Монгол Улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сард ХАБЭА-н сарын аян өрнүүлдэг. Энэхүү аяны хүрээнд УБТЗ-ын Улаан загалмайн хороо, Зорчигчийн вагон депо, Үйлдвэрчний хороо хамтран “Анхны тусламж амь нас аварна” уриатай болзошгүй гамшиг, осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь төрөл бүрийн осол, гэмтлийн үед эмнэлгийн тусламж иртэл анхны тусламжийг үзүүлж, хүний амь нас, эрүүл мэндийг аврах ур чадвар эзэмших, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тэмцээнд оролцогчид анхны тусламж үзүүлэх багц сургалтад хамрагдсан байна. Тэмцээн анхны тусламж үзүүлэх ур чадварын болон онолын мэдлэгийг шалгах гэсэн хоёр үе шаттай явагдаж, ухаан алдаж амьсгал боогдсон, осол гэмтлийн улмаас цус алдсан, яс хугарсан, түлэгдсэн үед үзүүлэх ур чадварыг сорьж, онолын мэдлэгийг шалгав. Тэмцээнд Зорчигчийн вагон депогийн бүх цех, хэлтэс, тасаг, цувааг төлөөлсөн 11 багийн 55 хүн оролцлоо. Энэхүү тэмцээн нь 2019 оноос хойш УБТЗ-ын хэмжээнд зохиогдож байгаа анхны тэмцээн юм.
