулзалт, Ахмадын холбооны XII ээлжит бага хурал, Ахмадаа алдаршуулъя, 2025 оны спортын аварга зэрэг олон арван үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
УБТЗ-ын Ахмадын холбооны Соёл олон түмний зохион байгуулагч Ц. Шалсмаа
