“Баянбуурал”, Буяндэмбэрэл гэсэн үг хоорондоо учир барилдлагатай мэт. Бат-Эрдэнийн Буяндэмбэрэл 2009 онд Зүүнхараа хотын 10 жилийн сургуулийг төгсөөд ХААИС-ийг санхүү эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.
Тэрбээр анх амрагчдын захиалгыг авдаг жаахан бор охин (Тэр үeд өрөөнд нь утасны сүлжээ муу барьдаг байсан болов уу) жижүүрийн өрөөний цонхны тавцан, буйдан сандлын булан хавьцаа "төвхнөж" ажилд орж байсныг санаж байна. Амрагчдын захиалга тасрахгүй. Хагас бүтэн сайн ойртохоор утас улайстал захиалга ирнэ.
Б.Буяндэмбэрэл удалгүй “Баянбуурал” амралтын бичиг хэргийн эрхлэгч буюу мөнгөний нярвын ажлыг хүлээж авав. Өдөр тутам харьцдаг данс тооцооны энэ ажилд тэр түүртсэнгүй... Амралтын газрын онцлог бол гадны хүний нүдэн дээр ажил үйлчилгээгээ явуулдаг учраас алдаа оноо нь ил байдаг. Хүлээлгэж үйлчлэх нь сэтгэлгээний хоцрогдол. Уриалгахан зангаа урдаа барьж үйлчлэх нь үйлчилгээний соёл, бас гоёл.
Б.Буяндэмбэрэл улмаар мэргэжлийнхээ дагуу “Баянбуурал” амралтын туслах нягтлан бодогчоор дэвшин ажиллав. Үүрэг хариуцлага ч нэмэгдэв. Төмөр зам хичээнгүй хөдөлмөрлөсөн хүнд хишиг буянаа өгдөг газар. Тийм ч учраас төмөр замдаа идээшиж дассан хүн холдож чаддаггүй.
Б.Буяндэмбэрэл “Баянбуурал” амралтын шинэ жилээр мөсөн гацуур урлах гээд гүйж явсныг хүмүүс санаж байгаа байх. Тусгайлан Саван дотор хөлдөөсөн тусгайлан мөсийг, гацуур модны хэлбэр дүрс оруулан өрж, шинэ жилийн сүлд мод босгосон нь өвөрмөц шийдэл байлаа.
Дараа зун нь эх үрсийн баярын үeэр шиг санаж байна, амралтын өдөр Б.Буяндэмбэрэл нар хөөрөхөөс урьтаж ирээд цэцэг тарьсан талбайгаа усалж байхад нь тааралдав. Урьд өдөр нь тэрбээр хөрс сийрүүлдэг жижигхэн малтуур төмөр барьчихсан явж байсан юм. Саяхан суулгасан наранцэцэгийн үрсэлгээ гэнэ.
Ишин дээрээ бойжсон хэдэн сөөвгөр навч ус агаар амтлан "тормолзож" эрвээхэйн диваажин болохыг мөрөөднө. Булцуухан чинээ мөртлөө гэрэлтсэн цовоо юм. Зургаан сарын шүншиг оршсон зулзган навчсыг хайрлахдаа би "Хүн малын хөлөөс хамгаалж сайн хашаажуулахгүй бол " дайны талбар" л гэсэн үг шүү дээ" гэж хошуу нэмэрлэв.
Б.Буяндэмбэрэлийн энэхүү цэцэрлэгч чанар хэнээс улбаатайг мэдэх зорилгоор би "Танай хашаан доторхи чацарганы бут газрын хэвгийд суулгасан гэхэд сайхан ургаж байна лээ шүү...анх хэн тарьсан юм” гэхэд "Манай ээж тарьсан юм " гэж байна.
...Хэдэн өдрийн хойно Буянаа хувинтай ус барьчихсан амралтын доод зам дээр тааралдаад "Миний тарьсан мод "Тэр байна" гэхэд нь харвал өөртэй нь "үe тэнгийн" гэмээр жаахан цагаан хус өглөөний салхинд сэрвэлзэн хавар эрт усалсных мөчирт нь мөөмөн булцуу молцогложээ. Хүн байгаль хоёрын хүйн холбоо гэдэг тэр. Энэхэн зуур
...Хумхын тоосноос төрж
Хүмүүн заяаг урласан
Жимсэн цэнхэр дэлхий дээр
Жил бүхэн мод тарья...
хэмээн бичсэн яруу найрагчийн гэрэлт шүлгийн мөр санаанд бууж байна.
Б.Буяндэмбэрэл нэгэнтээ "Манай хорооллын доод голд хоёр хун ирчихсэн байна.Та зураг аваач" хэмээн надад" сайн мэдээ" дуулгасан удаатай. Ший зургийн хэнээт миний биe шувуун сургаар шуугиж очвол үлгэрийн юм шиг хоёр цагаан хун голын тохойд гэрэлтэж авай. Дуунд гардаг "Бодлын цагаан хун" тэгэхэд яг л Буянт-Ухаад газардсан "Боинг" онгоцыг санагдуулав шүү.
Б.Буяндэмбэрэлийн хөдөлмөрч чанарыг аав ээжээс нь "хайж" үзлээ. Буяндэмбэрэлийн аав Д.Бат-Эрдэнэ малын эмч хүн. Наранд борлосон царайдаа намтар түүхээ шингээсэн дөлгөөн буурал энэ эрхэм “Баянбуурал” амралтын малын эмчээр хэсэг ажиллаж байв. Соц нийгмийн үeд булигаар хүрэн богцтой бригад сууриар тойрч хоёр нарны хооронд явдаг малын эмч "нэр нь нэгдэлдээ данстай, гар нь ганзагандаа ойрхон" буянтан билээ. Хүний эмч, хүнийг эмчилдэг. Малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг гэсэн үг бий... Ажилдаа эртэч Б.Буяндэмбэрэлийн тарьсан цэцэг тэнгэр царайчлахгүй ургаж байна.
Өглөө хажуугаар нь гарах болгондоо тарьсан цэцгүүдээ харцаараа "бүртгэж" өнгөрдгийг нь би анзаарсан. Тэгээд түүнийг амралтын "агрономич" гэж нэрлэх санаа төрсөн юм.
УБТЗ -ын “Баянбуурал” амралтын туслах нягтлан бодогч Бат-Эрдэнийн Буяндэмбэрэл гэдэг энэ жаахан бүсгүйд ямар ч ажлыг хариуцуулахад биe намдахгүй бэлчир нь багадахгүй.
“Баянбуурал” амралтын ирээдүйг залуучууд тодорхойлно...
М.Жаргалсайхан
