Нүүр УБТЗ ХНН Амьдралын урт хугацааны даатгалд сайн дураараа хамрагдаж, ирээдүйдээ хөрөнгө ору...
УБТЗ ХНН

Амьдралын урт хугацааны даатгалд сайн дураараа хамрагдаж, ирээдүйдээ хөрөнгө оруулъя

G.Press 1 жилийн өмнө 102 үзэлт 0 сэтгэгдэл

 

ХНН УБТЗ-ын 2025 оны “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих” зорилтын хүрээнд ажилтнуудаа тогтвор суурьшилтай, бүтээмж өндөртэй, ирээдүйдээ итгэлтэй ажиллуулахын тулд ажилтныг тэтгэвэрт гарах үед нэмэлт орлогын эх үүсвэртэй байх нөхцөлийг хангах зорилгоор байгууллагын тэтгэврийн сан үүсгэх боломжийг судалж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж байна.  Дэлхийн дийлэнх улс орнуудад тэтгэврийн тогтолцоо нь Төрийн болон хувийн тэтгэврийн тогтолцоо гэсэн хоёр төрөлтэй. Төрийн тэтгэврийн тогтолцоо нь нийгмийн даатгалын сангаар зохицуулагддаг. Иргэдийг ямар төрлийн эрсдэлээс хамгаалахаас шалтгаалж, тэтгэврийг өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын буюу тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж ангилдаг.

Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь нэг давхаргат, орлогоосоо зарлагаа санхүүжүүлэх зарчимд суурилдаг, халамжийн шинэ чанартай, хуваарилалтын хэлбэртэй тогтолцоо юм. Энэ тогтолцоонд тэтгэврийн сангийн хуримтлагдсан мөнгийг эргээд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж, өсгөж үржүүлэх бодлого  хэрэгжүүлдэггүй. Манай улс тэтгэврийн зардлыг нөхөж байгаа нэг давхаргат  тэтгэврийн тогтолцооноос бүрэн хуримтлалын олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, хуримтлал нь хөрөнгө оруулалтын өгөөжөөр нэмэгдэх тогтолцоог хэрэгжүүлэхээр 30 жил болсон ч, өнөөдөр иргэд хангалттай тэтгэврийн орлоготой байх гол нөхцөл бүрдээгүй л байна. Улс орнууд олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжихдээ гурван давхарга бүхий тогтолцооны загвараар хэрэгжүүлдэг. Эхний буюу суурь давхарга нь ахмад настнуудыг ядуурлаас хамгаалах зорилготой, хоёр дахь давхарга нь шимтгэлд суурилсан заавал даатгуулах тэтгэврийн даатгал, харин гурав дахь давхарга нь улсын тэтгэврийн даатгалын тогтолцооноос гадуур нэмэлт орлого бий болгох зорилготой хувийн хуримтлалын тогтолцоо юм.

Олон давхарга бүхий тэтгэврийн систем нь нэг давхаргатай системийг бодвол хүн ам зүй, эдийн засаг, улс төрийн эрсдэлийг шийдвэрлэхэд илүү ач холбогдолтой бөгөөд иргэдийг, улс орныг хямралд өртөхгүй байх боломжийг олгодог байна. Сонгодог утгаараа олон давхаргат тэтгэврийн тогтолцоог зөв хэрэгжүүлж чадвал иргэд хангалтай тэтгэврийн орлоготой байх гол нөхцөл бий болдог.

Өндөр насны тэтгэвэр нь ахмад настнуудын амьдралын баталгааг урт удаан хугацаанд хамгаалахад чиглэгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд ихэнх орнууд ахмад настнуудын ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэх, тэтгэврийн шимтгэл төлсөн байх хамгийн доод хугацааг уртасгах чиглэлийг барьж тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийж байна. Манай улсын хувьд 2023 онд шинэчилсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 65 насанд хүрсэн даатгуулагч, эсхүл тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн, 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч… өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зохицуулсан. УБТЗ-ын ажлын хэсэг Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос амьдралын урт хугацааны даатгал эрхлэх зөвшөөрөлтэй тэтгэврийн сангуудын санал болгосон бүтээгдэхүүнийг нийт ажилтнууддаа үе шаттайгаар танилцуулах, сайн дураараа хувийн тэтгэврийн санд хамрагдах боломжийг бүрдүүлэх талаар судалж байна. Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны санхүүгийн бус дөрөв дэх давхарга нь албан бус дэмжлэг туслалцаа (гэр бүлийн дэмжлэг),  нийгмийн бусад албан хөтөлбөрүүд (эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны хөтөлбөр), хувь хүний санхүүгийн болон санхүүгийн бус хөрөнгүүд (байшин орон сууцыг эзэмших эрх болон ипотек) зэрэгтэй нягт хамааралтай бөгөөд хувийн тэтгэврийн санд хамрагдсан ажилтны өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан аж байдлыг сайжруулахын тулд тэтгэврийн шимтгэлийн зохистой хэмжээ, санхүүгийн чадавх, тогтвортой байдал, хуримтлалын өгөөж зэргийг анхаарах шаардлагатай тул “Ган зам” сонины хуудсаар дамжуулан цуврал мэдээлэл хүргэх болно.

 /үргэлжлэл бий/

 

Замын даргын ажлын албаны Нийгмийн бодлого төлөвлөлт хариуцсан Ахлах мэргэжилтэн Ц.Ариунаа

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.