Үндэсний аудитын газраас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулан хөрөнгө, үр дүнд аудит хийсэн байна. Аудитын тайланг өчигдөр УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороонд танилцуулав. Байнгын хороо тайланг төмөр зам тус бүрээр сонсч, цаашлаад аудитын тайлангийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал болгон хэлэлцэхээр болов. Эхлээд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын тайланг хэлэлцэв.

 

Аудитаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад илэрсэн зөрчлүүд:

 

-    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан байна.

-    Гүйцэтгэгчтэй оффтэйк гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна.

-     Гэрээнд илчит тэрэг нийлүүлэх хугацаа, бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах зэрэг ажлууд дээр алданги тооцох боломжгүйгээр байгуулсан зэрэг олон алдаа гарсан байна.

-     Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч 3.6 их наяд төгрөгөөр буюу анх тооцоолсноос 3.8 дахин их хөрөнгөөр барьсан байна. Өндөр зардлаар барьсан эл төмөр замын хил холболтыг хийж чадаагүйгээс хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон.

-     Бүтээн байгуулалтад зэсвэгт хүчний анги нэгтгэлийг оролцуулсан нь зарим хуультай зөрчилдөж байна. 

-    Тавантолгой-Гашуунсухайт өртөөдийн ажилтан албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуун Сухайт өртөөний шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болжээ.

-  Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаараа баталгаажуулсан, гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон байна. Тодруулбал, ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан энэ баталгааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах болон барилгын ажлын захиалагчийн хянасан гүйцэтгэл 787.1 сая ам.доллар буюу 78.3 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 785.3 сая ам.доллар буюу 78.1 хувьтай байна.

-   Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага Дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага Дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна.

-   Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ.

-   Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна.

-    Төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогджээ. Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.

-   “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон байна. Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ.

-    Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан гэж тус тус Үндэсний аудитын газар дүгнэжээ. 

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд дээрх тайланд нэр дурдсан компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гурван асуудлыг бүхэлд нь хойшлууллаа. Зарим асуудлыг "Нүүрсний сонсгол"-той нэгтгэн хэлэлцэх саналыг зарим гишүүн гаргаж байв.

 

Эх сурвалж: https://itoim.mn/a/2023/11/16/analyze/xxi