Шинэ он гарангуут л шугам замынхан “Гурван үеийн уулзалт” хэзээ манай зангилаанд болох бол хэмээн тэсэн ядан хүлээдэг болжээ. Жилээс жилд энэ уулзалтын агуулга, хэлбэр нь сайжирч, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын идэвх санаачилгатай шууд холбоотой. Энэ жилийн “Гурван үеийн уулзалт”-ыг УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын 10 жилийн ойн хүрээнд “Алсаа хараа” сэдвийн дор зохион байгууллаа.
Хойд хэсэглэлд болсон уулзалт энэ сарын 20-23-ны өдрүүдэд Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа зангилаадад боллоо. Идэр есийн хүйтэн тачигнаж, гадаах температур -45 хэмийг зааж байхад Сүхбаатар өртөөнд уулзалтын багийнхан буухад цасны манан хавь ойрыг бүрхэж, цан хүүрэг хаа сайгүй суунаглаж байлаа. Гадаа хүйтэн ч сэтгэлдээ галтай сүхбаатарчууд уулзалтын танхимд цагтаа цуглаж, уригдсан зочдоо халуун дотно угтан авлаа.
Идэр дунд насны залуучууд дүрэмт хувцасаар ижилсэж, ихэмсэг буурал ахмадууд энгэр дүүрэн одон, тэмдгээр гангарчээ. Ийм л дүр зураг зангилаа болгонд давтагдаж байсныг хэлэхэд таатай.
“Гурван үеийн уулзалт”-ын эхэнд Залуучуудын хөгжлийн академийн сургагч багш, Ж.Нацагдорж “Алсын хараа” сэдвээр сургалт хийлээ. “Алсын хараа бол ирээдүйн зорилгоо өнөөдөр тод харж, түүндээ чиглэн алхах чиг баримжаа юм” гэж тэр сургалтаа эхэллээ. “Алсын хараа нь ирээдүйд чиглэсэн, урам зориг өгөхүйц, дунд болон урт хугацаанд хэрэгжихүйц, маш тодорхой байх ёстой. Үүний тулд өөрийн гэсэн амбицтай байж, хүсэл, эрмэлзэл, үнэт зүйлсээ мэргэжлийн онцлог, нийгмийн сонирхлын үүднээс томоор харж зорилгоо тодорхойлох учиртай. Аливаа зорилго нь маш тодорхой, хэмжиж болохуйц, хэрэгжих боломжтой, бодитой, цаг хугацаатай байх хэрэгтэй” гэнэ. Тэрбээр цааш нь амьдралын зорилгыг “Алсын харааны мод” хэмээх зурган дээр тайлбарлаж, амьдралын үнэт зүйлс буюу хайр, итгэл, хүнлэг сэтгэл, шударга ёс, хариуцлага, эрүүл мэнд бол энэ модны үндэс нь бөгөөд амьдралын зорилго буюу төлөвлөх, суралцах, ур чадвар эзэмжих, эдийн засаг санхүүгээ сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах гэх мэт нь энэ модны мөчир, навч нь юм гэж тодорхой хэллээ. Эзэн богд Чингис хаан:
“Өндөр уулыг хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюү
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдъюу” хэмээн сургасныг дурдаад “Мянган бээрийн аяллыг нэг алхмаас эхэлдэг” хэмээн сургалтаа өндөрлөсөн нь уулзалтад оролцогчдын сэтгэлийг хөглөж, урмыг сэргээлээ.
Дараа нь Замын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт УБТЗ-ын 2026 оны зорилтын талаар, УБТЗ-ын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан нар байгууллагынхаа үйл ажиллагааны талаар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ тухай манай сонины өмнөх дугаарт урд замд болсон “Гурван үеийн уулзалт”-ын тухай сурвалжилгад дэлгэрэнгүй дурдагдсан тул энэ удаа товчилъё.
Зангилаа болгонд “Гурван үеийн уулзалт” нэг л хөтөлбөрийн дагуу болж өнгөрсөн ч тухайн газарт болсон хэлэлцүүлэг, “Дурсамжийн галт тэрэгний аялал”-ууд өөр өөрийн онцлогтой, сонирхолтой түүх өгүүлсэн, өрсөлдөөнтэй болж байлаа.
Сүхбаатар зангилаанд болсон хэлэлцүүлэгт “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-ын тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ хэлэхдээ, өнгөрсөн жил төмөр зам дагуу судалгаа хийхэд нийтдээ 120 гаруй хөшөө дурсгал байна гэсэн тоо гарсан. Хамгийн сүүлд манай ТББ-ын санаачилгаар өнгөрсөн онд Сүхбаатар өртөөний ар талын цэцэрлэгт хүрээлэнд УБТЗ-ыг барьж байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан генерал П.А.Гвоздевскийн дурсгалд зориулсан хөшөө боссон байгаа. П.А.Гвоздевский бол Наушки-Улаанбаатарын төмөр замыг барьсан 505 дугаар ангийн захирагч байсан төдийгүй Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зураг төслийн ажлыг удирдаж байсан хүн юм гээд түүний ажил амьдралын тухай сонирхолтой түүх өгүүлэв.
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн уулзалтын баг бүрэлдэхүүн шөнө дунд Дархан өртөөнд буунгуутаа ээлжийн ажилтай төмөр замчдадаа халуун аарц түгээх аянд оролцож, өвлийн тэсгим хүйтнийг халуун сэтгэлээр туулах урам зоригийг нь нэмлээ. Дархан зангилааны ахмадууд залуучуудынхаа санаачилгыг дэмжиж шөнө орой гэлтгүй халуун савтай аарцаа тэврээд холбогч, найруулагч, машинч, вагоны үйлчлэгч, замчид, вагон үзэгч, өртөөний жижүүр гээд бүүр цаашилбал вокзалаар үйлчлүүлж байгаа иргэдэд хүртэл түгээсэн нь бахархам сайхан байлаа.
Дархан зангилаанд болсон “Гурван үеийн уулзалт”-ын хэлэлцүүлэгт Замын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт төмөр замын өртөө зөрлөгийн дагуух хэдэн дан байшингийн суурин дээр орчин үеийн хот, тосгон сүндэрлэж улс эх орны нийгэм, эдийн хөгжилд хэчнээн их хувь нэмэр оруулж байгааг Дархан, Замын-Үүдээр жишээ авч ярьж, энэ бүхнийг бүтээн байгуулахад үе үеийн төмөр замчдын хичээл зүтгэл их байсныг ямагт санаж явах учиртай гэв. Иймд ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоог батжуулж, мэдлэг туршлагаа хуваалцахад энэ уулзалт чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж байв.
“Залуу нас одтой нас, залуу нас хийморьтой нас” гэсээр Замын VI ангийн ахмадын хорооны дарга Агиймаа гал цог бадруулсаар тайзан гарч, хийморь цогтой үгсээ дуурсгаж, танхимд цугласан олныг баясгалаа. Тэрбээр анх 1979 онд Сайншанд өртөөнд ажиллаж байхад одоогийн Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр дөнгөж сургууль төгсөөд холбооны байшинд ирж байсан тухай, Салхит өртөөнд Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ даргын удирдлага дор ажиллаж байсан тухайгаа халуун дотноор дурсаж, залуучууддаа хандаж Замын даргын үзлэгийн үеэр болон “Гурван үеийн уулзалт”-ын үеэр санал сэтгэгдлээ сайн хэлж, ярьж бай гэж захилаа.
Эрдэнэт өртөөнд болсон уулзалтад “Бид тав дахь үеийн төмөр замчид” хэмээн бяцхан хүүхдүүд “галт тэрэг” хөлөглөн гарч ирсэн нь онцгой содон байлаа. Өмнө нь цагдаа болно хэмээж байсан бяцхан хөвгүүн “Гурван үеийн уулзалт”-ын дараа эргэлт буцалтгүй “Төмөр замчин” болохоор шийдсэн гэж эцэг эх нь бахархан ярьж байлаа.
Эрдэнэт зангилааны дарга Ц.Амарсайхан “Идэр есийн хүйтэн тачигнасан энэ өдөр “Гурван үеийн уулзалт” халуун дулаан болж байна. УБТЗ маань ямар сайхан байгууллага вэ? Ямар алсын хараатай байгууллага вэ? Ямар мундаг ахмадуудтай юм бэ? Ямар гайхамшигтай залуучуудтай юм бэ? гэдгийг энэ уулзалт нотолж байна. Магадгүй алсын хараагаа тодорхойлж чадаагүй залуучуудад ахиад хүсэл зорилгоо шинээр тодорхойлох замыг зааж өглөө. Ахмадууд маань ямар их хариуцлагатай бөгөөд хүнд үеийг туулаад ирсэн юм. Энэ бахархам түүхийг дунд болон залуу үеийнхэн яаж тээж авч явах вэ гэдгийг энэ уулзалт бидэнд сануулж өглөө. Энэ бол алтаар үнэлэхийн аргагүй ач холбогдолтой үйл ажиллагаа юм” гэв.
Зүрхэнд ойрхон Зүүнхараагийнхан маань “Гурван үеийн уулзалт”-ын багийнхныг халуун дотно хүлээж авлаа. Энэ удаа багийн бүрэлдэхүүнд Замын хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, УБТЗ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтны холбооны гүйцэтгэх захирал, Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун нар нэмэгдэж ирсэн юм. Б.Гантөмөр дарга УБТЗ-ын 2026 оны зорилтын талаар танилцуулахдаа хариуцсан ажлынхаа хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун “Гадаа -40 хэмийн хүйтэнд манай төмөр замчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэдэнд хүйтний нэмэгдлийг гадна хэмийн хүйтнээс хамаарч өсгөж олгодог болмоор байна” гэж яриагаа эхэллээ. “Хүнд хортой нөхцөлд ажилладаг учраас манай депогийн ажилтнууд эрт тэтгэвэр гарч байгаа тул туршлагатай хүн илт дутагдаж байна. Одооны залуучууд ширүүн үг сонсох дургүй болсон, хэрэв тэгвэл дороо ажлаа хаяад явчихдаг гэнэ. Түүний оронд аятайхан зөнгөөр нь явуулаад байвал ажлаа хийгээд байдаг гэнэ. Ялангуяа цалин мөнгийг нь нэмээд, мэргэжлийн зэргийг нь л хурдан ахиулаад өгчихвөл тогтвор сууршил нь сайжирдаг гэж цаагуур чинь яриад байна” гэв.
Ингэж л “Гурван үеийн уулзалт” илэн далангүй, яриа хөөрөөтэй, дуу хууртай болж өнгөрлөө.
УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын Б.Дэлгэрхишиг, Э.Ганбат, А.Содбаяр Т.Батзул нарын зэрэг залуус очсон газар бүрээсээ “Гурван үеийн уулзалт”-ын тухай мэдээллийг шуурхай дамжуулж, "Ажлын байртай танилцъя" гэсэн контент бэлтгэж, шилдэг тэргүүний олон залуусын бүтээлч хөдөлмөрийн тухай контент бэлтгэж, цахим сүлжээгээр цацаж байсан нь нийт төмөр замчдын анхаарлыг татаж байв.
Г.Энхбаатар

Сэтгэгдлүүд
2 сэтгэгдэл байна.