УБТЗ-д Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баярын хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Зохион байгуулагчид энэхүү үйл ажиллагааг Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд зохион байгуулж буйгаа онцолж байлаа.

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага, Төмөр замын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбоо хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга бөгөөд Залуучуудын төв байгууллагын удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн, УБТЗ-ын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Улаанбаатар хотын Ахмадын хорооны орлогч дарга Ц.Дашням, Төмөр замын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн Д.Бадарч, тус холбооны гүйцэтгэх захирал М.Ганбат нарын хүндтэй зочид оролцлоо.

Үйл ажиллагааны эхэнд Ш.Нямсүрэн дарга Төмөр замын залуучуудын байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмад ажилтнууд болон өнөө цагийг авч яваа залуучууддаа 70 жилийн ойн баярын мэндийг хүргээд УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн мэндчилгээг уншиж сонордууллаа.

Замын дарга Х.Хэрлэн мэндчилгээндээ “...1953 оны аравдугаар сарын 30-нд МХЗЭ-ийн Төв хорооны шийдвэрээр УБТЗ-ын Эвлэлийг байгуулсан байна. Улмаар, 1953 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр төмөр замын ХЗЭ-ийн анхдугаар хурлыг зохион байгуулж, 241 төлөөлөгч оролцож, залуу гишүүдийн сахилга хариуцлага, боловсрол, мэргэжил дээшлүүлэх зэрэг 23 заалт бүхий тогтоол гаргасан түүхтэй... Тухайн үед нам, эвлэлд элсэх нь хувь хүний хөгжил, сахилга бат, нийгмийн идэвх санаачилга зэрэг олон зүйлийг харж гишүүдийнхээ хурлаар баталгаажуулдаг байсан дотоод эв нэгдлийг хангахад чухал ач холбогдолтой байжээ...

...Сүхбаатараас Замын-Үүд хүртэл гол зам дагуу 53 өртөө зөрлөгийг шинээр байгуулж, тэдгээрийг дагасан хот суурингууд манай улсын эрэлттэй дэд бүтэц хөгжсөн, хүн амын төвлөрөл, соёлжилтоороо улсдаа тэргүүлэх хэмжээнд хүрсэн энэхүү гавьяаг төмөр замчин залуучуудын хүч хөдөлмөрийн үр дүн төдийгүй тэднийг манлайлан хошуучилсан эвлэлийн гишүүд та бүхэн минь билээ. Иймээс байгууллага хамт олныг төр засаг үнэлж, 1971, 1973 онуудад “Алтан гадас” одонгоор хоёронтаа шагнагдсан бахархал, дурдатгалыг бүтээсэн та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ган зам зурайж, галт тэрэг саадгүй хурдалж байг” хэмээн онцлон тэмдэглэжээ.

УБТЗ-ын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш баярын хурал дээр хэлсэн үгэндээ “Манай ХЗЭ-ийн байгууллага төмөр замын бүтээн байгуулалтад хошуучлан оролцож байсныг эргэн дурсахад таатай байна. 1970-1980 онд улс орны их бүтээн байгуулалт ид өрнөж байлаа. Тухайлбал, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Багануурын уурхай, ТЭЦ-4-ийн бүтээн байгуулалтын их ачааг төмөр замаар тээж байсан. Тэр он жилүүдэд манай эвлэлийн байгууллага ид гялалзаж байлаа. Өнөөдөр манай эвлэлийн ахмад ажилтнууд болох Д.Бадарч, Л.Мөнхбаяр, Ц.Дашням, А.Чойдорж, Ц.Цэенпил, Л.Сэнгээ, н.Цагаанчулуун нарын олон ахмад ажилтан энд ирснийг харахад сайхан байна. Өдгөө Ц.Золбаатар даргатай манай залуучууд энэ залуучуудын байгууллагыг сайхан авя яваад баяртай байна. Ахмадуудаа урт удаан насалж, удаан жаргахыг, залуучууддаа ажлын их амжилтыг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн баярын хурал дээр ЗТХ-ийн сайдын болон УБТЗ-ын даргын тушаалаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулав.

ЗТХЯ-ны “Хүндэт төмөр замчин” тэмдгээр эвлэлийн ахмад ажилтан Д.Мөнхтөмөр, Н.Намжилханд, “Хүндэт жуух бичиг”-ээр Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар, ЭХУХ-ийн I ангийн инженер О.Ариунбилэг, Улаанбаатар татах хэсгийн машинч Т.Амарбаатар нарыг шагнав. Мөн Замын даргын тушаалаар “Tөмөр замчны алдар” тэмдгээр Төмөр замын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны гүйцэтгэх захирал М.Ганбат, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр эвлэлийн ахмад ажилтан Д.Сугар, Г.Энхжаргал, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр эвлэлийн ахмад ажилтан Н.Баавгай, “Хөгжлийн төлөө” тэмдгээр эвлэлийн ахмад ажилтан Б.Маамхүү, “Хүндэт үнэмлэх”-ээр эвлэлийн ахмад ажилтан А.Чойдорж, Ц.Цэенпил нарыг шагналаа.

Түүнчлэн, эл өдөр төмөр замын ХЗЭ-ийн ажилтан Д.Лхагвасүрэн агсны санаачилсан “Онц хөдөлгөөнчин” тэмдгийн 37 жилийн ой тохиож, уг тэмдгийн дурсгалыг түүний гэргий н.Сосорт гардуулж, хүндэтгэл илэрхийллээ.

Ташрамд дурдахад Төмөр замын намын хорооны товчооны 1986 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Онц хөдөлгөөнчин” тэмдгийн анхны загварыг баталжээ. Түүнээс хойш уг тэмдгийн загварыг хоёр удаа шинэчлэн батлаад байсан бол энэ онд тэмдгийн загварыг дахин шинэчлээд байгаа билээ.

“Онц хөдөлгөөнчин” тэмдгийг хамгийн анх Замын II ангийн замчин Б.Нансалмаа гардаж байжээ.

Энэхүү ойн хурлын үеэр  “Төмөр зам ба залуучууд” сэдвээр Төмөр замын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн Д.Бадарч илтгэл тавьж, мөн “Хамтдаа хөгжсөн 70 жил” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв билээ.

Хэлэлцүүлгийн модератораар  Залуучуудын төв байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга А.Энх-Амгалан, панелистаар Төмөр замын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбооны тэргүүн Д.Бадарч, тус холбооны гүйцэтгэх захирал М.Ганбат, УБТЗ-ын Орос мэргэжилтнүүдийн төлөөлөл Зураг төслийн төвийн дарга О.Л.Филиппов, Залуучуудын төв байгууллагын удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн, Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар нар оролцов. Уг хэлэлцүүлгийн үеэр олон сонирхолтой санал санаачилгууд гарч байсан юм. Эцэст нь, уг хэлэлцүүлээс гурван дүгнэлт гарлаа.

Нэгдүгээрт, Залуучуудын төв байгууллагаас хүн төвтэй бодлогыг барьж ажиллана гэлээ. Өөрөөр хэлбэл, залуучуудын хөгжлийг дэмжиж ажиллах.

Хоёрдугаарт, төмөр замын бүх байгууллагад ажиллаж байгаа залуусыг ямар нэгэн ялгаварлалгүйгээр нэгтгэн, хамтын ажиллагааг тэлэх бодлогыг барьж ажиллах

Гуравдугаарт, төмөр замын Залуучуудын байгууллагын 70 жилийн түүхийн эхний 35 жилийн түүхийг тодруулж, тухайн цаг үеийн баримт сэлтийг тодруулж, сурталчилан таниулах ажлыг Төмөр замын ХЗЭ-ийн ахмад ажилтны холбоотой хамтран хийхээр тогтлоо.

Дээрх гурван чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн ирэх онд УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн хүрээнд хийе гэдэгт санал нэгдлээ.