“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А. Павловыг Төмөр замын Их сургуулийн хүндэт профессор цолоор өргөмжиллөө.
А.С Павлов нь ТЗИС-ийн материаллаг баазыг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр энэхүү цолыг олгожээ.
Тэрбээр 1964 онд төрсөн. ОХУ-ын Төмөр замын дээд сургуулийг төмөр замын барилга, замын аж ахуйн инженер мэргэжлээр, мөн ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Ардын аж ахуйн академийг тус тус төгссжээ. ОХУ-ын Тээврийн яам болон “Оросын төмөр замууд” НХН, түүний харьяа байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байгаад 2019 оноос “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байна.
ТЗИС-ийн хүндэт профессор С.А. Павлов тус сургуулийн эрдэмтэн, багш, оюутнуудад талархлаа илэрхийлж, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхийн тулд орчин үеийн дижитал тоног төхөөрөмж бэлэглэлээ. Тэдэнд зориулан Оросын төмөр замын тухай сонирхолтой лекц уншлаа. Цол олгох ёслолын ажиллагаанд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков нар байлцаж, баяр хүргэлээ.
