Нүүр Томилолт Алсын зорилго амжилтад хөтөлнө
Томилолт

Алсын зорилго амжилтад хөтөлнө

G.Press 2 сарын өмнө 80 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Дархан татах хэсгийн депод Ганболдын Эрдэнэдаваа хэмээх залуу бага засварын цехэд ээлжийн мастераар ажилладаг. Тэрбээр удам дамжсан төмөр замчин.Түүний аав Маадоржийн Ганболд Эрдэнэтийн депод зүтгүүрийн засварчнаар ажилладаг байжээ. Г.Эрдэнэдаваа багадаа Эрдэнэт-Дарханы хоорондын замд аавтайгаа хамт зүтгүүрийн кабинд цөөнгүй явж, төмөр замын талаар тодорхой ойлголттой болсон ч яг нарийндаа мэдэх зүйл хомс байжээ. Вагон вагон л гэнэ, үнэндээ зүтгүүрийн кабинд л сууж өссөн хүүхэд байв. Эрдэнэт депо 1997 онд  Эрдэнэт солилцох тасаг болж өөрчлөгдсөнөөр тэднийх Дархан  руу шилжиж иржээ. Түүний аав 2014 онд бурхан болов. Энэ хүртэл Г.Эрдэнэдаваа төмөр замын мэргэжил эзэмшинэ гэж ер бодож, төсөөлж байсангүй. Гэнэт түүнд “Миний аав  ямар мэргэжилтэй, ямар ажил хийж, ямар хамт олонтой байсан хүн бэ? Аав маань ямар хүмүүстэй ажиллаж, яаж  дөрвөн хүүхдээ тэжээж өсгөсөн юм бэ?” гэсэн бодол зурсхийн орж, аавынхаа ажил, мэргэжлийг залгамжлаад үзье, ажил хөдөлмөрийн амт, шимт ямар байдгийг мэдэрье гэж шийджээ.   

Ингээд тэрбээр 2016 онд УБТЗ-ын  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн орж, зүтгүүрийн засварчны мэргэжлээр Мөнхбуян багшийн удирдлагад суралцаж, 2017 онд 33-уулаа төгсжээ. Тэднээс Дарханд зургуулаа хуваарилагдан ирж, илчит тэрэгний дагалдан засварчнаар ажлын гараагаа эхэлж, намар, өвлийн комиссионы бэлтгэл ажилд оржээ. Г.Эрдэнэдаваагийн хувьд явах ангийн дагалдан засварчнаар ажлаа эхэлж, дараа нь кип автоматикын засварчин болжээ. Тэрбээр 2024 он гэхэд кип автоматикын засварчны IV зэрэгтэй болтлоо өссөн байна. Ингээд  УБТЗ-ын Политехникийн коллежид элсэн орж, зүтгүүрийн техникч мэргэжил эзэмшин Дархан татах хэсгийн депод бага засварын цехийн ээлжийн мастераар дэвшин ажиллах болжээ.

Түүний эрхэмлэн хүндэлж явдаг анхны багш бол Жигжидсүрэнгийн Баярцэнгэл гэж ээлжийн мастер байжээ. Тэрбээр ажил дээр ч, амьдрал дээр ч ээлж, хамт олондоо үлгэр жишээ болсон ажилсаг, хөдөлмөрч, удирдан зохион байгуулах авьяастай, бусдыг маш сайн ойлгож, зааж сургадаг хүн байсан гэнэ. Залуучуудад хандаж, өөрийгөө хэрхэн яаж зөв ойлгуулах, эхнэр хүүхдээ хэрхэн хайрлаж халамжлах, найз нөхөдтэйгөө яаж харилцах, хорт зуршлаас хэрхэн хол байх гэх мэт чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг байжээ. “Залуу хүн одооноос л 10-15 хүн цуглуулаад өөрийнхөө санал бодлыг ойлгуулж чаддаг байх ёстой. Ингэж байж л хамт олныг удирддаг болно” гэж тэр хэлдэг байжээ.

Г.Эрдэнэдаваагийн ажил, амьдралд кип автоматикын ахлах засварчин Мөнхтүвшин, засвар эрхэлсэн орлогч дарга Энхтайван, инженер Гансүх зэрэг олон хүн тус дэм болж, өнөөдрийн амжилтад хөтөлжээ. Тэднээс үлгэр жишээ авч, сурч мэдэх зүйл одоо ч дуусаагүй гэж тэр хэллээ.

Одоо Г.Эрдэнэдаваагийн ажилладаг засварын цех нь 110 хүний орон тоотой, зүтгүүрийн төлөвлөгөөт засварыг чанартай сайн гүйцэтгэж, дараагийн засварт орох хугацаа хүртэлх 15000-75000 км замыг гэмтэл сааталгүй туулж,  зорчигчийн болон ачааны галт тэргийг зорьсон газарт нь саадгүй хүргэх зорилттой ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд зүтгүүрийн парк нэмэгдэж байгаа тул засварын төлөвлөгөө нэмэгдэж, жилд 19-21 илчит тэрэг засварлаж, төлөвлөгөөгөө тогтмол 100-110 хувиар биелүүлж байгаа ажээ.

Г.Эрдэнэдаваа ажлынхаа нөхцөл байдлын талаар бидэнд “Сүүлийн жилүүдэд илчит тэрэгний насжилттай уялдан техникийн үзүүлэлтээс хамаарч эвдрэл их гарч байна. Мөн чанаргүй засвар үйлчилгээнээс хамаарч тодорхой хувийн гэмтэл гардаг. Энэ нь хувь хүний буруутай үйлдлээс шалтгаалсан байдаг. Ер нь зүтгүүр гэдэг чинь даруулга”, хомуут гэх мэт хэдэн мянган эрэг боолтоос тогтож бүрдсэн эд шүү дээ. Тэдгээрийг хамгаалсан зүйлсийг дутуу тавьснаас болж  хоорондын замд галт тэрэг зогсох хүртэл гологдол, хүндрэл гардаг. Кип автоматик гэдэг нь нэг үгээр хэлэх юм бол галт тэрэгний тоормос шүү дээ. Манай үе үеийн багш нар, ахлах зааварлагч нар “Дизельд гэмтэл гараад зогсвол тэр дор нь тусламж дуудаад буцаад эргэж болно. Харин авто тоормос эвдэрвэл тоглоом биш шүү” гэж зөвлөдөг байсан. Манай цехийн хамт олон ер нь гологдол, тасалдал, дутагдлыг эрс багасгаж чадсан. Ялангуяа тоормосны системийн монжатууд болон бусад шаардлагатай эд ангиудыг буулган авч, иж бүрэн үзлэг засвар хийдэг боллоо. Стендийн бүх эд ангиудад засвар үйлчилгээ хийж сурлаа. Ингэснээр автомат тоормосны системийн хөлдөлтийг бууруулж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тус дэм болж байгаа. Манай Дархан татах хэсэгт илчит тэрэгний агаар хуваарилагч буюу  гол хоолойн тасалбарын релейг шалгадаг стендгүй байсан. Энэ стендийг манай автоматикын цехийнхэн бүгд л гар бие оролцон хийж, туршиж бэлэн болгосон. Ингэснээр Улаанбаатар татах хэсэгт гол хоолойн тасалбарын релейг аваачиж шалгадаг байсныг больж, стендийг өөрсдөө хийж, гэмтлийг шалгаж, задалж засварлаж, баталгаажуулах боломжтой болсон” гэв.

Г.Эрдэнэдаваагийн эхнэрийг Дамбын Цэрэннжин гэдэг, Дархан татах хэсэгт хэмжигч лаборантаар ажилладаг. Тэд  ам бүл дөрвүүлээ,  том охин нь долоон настай, бага нь ой зургаан сартай гэнэ.

“Гэр бүлийн хоёр нэг дор хамт ажиллах хэр байдаг вэ?” гэж асуувал Г.Эрдэнэдаваа “Энэ тал дээр миний хань ёстой өмөг түшигтэй шүү. Бид хаана, ямар хариуцлагатай ажил хийж байгаагаа сайн мэдэрдэг учраас бие биенээ сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Манай Техник, засвар үйлчилгээний газар маань зүтгүүрийн засвар үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй ханган ажиллаж, маш том ачааг нуруундаа үүрч явдаг газар. Бид илчит тэргийг амласан хугацаандаа гаргахын тулд  бүх чадлаа  дайчлан ажилладаг хүмүүс. Бидэнд цаг сунган ажиллах тохиолдол цөөнгүй. Тэр болгонд эхнэр маань халуун цай хоол бэлтгээд аваад ирнэ. Түүнийг нь ээлжийнхээ хамт олонтой хувааж идчихээд, ажлаа сайхан зохицуулж, илчит тэргээ засвараас нь гаргачихаад гэртээ ирэх мөн ч сайхан шүү. Халуун дулаан уур амьсгалаар угтах гэр рүүгээ яарах нь энэ амьдралын бас нэгэн утга учир юм” гэж тэр хэллээ.

Г.Эрдэнэдаваа соёл олон түмний ажилд идэвхтэй оролцдог тэргүүний залуучуудын нэг ажээ. Хамт олонтойгоо хөгжилдөөд суувал найз нөхдийнхөө  сонорыг нь мялааж, гитар бариад гарын таван барилтаар хөгжимдөж, таван дуу дуулчихдаг байгууллагынхаа Соёл урлагийн хошой тэргүүний ажилтан гэнэ.

Г.Эрдэнэдаваа Дархан-Уул аймгийн Засаг даргын жуух бичиг, Тэргүүний залуу Алтан медаль, УБТЗ-ын Хүндэт үнэмлэхээр тус тус шагнуулж байжээ. Ажил амьдралын нэгэн арваныг үдэж байгаа түүнийг амжилт бүтээлийн арвин он жилүүд өмнө нь хүлээж байна.

“Би алсын хараа, алсын зорилгоо шинэ соргог бүхнийг мэдэрч бусдад таниулах, өөрийгөө өөрчилж нээлттэй байлгаж, хандлага харилцаагаа сайжруулж, ажлаа чанартай хийж, бусдад үлгэр дуурайлал болох гэж тодорхойлж байна. Манай гэр бүлийн хувьд 2026 ондоо шинэ байранд орохыг хүсэж зорьж байгаа. Гэрээ засаад төрөө зас гэдэг дээ” гэж Г.Эрдэнэдаваа хэллээ.

Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж яваа Г.Эрдэнэдаваагийн шинэ жилийн шөнө гэр бүлийнхнийхээ хамт амтат бялуун дээрээ шившсэн хүсэл мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай.

 

Г.Энхбаатар

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.