Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөрт зориулан Дорнод Сибирийн төмөр замаас цогц үйл ажиллагааг зохион байгуулжээ. “Амьдрал бол гайхамшигтай, тиймээс эрсдэлтэй алхам бүү хийгээч” сэдэвт энэ ажилд төмөр замын ажилчид, замын хөдөлгөөний улсын байцаагч, хууль сахиулах байгууллагууд, сайн дурынхан оролцлоо. Эрхүү хотын Трактовая гудамжны төмөр замын гарц бол нэлээд ачаалал ихтэй гол зам юм. Энэ гарам дээр Дорнод Сибирийн төмөр замын машинч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримтлахыг жолооч нарт уриалжээ. Гармын мэдлэгийг дээшлүүлж, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг нийтэд сурталчлахад Ангара мужийн MSM-ийн нээлттэй радио студи зохион байгуулалттай оролцсон бөгөөд мэргэжилтнүүд болон жолооч нар тус радиогоор ярилцсан нь олон хүнд хүрчээ. Мөн асуулт хариултын тэмцээн болж азтанг тодруулсан аж. Улаан-Үд хотод ч хүүхдүүдэд зориулж Буриад улсын нийгмийн нөхөн сэргээх төвийн төмөр замын ажилчид, сурагчдыг нэгтгэн уриалж, хүүхдүүд гарц гармаар гарахдаа аюулгүй байдлыг хангахыг уриалсан ил захидал бэлтгэжээ. Галт тэрэгний осол маш ноцтой үр дагавартай. Олон тонн жинтэй галт тэрэг яаралтай тоормослох үед нэг км хэртэй явж зогсдог, даруй зогсоох боломж огт байхгүй. Тиймээс Эрхүү мужийн төмөр замын орлогч дарга Николай Бузко “Жолооч нар өөрсдийнхөө болон бусдын өмнө хариуцлагатай байхыг уриалж байна. Ард түмний амьдрал үүнээс хамаарч байна” хэмээн хэлжээ. Эрхүү муж болон Буриад улсын хурдны зам дээр замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулав. Үүнд Тайшет, Нижнеудинск, Братск, Северобайкальск, Усть-кут лон Новая чара хотуудад дээрх үйл ажиллагаа зэрэг зохион байгуулагджээ. Гарам дээрх зам тээврийн ослын гол шалтгаан нь жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчих, тэр дундаа хориглох гэрлэн дохиог үл тоомсорлох нь хэвээр байгааг шүүмжиллээ. Энэ жил Оросын төмөр замын хилийн дотор гурван зам тээврийн осол гарсан байна. Өнгөрсөн онд төмөр замын гарам дээр найман осол гарч, хоёр хүн гэмтэж байжээ.
