Нүүр Сурвалжилга Анхны мэргэжлээ орхисон ч амжилт түүнийг тойрсонгүй
Сурвалжилга

Анхны мэргэжлээ орхисон ч амжилт түүнийг тойрсонгүй

G.Press 8 сарын өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

    УБТЗ-ын Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийн тооцооны оператор Самбуугийн Сугардаваа хэмээх бүсгүй ажил хөдөлмөрөөрөө шалгарч 2024 оны Замын мэргэжлийн аварга болжээ.

    Тэрбээр Дорноговийн унаган иргэн. Улаанбаатар хотод  Их засаг Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2002 онд төгссөн. Сургуулиа төгсөөд гэр бүлтэй болж, үр хүүхдээ өсгөх гэж нэлээд хугацаанд мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байна. Тэгтэл нэг өдөр ээж нь “Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид ачаа вагон хүлээлцэгчийн орон тоо байна гэнэ. Тэнд орвол зүгээр юм биш үү” гэж зөвлөжээ. Ээжийнхээ үгнээс тэр зөрсөнгүй.

   “Манай удамд төмөр замд ажилладаг хүн байгаагүй. Ээж маань  малын эмч мэргэжилтэй, мал эмнэлэгт ажилладаг байсан. Ингээд би 2008 онд Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид ачаа вагон хүлээлцэгчээр анх ажилд орсон. Тэгээд УБТЗ-ын МСҮТ-ийг Ачаа вагон хүлээлцэгч, кассир мэргэжлээр суралцаж төгссөн. Энэ ажлыг 12 жил хийгээд 2020 оноос хойш одоог хүртэл тооцооны оператороор ажиллаж байна” гэж тэрбээр ярилаа.   

  Сугардаваагийн ханийг Сайнцогийн Сайнбаяр гэдэг. Бас эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн академи төгссөн ч мөн л мэргэжлээрээ ажиллаагүй, хувиараа бизнес эрхэлж байгаад одоо Голомт банканд ажиллаж байгаа гэнэ. Эднийх гурван хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл.

   С.Сугардаваа анх Шилжүүлэн ачих ангид ажилд ороход мэдээж амаргүй, хэцүү байсан гэнэ. “Яах гэж энд ажилд оров оо” гэж шантрах тохиолдол цөөнгүй гарч байжээ. Тэр болгоныг даван туулж, хамт олныхоо урам зориг, тусламж дэмжлэгийн хүчинд  өдийг хүртэл явж байна даа гэж тэр талархана.

   “Миний анхны багшийг Болормаа гэдэг. Багш маань надад төмөр замчин болох чигийг зааж, бичиг баримт яаж хөтлөхийг А-Я хүртэл нэг бүрчлэн зааж өгсөн хүн дээ” гэж тэр хэллээ.  

   Тооцооны оператор хүн өртөөнөөс ирж байгаа бүхий л бичиг баримтыг хүлээн авч анхан шатны шивэлтээ хийнэ. Дараа нь шилжүүлэн ачилтад орж байгаа ачааны бичиг баримтыг үйлдэнэ. Ер нь их ачаалалтай ажилладаг ажээ.

Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги ачилтын гурван талбайтай. Шилжүүлэн ачилтад өдөрт 4-5 галт тэрэг орж ирдэг. Дээр нь транзит болон импортын ачаатай 3-4 галт тэрэг нэмж ирнэ. Орон нутгийн шилжүүлэн ачилтаар хоногтоо 10 гаруй галт тэрэг ачдаг байна. Тооцооны оператор нь талбай дээр ачиж, буулгаж байгаа тэр бүх галт тэрэгний бичиг баримтыг бүртгэж, шивээд бүх төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг байна.

С.Сугардаваа Шилжүүлэн ачих ангид тасралтгүй 16 жил ажилласан, туршлагатай, тэргүүний ажилтны нэг болжээ. Тэрбээр ээлж хүлээлцэлтийг тогтмол чанартай хийж, ээлжийн ажлын төлөвлөгөөт ачилтуудын тээврийн бичиг баримт боловсруулалтыг түргэн шуурхай боловсруулж, тарифын мөрдлөгийн дагуу орлого бүрдүүлэлтийг бүрэн хурааж ажилаж байна. Тэрбээр шинэ тооцооны операторч нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гарын авлага, программын өөрчлөлтүүдийг хүртэл санаачлан хийжээ.

С.Сугардаваа сүүлийн гурван жилд,  2022 онд 7971 бичиг баримт боловсруулж, 11.135.130.836 төгрөгийн орлогыг, 2023 онд 9980 бичиг баримт боловсруулж, 12.885.479.279 төгрөгийн орлогыг, 2024 онд 11808 бичиг баримт боловсруулж, 23.791.244.446 төгрөгийн орлогыг тус тус бүрдүүлэн ажилласан байна.

Энэ бүх амжилт нь түүнийг 2024 оны Замын мэргэжлийн аварга болон тодроход чухал түлхэц болжээ.  

     С.Сугардаваа төмөр замаар үйлчлүүлж буй  үйлчлүүлэгчдийг зохих мэдээллээр ханган, зөвлөгөө өгч, хөнгөн шуурхай үйлчилж, үйлчилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж ажилчдадаа үлгэр дуурайлал болсон нэгэн ажээ. Тэрбээр тээврийн бичиг баримтад үзлэг шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг цаг тухайд нь шуурхай арилгах тал дээр бусдыгаа хошуучилдаг байна.

    “Санамсар болгоомжгүйгээс ч юмуу, эсвэл ажлын туршлага дутсанаас тээврийн бичиг баримтын бүрдүүлэлт дутах, төлбөр тооцоо илүү, дутуу авах, тонн километр илүү, дутуу бичих,  ачааны дугаар солигдох, хаяг андуурагдах гэх мэт дутагдал доголдол гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл хэчнээн их зардал чирэгдэл гарах нь тодорхой. Иймд үзлэг, хяналт шалгалтыг тогтмол сайн хийж байх ёстой. Манайд тэр болгоныг алдаа дутагдалгүй даван туулах чадвартай сайн боловсон хүчин бүрдсэн. Манай Шилжүүлэн ачих ангид ажиллаж байсан хэн нь ч өөр өртөө, зөрлөгт ямар ч албан тушаалд очиход тухайн ажлыг саадгүй аваад явчих, хөрвөх чадвартай залуус олон бий. Энд  ингэж л олон сайн боловсон хүчнийг бэлтгэдэг. Бид нэг нэгэндээ тусархуу, нийтэч, нэг зорилгын төлөө сэтгэл нийлэн ажилладаг” гэж С.Сугардаваа хамт олноо бахархан хэллээ.

    Тэрбээр залуучуудыг орон сууцаар хангах асуудалд зөвхөн Замын захиргаа төдийгүй орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Замын-Үүд нь хүн ам олонтой, шилжилт хөдөлгөөн ихтэй, орон сууцны түрээс хэт өндөр үнэтэй байгаа зэрэг нь залуучуудыг тогтвор сууршилтай ажиллахад нөлөөлж байна.

   Сүүлийн үед анхааруулга, санамжнаас өгсүүлээд бүхий л бүртгэл мэдээллүүд цаасан технологиос цахим руу шилжсэнээр цаг хугацааг хэмнэж, ажлыг ачааллыг нэлээн хөнгөлж байгаа нь сайшаалтай гэж тэр хэллээ.     

   С.Сугардаваатай уулзахад өөрийнхөө тухай бараг ярьсангүй. Харин ажлын онцлог, хамт олныхоо тухай, санаа зовж явдаг зүйлсийнхээ тухай их ярьж байлаа. 

 

 

Г.Энхбаатар 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.