Үндэсний сэтгүүл зүйн 110, “Ган зам” сонины түүхт 65 жилийн ойн баярын хурал энэ сарын 06-нд “Ган зам” паласт боллоо. Монголын хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн төлөөлөл хуран чуулсан ойн баярын хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа,  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ахмад сэтгүүлч  Х.Цэвлээ, СГЗ зохиолч, сэтгүүлч, До.Цэнджав, Ү.Хүрэлбаатар, Б.Галаарид, Д.Норовсүрэн, Н.Даариймаа зэрэг эрхэм хүндтэй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцов. Өнөөдөр  500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, 4500 гаруй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд улсын хэмжээний мэдээ, мэдээллийн салбарт ажиллаж байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Одоогоос яг 110 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь” хэмээх сонин хэвлэгдэн гарснаар Монгол Улсад анхны тогтмол хэвлэл үүссэн хэмээн үзэж энэ өдрийг хэвлэл мэдээллийн салбарынхны баярын өдөр болгосон түүхтэй.  Энэ удаад бид түүхт 110 жилийн ойгоо Монголын  төмөр замчид тээвэрчдийн төв хэвлэл “Ган зам” сонины 65 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байна. Энэ нь учир шалтгаантай. УБТЗ-ын “Ган зам пресс” төвд Монгол Улсын анхны тогтмол хэвлэл  “Шинэ толь хэмээх бичиг” сониныг  хэвлэсэн Хаант Оросын үеийн зарим тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа юм.  Үүнийг түүхийн хуудаснаас эргэн  үзвэл, УБТЗ, тэр дундаас “Ган зам” сонины хамт олон  Монголын анхдагч хэвлэх үйлдвэрийн үйл хэргийг өнөөг хүртэл  хадгалж буйн гол нотолгоо юм. Тийм ч учраас сэтгүүл зүйн салбарын “Анхдагч” хэмээн үзэж энэ удаагийн ойн баяраа “Ган зам” сониныхонтойгоо хамтдаа тэмдэглэж байгаа нь ийм учиртай. Энэ дашрамд, төмөр замчдадаа, “Ган зам” сониныхоо сэтгүүлчдэд 65 жилийн ойн баярыг үзэг нэгт нөхдийнхөө нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Энэ баярын өдрөөр нийт сэтгүүлчдэдээ нэгэн баяртай мэдээллийг хүргэхэд Монголын хэвлэлийн хүрээлэн, МСНЭ, Монголын шилдэг нийтлэл, эрдэм шинжилгээ, судалгааны төв, “Глоб интернешнэл” ТББ гэсэн дөрвөн байгууллага хамтран Монголын сэтгүүл зүйн “Нэвтэрхий толь”-ийг бүтээх шийдвэрийг гаргасан. Энэ мэтчилэн салбарын маань түүх улам арвижин зузаарч, ард түмнийхээ соён гэгээрлийн түүчээ болсон сэтгүүлчдийн амжилт бүтээл арвижсаар байгааг өнөөдөр онцлон тэмдэглэхэд таатай байна гэв.

МСНЭ-ийн “Анхдагчийн  батламж”-ийг Монгол анхны  тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сониныг хэвлэсэн “Ган зам пресс” төвд, МУ-ын хэвлэл мэдээллийн салбарын анхны хөдөлмөрийн баатар цол хүртсэн ахмад сэтгүүлч Х.Цэвлээд  гардуулсан юм.

Мөн “Ган зам” сонины ерөнхий эрхлэгч Ө.Батзориг,  “Ган зам” сонин 1958 оны нэгдүгээр сарын 1-нд “Найрамдлын зам” нэртэйгээр хэвлэгдэн гарч төмөр замчдын оюуны хэрэгцээг хангаж байсан бол 1990 оноос Монголын шинэ цагийн анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Өдтэй бичиг”  болон нэрээ өөрчлөн,  олон ургальч үзэл, ардчилал, хүмүүнлэг ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Харин 1993 оноос одоогийн “Ган зам” нэрээ авч төмөр замчдаа цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна. Манай сонин эдүгээ 5000 гаруй уншигчдадаа  бодит мэдээллийг хүргэдэг салбарын хамгийн том хэвлэл болон өргөжсөн. Цаашид ч мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмаа ханган ажиллах болно гээд мэргэжил нэгт сэтгүүлчдэдээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

            Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ, УИХ-ын даргын “Илгээлт”-ийг уншиж сонордууллаа. Түүнчлэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ залгамж халаа болсон залуу, дунд үеийн сэтгүүлчдэдээ хандаж хэлсэн үгэндээ сэтгүүлчийн ажил гэдэг тэтгэвэрт гарах хүртлээ хийсэн ажлаар бус насан туршдаа хаших чухал алба юм. Товчхондоо Монголын ард түмнийг аз жаргалтай, баян амьдруулахын тулд сэтгүүлч хүн нэн тэргүүнд эрүүл байх ёстой. Сэтгүүлчид эрүүл байх тусмаа нийгэмд хийж бүтээх, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлс нь улам өөдрөг байх юм. Сэтгүүлч бид ард түмнээ жаргаах ёстой юм шүү хэмээн чандлан захилаа.

Энэхүү тэмдэглэлт баярыг тохиолдуулан Монголын сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, нэр бүхий хүмүүсийг МСНЭ болон УБТЗ-ын шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд “Ган зам” сонины ахмад ажилтан Д.Дашзэвэгийг “Хүндэт төмөр замчин”, Ерөнхий эрхлэгч Ө.Батзоригийг “Төмөр замчны алдар”, сэтгүүлч Б.Наранболдыг “Тэргүүний төмөр замчин”, Б.Гүнжинлхам, эх бэлтгэгч Г.Сугарсүрэн нарыг  “Хүндэт үнэмлэх”-ээр, хэвлэгч Б. Мөнхбат, Д.Гантулга нарыг мөнгөн шагналаар тус тус шагналаа. Мөн  МСНЭ-ээс Маркетингийн албаны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Мөрөн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ganzam.mn”сайтын админ А.Энхсайхан “Ган үзэгтэн” тэмдгээр  энгэрээ мялаалгалаа. Түүнчлэн, “Ган зам пресс” төвийн хэвлэгч Д.Гантулга УБТЗ-ын залуучуудын төв байгууллагын “Тэргүүний залуу”, медаль, тооцооны ня-бо Б.Оюун  МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны “Хүндэт үнэмлэх”, эх бэлтгэгч Г.Сугарсүрэнг “Баярын бичиг”-ээр шагнууллаа.

“Ган зам” баг шилжин явах цомын эзэн боллоо

Монгол үндэсний сэтгүүл зүйн 110, “Ган зам” сонины 65 жилийн ойн баярын нэрэмжит сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг энэ сарын 4,5-нд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд “Ган замсонин, “Еagle”, “SBN, MN25”,“С1, TV5”“MNB”,“NTV”,“Premier sports зэрэг телевизүүд, Хэвлэлийн төлөөлөгчид, MASSагентлаг болон сайтуудын нэгдэл, телевизийн уран бүтээлчдийн нэгдлээс бүрдсэн хэвлэл, мэдээллийн нийт 38 байгууллагыг төлөөлөн волейболын 15, сагсан бөмбөгийн эрэгтэй 19, эмэгтэй 12 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

“Ган зам” сонины хувьд энэ удаад шинэ бүтэц, зохион байгуулалтаараа буюу  Маркетингийн албатай хамтран сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй, волейболын холимог баг бүрдүүлэн тус тэмцээнд оролцож, волейболын холимог баг алт, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг мөнгөн медалийн эздээр тус тус шалгарлаа. Ийнхүү “Ган зам” сонины тамирчид нийлбэр дүнгээрээ “Шилжин явах цом”-ын эздээр тодорсон юм.

Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах тус тэмцээнд энэ удаа эрэгтэй сагсан бөмбөгийн алтан медалийг спортын “SPS” суваг, хүрэл медаллийг “Мass” агентлагын  баг хүртсэн бол эмэгтэй сагсан бөмбөгийн алтан медалийг “NTV”, мөнгөн медалийг “Ган зам” сонин,хүрэл медалийг “Боловсрол ТВ”-ын  баг тус тус хүртсэн юм. Харин волейболын мөнгөн медалийн эздээр “С1” телевиз, хүрэл медалийн эздээр “Хэвлэлийн төлөөлөгч”-дийн баг тус тус шалгарснаар энэ жилийн тэмцээн амжилттай өндөрлөлөө. Цаашид “Шилжин явах цом”-той тус тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой боллоо гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Тус тэмцээний талаар МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр “Дээрх тэмцээнийг зохион байгуулснаар мэргэжил нэгт сэтгүүлчид харилцан туршлага судлах, хамтран ажиллах, нөхөрсөг харилцаа тогтоох, ажлын стрессээ тайлж, эрүүл спорт, идэвхтэй хөдөлгөөнд хамт олноо уриалах гээд олон талын ач холбогдолтой юм”гэлээ.