Шинэ оны анхны нар өглөөний 08:45 цагт мандлаа. Ургахын улаан нарыг тосон хүлээвэл олон өнгийн гайхамшиг, цацраг эрчим хүчийг мэдрэхийн учир Монголчууд өнө эртнээс нарыг шүтэж, шинэ оны анхны нар мандахыг харж, хийморь сүлдээ сэргээж, ирж буй оныхоо наранд сүү өргөх ёслол үйлдэж хүслээ шивнэж, ажил үйлсээ даатгасаар ирсэн уламжлалтай. 

УБТЗ-ын Аялал жуулчлалын төвөөс “Нарны галт тэрэг” шинэ оны анхны нар харах аяллыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. АНУ, Канад, Англи, БНХАУ-ын консулын газрын ажилтан, төлөөлөгч нар, НҮБ-ын суурин төлөөлөгч,  Японын Элчин сайд гэргийн хамт урилгаар оролцов.  Энэ аялалд Японы 341, Солонгосын 11 жуулчин нийт 455 гадаад, дотоодын жуулчид ирсэн байна. 2001 оноос  хойш зохион байгуулсан энэ аялалд нийт 8000 орчим жуулчин оролцжээ. Энэ аялалд УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж, Зорчигчийн вагон депогийн дарга Б.Юлхарсүрэн, Зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга, ТЗДБЧ-ын дарга Л.Биндэръяа нарын албаны хүмүүс хүрэлцэн оролцлоо.

УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр“Монголчууд өнө эртнээс уламжлан арга билгийн эхний өдрөө угтан мөргөн залбирч, тэр жилийн ажил үйлсээ даатгаж эрч хүчээ сэлбэж ирсэн сайхан заншилтай. Энэ ёс заншлаа хадгалан үлдэх, дотоод гадаадын жуулчид, аялагчдад сурталчлах зорилгоор нар харах ёслолыг УБТЗ  аялал жуулчлалын төв энэ ажлыг зохион байгуулснаар 23 жилдээ учран золгож байна. Аялал жуулчлалын төв нь энэхүү аяллыг амжилттай зохион байгуулж ирсэн нь жуулчид, олон нийтийн талархлыг хүлээж нийтийг хамарсан томоохон арга хэмжээ болон өргөжиж оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн хугацаанд 8000 гаруй гадаад дотоодын жуулчин оролцсон байна. Аялал жуулчлалын төвийн ажлыг үнэлж 2006 онд Их Монгол Улсын байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэт өргөмжлөлөөр шагнасан. Монголчууд мөнх хөх тэнгэрийн мэлмий гэрэлт тунгалаг нарандаа хандаж,  эерэг дулаахан энергийг өөртөө шингээж, эрүүл саруул энх тунх оршиж, элгэн саднаараа амар амгалан оршихыг, санасан үйл сэтгэлчлэн бүтэж, хийморь сүлд үргэлжлэн дээшлэн бадарч байхыг, ажил үйлс өөдрөг, ашиг орлого ихээр хуримтлагдаж, тэгш дүүрэн явахыг шившин гуйж, сөгдөн мөргөж сайн бүхнээ санаа сэтгэлээ ариутгаж санасан бүхнээ даатгаж  ирсэн билээ. Энэхүү Монгол ардынхаа уламжлалт ёсыг дээдлэн эдүгээ хүртэл даган мөрдөж ирсэн төдийгүй ирээдүй хойч үедээ үлдээх үнэт соёлын өвийн нэг юм” хэмээн “Нарны галт тэрэг” аяллыг нээж,  үг хэлэв.

 

 

Энэ жилийн анхны нар харах аялал төрт ёсоо дээдэлж төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дуулснаар эхэлсэн. Түүдэг галын дэргэд МУСГЗ Л.Сэнгээгийн бүтээл “Нарны магтаал” уянгалж, “Уяхан замбуу тивийн наран” эгшиглэж, “Цагаан лавай” чуулгын Чингэс хаан, Өүлэн хатны хувцас, монгол ноёд хатдын хувцастай бүжигчид “Мөнх тэнгэрийн соёрхол” галын тахилгын бүжгээр ирсэн зочид гийчдээ хүндэтгэн угтав.

Монголын цэлгэр уудам талд өглөөний 08:45 цагт 2025 оны анхны нар мандаж, Монголчууд, зочид гийчид уухайн түрлэг өргөж, сүү, цайныхаа дээжийг өргөн  угтан авлаа. Гадаадаас ирсэн зочид монгол гэрээр зочлох, дурсгалын зураг авахуулах, вагонд ардын урлагийн тоглолт үзэж аяллаа өндөрлөсөн билээ.

“Нарны галт тэрэг” аяллыг зохион байгуулахад УБТЗ-ын Удирдах газар, Аялал жуулчлалын төв, Улаанбаатар Татах хэсэг, Замын II анги, Улаанбаатар өртөө, ЦХОБА, Дохиолол холбооны II анги, “Ган зам пресс” төв, Барилга орон сууцны II анги, ТЗДБЧ, Эрчим хүчний төв, Зорчигчийн вагон депо зэрэг албад оролцсон юм.

 

П.Түмэндэмбэрэл