Нүүр Говийн төмөр замчид Амжилтын аяны түүчээ- нэрэмжит галт тэрэг
Говийн төмөр замчид

Амжилтын аяны түүчээ- нэрэмжит галт тэрэг

G.Press 4 сарын өмнө 226 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Дорнын говийг зорьсон галт тэрэг өглөөн нарнаас урьтан Сайншанд өртөөнд хүрлээ. Тосож авсан ажилтан газарчлан алхсаар Техник үйлчилгээний газрын шил толь нь гялбасан шинэ байранд хөтөлж оруулан амрах өрөөнд тухлуулах нь тэр. Манай ТҮГ-ынхан өглөө үдшийг үл хайхран ажлаа бужигнуулсаар угтав. Өнөөдөр нэрэмжит вагон аялуулах гэж байгаа учраас хүн бүр хүлээсэн үүрэг хариуцлагатай бололтой, завгүйхэн байцгаана. Хишигжаргал дарга шинэхэн сурвалжлагч надад нэрэмжит вагоны утга учрыг тайлбарлангаа өрөө тасалгаануудаараа алхаж ажил төрлөө танилцуулах нь шаргуу. Жинхэнэ ажил мэргэжлийн талбар дээрх хөдөлмөрчин хүмүүсийн жишгээр үг нь цөөн ч ажил нь их байдаг манай төмөр замынхны нийтлэг дүр зураг. Шинэ гэртээ зочин урьсан эзэн хүний ёсоор байр саваа үзүүлэнгээ юм юманд гар хүрч засаж залруулж явах нь өөриймсөг. 1956 оны хуучин цагаан байрнаасаа будагны үнэр нь арилаагүй шинэхэн байранд нүүж орсон тэдний баяр хөөр нь тун удалгүй надад ч халдаж, ажлыг нь шалгааж явснаа нэг л мэдэхэд байрыг нь магтаж зогсов. Вагон үзэгч, нярав Ичинхорлоо ирж даргыгаа цахим хуралдаа орохыг сануулснаар бидний яриа тасалдав. Үргэсэн янзага шиг гавшгай, говийн төмөр замчин энэ бүсгүй вагон үзэгчээр 14 дэх жилдээ ажиллаж яваа гэнэ. Бас шүлэг яруу найраг оролддог, МЗЭ-ийн УБТЗ-ын салбараас уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг” шүлгийн наадамд амжилттай оролцож явсан авъяаслаг нэгэн аж.

Сайншанд ТҮГ энэ жил 70 жилийн ойгоо ёслон тэмдэглэх их ажлын дундуур нэрэмжит вагон аялуулах бэлтгэлээ базааж амжжээ. Үд дундад нэгдүгээр зам дээрх ачааны вагоны нүүрэнд албаны анонсоо байрлуулсанаар нэрэмжит галт тэрэг маань хөдлөхөд бэлэн боллоо. Машинчид нь зүтгүүрийн нүүрний шилээ зүлгэж, вагончид нь үзлэг шалгалтаа хийж, дарга нар монгол хүний билэг ерөөлөөр цагаан идээний дээжээ өргөж нэрэмжит вагоны багийнханд замын хүнсийг нь гардуулав. Нэрэмжит вагоныг машинч Үүрцайх, туслах машинч Эрдэнэцогт нар залж довтолгохоор хуваарилагджээ. Дурсгалын зураг татуулан бужигнаж хөгссөөр вагон маань хөдөлснөөр энэхүү арга хэмжээ ёслол төгөлдөр сайхан өндөрлөлөө. Харин миний томилолтын хугацаа шахуу байсан тул Сайншанд ТҮГ-ынхныхаа 70 жилийн ойн баярын хуралд оролцож амжилгүй гэдрэг буцах болов. Энэ сарын 16-нд болсон тэдний 70 жилийн ойн баярын хурал, арга хэмжээний мэдээллийг энэ удаагийн сурвалжлагадаа тусгаж чадаагүй нь харамсалтай. Юутай ч Сайншанд ТҮГ байгуулагдсанаасаа хойш 1961 онд Дорноговь аймгийн тэргүүний хамт олноор шалгарч 1962 оны 10 дугаар сарын 1-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Социалист хөдөлмөрийн тэргүүний бригад” цол хүртэж байжээ. Түүнчлэн 1991, 1992, 1995, 1999, 2000, 2001, 2005, 2006, 2007, 2009, 2013 онуудад УБТЗ-ын хөдөлмөрийн уралдаанд шагналт байруудад шалгарч, 1998, 2000 онд УБТЗ-ын ачаа тээврийн албаны тэргүүний цехээр тодорч байсан амжилт ололтын эзэд юм.

Ингээд олныг үл нуршин тус байгууллагын удирдлага хийгээд гурван үеийн төлөөллийн яриа сэтгэгдлийг та бүхэндээ хүргэсү.

 

Сайншанд ТҮГ-ын дарга Батжаргалын Хишигжаргал: 70 НАСТАЙ БАЙГУУЛЛАГЫН МИНЬ АМЖИЛТЫН ТҮҮХ ӨРТӨӨЧИЛСӨӨР БАЙНА

 

-Түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа танай хамт олонд баярын мэнд хүргэе ээ. Буцалж бургилсан их ажлын тань хажуугаар танаас бас хэдэн асуулт асуух санаатай уяж байгаад уучлаарай?

 

-Их баярлалаа. Асуулгүй яах вэ. Танай ажил юм хойно. Бидний хувьд түүхт ойн жил учраас он гарангуут л ажил буцлаад, яг таны харж байгаачлан бүгд л эрвийх дэрвийхээрээ гүйж харайцгааж байна даа.

 

-Орон нутгийн байгууллагууд маань ордон өргөөгөө сольж өнгө засаад угтахаар өөрийн гэр орон минь өөд татагдчихсан юм шиг баярлаад байдаг юм аа. Сайншанд ТҮГ-ынхан маань сайхан шинэ байртай болжээ?

 

-Өө тэгэлгүй яахав. Байр саваа шинэчилчихээр хүмүүсийн сэтгэл санаа ч сэвхийгээд явчихдаг юм байна. Бид чинь 70 жилийн түүхт ойгоо шинэ байртай, шинэ тоног төхөөрөмжтэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй угтаж байгаадаа ихээхэн өег байгаа шүү. Замын захиргаанаас баталсан хөрөнгө оруулалтаар их барилгын төлөвлөгөөнд тусгагдан 2024 оны гуравдугаар сард 1 тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр энэ сайхан барилга маань ашиглалтад орсон. Шинэ байрныхаа гаднах доторхыг тохижуулах ажил өнөө ч хийгдсээр байна. Мөн онд замын нэгдсэн төсвөөс 100 сая төгрөгийн өртөгтэй салгалттай засварын краныг шинээр авч байрлуулснаар засвар үйлчилгээний ажилд ихээхэн том дэвшил гарсан. Шинэ байртай, шинэ крантай болсноор манай хамт олон урд урдынхаас илүү урам зоригтой ажиллаж байна.

 

-Шинэ юм олонтой он жил өнгөрч байгаа юм байна. Ингэхэд та өөрөө бас шинэхэн төгсөгч болсон сурагтай. Төмөр замын их сургуулиа энэ жил дүүргэжээ дээ?

 

-Хорь гаран жил энэ салбартаа тасралтгүй ажилласны эцэст байгууллага удирдаж үзэж байна. Бас мэргэжил мэдлэгээ дээшлүүлж Төмөр замын их сургуулиа инженерийн мэргэжлээр төгслөө. Вагон үзэгчээр ажлын гараагаа эхэлж ахлах үзэгч, Сайншанд ТҮГ-ынхаа дарга болтлоо тасралтгүй 24 жил ажиллалаа. Би чинь Төмөр замын коллежийг 2001 онд Машин механизмын техник шинэчлэл мэргэжлээр төгсөөд л шууд Айраг ТҮГ-аас ажлын гараагаа эхэлж байсан хүн. 2002 оноос өнөөг хүртэл Айраг ТҮГ-т дагалдан үзэгч, үзэгч, ахлах үзэгч, Сайншанд ТҮГ-т вагон үзэгч, шурган үзэгч, ахлах үзэгч хийж байгаад 2024 онд энэ ажилдаа томилогдсон.

 

-Танайхыг бас төмөр замын удамт гэр бүл гэж сонссон?

 

-Тэгэлгүй яахав. Миний ээж Айраг ТҮГ-ын даргаар ажиллаж байсан Нямаагийн Нямсүрэн гэж хүн бий. Дүү Хишигтогтох маань нөхрийнхөө хамт Чойр ТҮГ-т ахлах үзэгч, нярваар ажиллаж байна. Би ханьтайгаа Сайншанд ТҮГ-таа хамт ажиллаж байна. Миний охин мөн Чойр ТҮГ-т вагон үзэгчээр ажилладаг. Анх надад ажлын дөр суулгаж зааж чиглүүлсэн хүн бол миний ээж. Мөн энэ байгууллагыг 17 жил удирдсан Хуяг-Очирын Баянмөнх дарга маань намайг гарын шавиараа бэлдэж, бүх юмыг зааж зааварлаж хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачтан. Би ажилд ороод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байтал манай Сайншанд ТҮГ-ын 50 жилийн ой болсон. Тэр үед Баянмөнх дарга надад ойн ном бичих ажилд Г.Лхамсүрэн байцаагчид туслах, мөн байгууллагын бүх самбаруудыг гараар шинэчлэх ажлыг даалгаж байсан. Харин 60 жилийн ойгоор би ахлах үзэгч болчихоод байсан үе. Ойн ажлыг зохион байгуулах комисст дайчлагдан бүхий л ажилд гар бие оролцсон. Гэтэл 70 жилийнхээ ойгоор байгууллагын даргын хувиар удирдан зохион байгуулаад явж байгаа нь миний хувьд эрхэм түүх юм. 80 жилээ үзчихээд тэтгэвэртээ суух хүн юм байна билээ, би.

 

            -Ярилцлага маань сурвалжлаган дотор орох учраас товчлохоос аргагүй боллоо, уучлаарай. Төгсгөлийн үгийг танд үлдээе

 

            -Вагон ашиглалтын депогийн нийт хамт олондоо Сайншанд ТҮГ-ынхаа түүхт 70 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 2026 он бол бидний хувьд онцгой жил болон түүхнээ үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн бүхэн он цагийн уртад элэгдэж, хуучирсан мэт боловч түүхийг бүтээсэн эгэл жирийн төмөр замчин-вагон үзэгч засварчдын санаж сэтгэж, сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан зориулж хийж бүтээж явсан ажил үйлсийг үе үеийн залуу үе нь өртөөчлөн уламжилуулж байгаа нь ган замаар ачаа, зорчигч тээвэрлэх галт тэрэгний вагонуудын хос дугуйн эргэлт адил тасрахгүй нь лавтай. 

 

 

Вагон ашиглалтын депогийн урд хэсэглэл хариуцсан орлогч дарга Алтангэрэлийн Ганхуяг:

 

ҮЕ ҮЕИЙН БҮХ ЗАМЧДАДАА ТҮҮХТ ОЙН МЭНД ХҮРГЭЕ

-Түүхт ойн жил уулзаж байгаагийнх төмөр замтай ажил амьдралаа холбосон таны замналаас яриагаа эхэлвэл ямар вэ?

 

-Ажил мэргэжлийн хувьд би гэр бүлээсээ төмөр замтай хувь заяагаа холбосон анхны төмөр замчин. 2007 онд арван жилийн сургуулиа төгсчихөөд найзуудтайгаа явж байтал Сайншанд техник үйлчилгээний газарт Төмөр замын дээд сургуулиас хуваариуд иржээ гэж дуулаад ээжийгээ хөтлөөд шууд гүйж очсон. Тэгсэн хуваарь хариуцсан хүн нь “Манай Х.Баянмөнх дарга хүүдээ мэргэжлээ залгамжлуулахаар вагоны ангид суралцуулах гэж байгаа” гэж яриад, тэрийг сонссон ээж минь “Байгууллагын дарга хүн хүүгээ вагоны ангид оруулах гэж байхыг бодоход энэ их сайхан мэргэжил байх. Миний хүүд ч гэсэн энэ анги нь олдвол сайхан юм даа” гэж хэлсэн. Төмөр замчдын ажил мэргэжлийн тухайд ойлголтгүй байсан миний хувьд энэ үг их нөлөөлж би гэдэг хүн ингээд л Төмөр замын дээд сургуулийн вагоны аж ахуйн инженерийн ангийг сонгон суралцсан түүхтэй. Тэгэхээр Х.Баянмөнх дарга бол миний ажил амьдралын замыг заачихсан гэж хэлж болохоор хүн л дээ.

 

-Сайхан түүх байна. Ажлын талбарт таныг хэн гардаж авав даа?

 

-Одоо Сайншанд ТҮГ-ын даргаар ажиллаж байгаа Батжаргалын Хишигжаргал гэдэг хүн бол миний вагонтой танилцаж нөхөрлөх их замын эхлэлийг тавьсан багш минь  байгаа юм. Миний багш удам дамжсан төмөр замчин, “Хүн ажил голж болдоггүй юм. Харин ажилдаа гологдохгүй, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж явах хамгийн чухал” гэдгийг байнга захиж, өөрөө ч үлгэрлэдэг байсан.

 

-Та ажын гараагаа хаанаас эхэлж байсан талаар яриач?

 

-Төмөр замын дээд сургуулийг 2011 онд төгсөөд Сайншанд техник үйлчилгээний газарт  вагонд ус, нүүрс зэхэгч гэсэн ажлаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан би өнөөг хүртэл Сайншанд техник үйлчилгээний газартай салшгүй холбоотойгоор 15 дахь жилдээ ажиллаж байна. Одоо хамт олноыхоо манлайлал болоод багштайгаа хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа их баяртай байдаг.

 

-Та ажлынхаа онцлогийн тухайд юу ярих вэ?

 

-Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд манай хамт олон өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй өдөр, шөнийн аль ч цагт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явдагт бахархдаг. Манай говийн бүс байгаль цаг уурын хувьд ч, зам хэсэглэлийн хувьд ч их онцлогтой. Зундаа маш ихээр халдаг, хавартаа салхи шуурга ихтэй байдаг ч вагон үзэгч хүн ажлаа зургаан мэдрэхүйгээрээ “тэмтэрч” галт тэрэг, вагонд үзлэг үйлчилгээ хийж явдаг. Ихээхэн онцлог мэргэжил л дээ. Манай  урд хэсэглэлд УБТЗ-ын нийт замын 50-аас дээш хувийг эзлэн тархаж байрласан дөрвөн ТҮГ-ын харъяа найман техник үйлчилгээний хэсгүүд байдаг бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг урт мөрөнд хариуцан ажилладаг.

 

-Хэдийгээр түүхт ойн жил ярилцаж байгаа ч бид товчхон тэмдэглэл төлөвлөсөн болохоор сүүлийн асуултыг танд үлдээе.

 

--Манай Сайншанд ТҮГ-ын 70 жилийн түүхт ой тохиож байгаа энэ үед тус байгууллагаар овоглож явсан үе үеийн бүх төмөр замчдадаа баярын мэнд уламжилъя. Мөн УБТЗ-ын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхныг ерөөе дөө.

 

 

 

Сайншанд ТҮГ-ын вагоны ахлах үзэгч Хэнчбишийн Ариунболд:

 

АЛТАН АЛХНЫ ЭЗЭН БОЛООД ИХ БАЯРЛАСАН

 

-Вагон үзэгчийн ажлын онцлог юу вэ?

 

-Би мэргэжлээрээ их бахархдаг. Манай вагон үзэгчдийг вагоны эмч гэж нэрлэж болно. Асар хариуцлагатай, мэдрэмжтэй хүний хийдэг ажил. Үнэндээ бол вагон үзэж яваа хүн зургаан мэдрэхүйгээ зэрэг ажиллуулах хэрэгтэй болдог. Харна, сонсоно, барьж үзнэ, тэр ч байтугай үнэрлэнэ, хазахаас бусдыг хийнэ дээ. Вагоноо долоох нь холгүй л байдаг. Ер нь бол бүх төрлийн мэдрэмжээ ашиглаж хянуур няхуур байж вагоны гэмтлийг илрүүлж эрсдэлээс сэргийлэх учиртай. Тэр ч утгаараа зарим үед хариуцлагын дарамтад орох үе бий. Би дутуу үзчихээгүй байгаа гээд эргэж шалгах зэргээр нягталдаг.

 

-Төмөр замд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

 

-Би 2014 онд анх вагон зэхэгчээр ажилд орсон. Дунд нь цэргийн албаа хааж ирээд буцаад ажилласан. Дорноговь аймгийнхаа МСҮТ-д вагон үзэгчийн мэргэжлээр төгссөн юм. Манай аав 1994 онд Сайншандын ТҮГ-т анх вагон зэхэгчээр ажилд ороод, улмаар вагон үзэгч, ахлах үзэгч болж дэвшиж ажилласан хүн бий. Би ч гэсэн аавынхаа замналаар хийж явсан ажлуудыг нь хийгээд явж байна даа.

 

-Тэгвэл бас л төмөр замын хүүхэд юм байна шүү дээ. Хүүхэд наснаасаа вагончдын дунд өссөн хүүхдүүдэд хожмоо энэ мэргэжлээр ажиллахад давуу талууд олон байдаг байлгүй?

 

-Би 1995 онд төрсөн. Ухаан орсон цагаасаа л аавынхаа ажил дээгүүр ирж очиж, хуучин цагаан байрныхаа хашаанд өссөн хүн л дээ. Манай аав их зарчимч хүн байсан. Хүүхдүүдийг ажлын орчинд хамаагүй гүйлдэхэд дургүй, зөвхөн ажлын өрөөнд л уулзаж хоол ундаа хүргүүлнэ. Вагоны аюулгүй байдлын дүрэм журмыг бидэнд их номлоно. Ер нь төмөр замчид их амь нэгтэй бүлсэг хүмүүс. Аавтай хамт ажиллаж байсан Үнэнсанаа, Төмөр-Очир гээд ах нар бий. Хүний өөрийн гэхгүй бүх л хүүхдийг эрхлүүлнэ, хэлэх зэмлэх газраа ч хэлнэ. Тэгээд л багаасаа болох болохгүй юмаа мэдээд, тэгэхдээ бас вагон гэдэг маань юу билээ гэдгийг ойлгоод, вагонуудаа өөрийн юм шиг бодоод л өсөцгөөсөн дөө.

 

-Хамгийн дурсамжтай цаг мөч гэвэл аль үеийг хэлэх вэ?

 

-2023 онд замын мэргэжлийн аварга болж алтан алхаар шагнуулахдаа би их баярласан. Ингээд Сайншанд ТҮГ-ынхаа ахмад, идэр, залуу бүх үеийнхэндээ 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бүгдийг нь хүндэлж бахархаж явдаг шүү гэдгээ танай сониноор дамжуулаад хэлчихэж болох уу?

 

-Бололгүй яахав, баярлалаа. Ажлын амжилт хүсье

 

 

Ахмад ажилтан Цэдэнгийн Дагиймаа:

 

БИ ЧИНЬ ТАНАЙ СОНИН ДЭЭР МАНДАЖ БАЙСАН МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ШУРГАН ҮЗЭГЧ

 

-Сайн байна уу? Танд 70 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ. Та Сайншанд ТҮГ-т насаараа ажилласан уу?

 

-Би 1984 онд Сайншанд дахь төмөр замын “Хараацай” цэцэрлэгт багшаар ажилд орж 1989 онд вагоны шалган үзэгч болсон. Шурган үзэгч хийж байхдаа гүүшингийн ноцтой далд гэмтлийг илрүүлж “Ганзам” сониндоо зураг хөрөгтэйгөө гарч мандаж байлаа шүү дээ /Инээв/

 

-Өө тийм үү?

 

-2001 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр цаг агаар айхтар муу байсан юм. Нүдгүй цасан шуургатай, салхины хүч 40 метр секунд хүрч байсан тэр өдөр галт тэрэг үзэж явахдаа дээр дурдсан ноцтой гэмтлийг илрүүлж “Онц хөдөлгөөнчин” цол тэмдэгээр шагнуулсан.

 

-Дарга чинь бас таныг Монголын анхны шурган үзэгч эмэгтэй гэж танилцуулсан?

 

-Тийм ээ. Би мэргэжилдээ их дуртай, шалгалтандаа дандаа онц авдаг, томчуулд гярхай, сүрхий гэж магтуулдаг байсан юм. Монголын төмөр замын анхны эмэгтэй шурган үзэгч гэдэг нь үнэн. Батламж ч байгаа. 1989 оноос Сайншанд ТҮГ-т вагон засварчин, үзэгч, шурган үзэгч, ахлах үзэгчээр ажиллаж байгаад 2010 онд тэтгэвэрт гарсан. “Онц хөдөлгөөнчин”, “Хүндэт төмөр замчин” тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдсан минь миний ажил хөдөлмөрийн онцгой үнэлгээ юм даа.Би чинь уг нь хими биологийн багш, зах зээлийн эдийн засагч мэргэжилтэй хүн юм. Харин төмөр зам руу гэнэт урваад вагон үзэгч мэргэжлийг дадлагаар эзэмшсэн. Улсад 32 жил, төмөр замдаа тасралтгүй 26 жил ажиллалаа даа.

 

-Хуучин хамт олон чинь таныг ёстой зүгээр суудаггүй хүн гэж байна билээ?

 

-Төмөр замд орсон цагаасаа ҮЭ-ийн сонгуульт ажлыг хийсэн. Өртөө ТҮГ-ын ҮЭХ-ны дарга, бүлгийн зохион байгуулагч, анхны Залуучуудын гавшгайч бригадыг байгуулалцаж бригадаараа алтан медаль авч байлаа Дорноговь аймгийн депутат, Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр тус, тус нэг удаа сонгогдон ажилласан минь бас дурсамжтай. Би тэтгэвэрт гараад бас зүгээр суугаагүй ээ. “Эгшиглэн” нэртэй хамтлаг байгуулаад одоо 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа. Бид шугаман бүжгийн их олон тэмцээнээс шагнал авсанд замын захиргаа маань дэмжиж бүжгийн хувцас, хөгжим хэрэгслээр хангасанд маш их талархаж явдаг. Энэ ташрамд Сайншанд ТҮГ-ынхаа үе үеийнхэнд түүхт 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бас УБТЗ-ын нийт хамт олондоо сайн сайхныг хүсье

 

-Маш их баярлалаа. Танд ч мөн сайн сайхныг хүсье ээ.

 

 

 

Б.Занданхүү

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.