Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа шатахууны үнийг бууруулах зорилготой нэг сая баррель нөөцийг дотооддоо гаргана. Шатахууныг Нью-Жерси, Мэйн дэх агуулахаас түгээх бөгөөд нэг удаад 100 мянган баррелийг шатахуун түгээх станцуудад олгоно. Тусгаар тогтнолын баяраас өмнө орон нутгуудад тарааснаар зунаас өмнө шатахууны үнийг бууруулж чадна гэж Мягмар гаригт мэдэгдэл хийлээ.
Бензиний үнэ АНУ-ын хэмжээнд дунджаар нэг галлон нь 3.60 ам.доллар байна. Энэ нь жилийн өмнөхөөс зургаан центээр өссөн үнэ юм. Инфляцийг хянахын тулд ерөнхийлөгч бензиний нөөцийг ашиглах нь зөв гэж үзсэн. Мөн ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулиас өмнө тус шийдвэрийг гаргав.
Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм мэдэгдэлдээ "Байдены засаг захиргаа Америкийн гэр бүл, жолооч нарт зориулж үнийг бууруулахад анхаарлаа хандуулсан. Дурсгалын өдөр буюу долдугаар сарын 4-нөөс өмнө нөөцийг чөлөөлснөөр хамгийн хэрэгтэй байгаа гурван мужид хангалттай нийлүүлэлт олгож чадна" гэв.
Орос 2022 онд Украин руу дайрсны дараа Байден газрын тосны нөөцийг их хэмжээгээр шавхаж, 1980-аад оноос хойших хамгийн доод түвшинд хүргэсэн. Гэвч эсрэг Бүгд найрамдах нам Байденг сонгуулиас өмнө үндэсний онцгой байдлын нөөцөөр улс төр хийж байна гэж шүүмжилсэн. Байдены засаг захиргаа өнгөрсөн долоо хоногийн байдлаар 367 сая баррель түүхий нефтийн нөөцтэй байсан. Гэхдээ газрын тосны нөөцөө дахин дүүргэж эхэлжээ. Нийт дүн нь дайны өмнөх түвшнээс доогуур байгаа ч дэлхийн хамгийн том яаралтай түүхий нефтийн нийлүүлэлт хэвээр байна.
Эх сурвалж: Associated Press