Замын даргын улирлын үзлэгийн төвийн хэсгийн дүнгийн хурал өнгөрөгч баасан гарагт “Ган зам” паласт боллоо. Хурлыг УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн удирдаж, Тээврийн хяналтын албаны байцаагч нар үзлэг шалгалтын явцад илэрсэн дутагдал, шалтгаан нөхцөл, санал дүгнэлтээ танилцуулав.
Хурлаар хамгийн их донго хүртэж, баалуулсан газар Улаанбаатар Татах хэсгийнхэн байлаа. Дутагдлын олонх нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой доголдлууд байв. Тухайлбал, засвар шаардлагатай илчит тэрэгнүүдийг санамжийн дагуу бүрэн гүйцэд засалгүйгээр, дутуу дулимаг хүлээлгэн өгөх зөрчил хавтгайрсан нь ноцтой эрсдэл бий болгож байгааг Ш.Нямсүрэн дарга онцолж, байцаагчдын дүгнэлтийг иш татан Э.Батдэлгэр даргад хугацаатай үүрэг даалгавар өглөө. Мөн зарим сэлбэг хэрэгслийн хангалт саатсанаас “Тэмээн дээр ямааны гарз” гарч мэдэх нөхцөл байдал үүсэж байгааг үзлэгийн хэсгийнхэн онцолсон юм. А-828 тоот тушаал гарснаас хойш татах хэсгийн засварын цех эрсдлээ зөв үнэлж чадахгүй байгаа нь ажилтнуудын биш дарга удирдлагуудынх нь буруу хэмээн дүгнэж, тэднийг зөв удирдлага, оновчтой зохион байгуулалтаар хангахад онцгойлон анхаарч, хөдөлмөрийн хуваарь, хяналтын тогтолцоог чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо. Хагас жилийн өмнөх протокол нь үг үсгийн зөрүүгүй, яг тэр хэвээрээ явж байдаг, илтгэх хуудас нь ч толгойн дээрх он сараас өөр солигдсон юмгүй ирдэг гэхчилэн алдаа дутагдлаа засаж сайжруулах талаар ахицгүй, назгай хойрго байгааг хатуухан шүүмжлэв. Түүнчлэн, ажлын дотоод зохион байгуулалттай холбоотой алдаа дутагдлууд дурдагдсанаас гадна засварын цехийн мастер, хүлээн авагч нарыг хүний нөөцийн бодлогоор бэлтгэж тогтвор суурьшилтай ажиллуулах талаар ч үзлэгийн тайланд дурджээ. Засварын хэсэгт хүний нөөцийн бодлого алдагдсанаас салбарын тархи, зүрх болсон засварын ажил унаад байгаад анхаарах шаардлагатай байгаа юм байна.
Энэчлэн, үзлэг шалгалтын явцад алба нэгжүүд дээр илэрсэн дутагдал бүхнийг нэг бүрчлэн илтгэж тухайн ажлыг хариуцаж байгаа холбогдох удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, зарим асуудлыг шийдвэрлэх төсөв хөрөнгийг хэрхэн шийдсэн талаар тайлагналаа. Эцэст нь Замын даргын үзлэгийн үр дүнгийн хурлыг хаахдаа Ш.Нямсүрэн дарга “Саяын үзлэгээр бид шугам замд ажиллаж байгаа бүхий л албан хаагчдынхаа ажлын орчин, амьдралын нөхцөлийг газар дээр нь шалгаж, тэдэнтэйгээ биечлэн уулзаж, ажил амьдралд нь тохиолдож байгаа зовлон жаргалыг ний нуугүй ярьж хөөрлөө. Энэ бол манай үзлэгийн тогтсон соёл. Хамгийн онцлууштай нь энэ удаагийн үзлэг өвлийн тэсгим хүйтний цагаар таарч, -50 хэмийн жаварт ажил үүргээ гүйцэтгэж яваа замчдынхаа хөдөлмөрийн талбарт асуудлыг амьд халуунаар шийдлээ. 284-р км дээр зогсоход 26 жил тасралтгүй бригадын даргаар ажилласан Мухамед маань “Насандаа үзээгүй хүйтнийг үзлээ. Халуун хүйтнийг хэмждэг -+50, -50-тай багажны зүү тулчихаад хөдлөхгүй байна” хэмээн ярьж байсан. Өнөөдрийн хурлаар алдаа дутагдлууд олонтаа дурдагдсан ч ахиц дэвшлүүд ч бас байгаа. Саяхан зэмлүүлж суусан Улаанбаатар Татах хэсгийн Э.Батдэлгэр дарга л гэхэд ажилчидтайгаа ойр байх гэж, хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлийг лозун биш ажил болгохоор зүтгэж байгаа. Манай Дохиолол холбооны хоёрдугаар ангид тасаг цехүүдийн зохион байгуулалтыг их зөв болгосон байна гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагч сая бас хэлж байна. Улаанбаатар, Толгойт өртөөд ажилчдынхаа эрүүл мэнд сургалт хүмүүжил дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа юм байна. Замын хэсгүүд дээр л гэхэд Замын хоёрдугаар ангийн дарга Д.Алтангэрэл ажилчдаа анхаарсан, тэдэндээ чиглэсэн сайн зохион байгуулалтыг хийжээ. Эрчим хүчнийхэн маань энэ хүйтэнд төмөр замын бүх орон сууцны тог цахилгааныг тасралтгүй өгч ажилласан. ТЭЦ-ээс шалтгаалсан тасалдал байгаа болохоос УБТЗ-ын өөрийн дотоодын шугам сүлжээнээс шалтгаалсан тасралт огт байхгүй нь сайн. Вагоны эд анги хүртэл царцсан тэсгим хүйтэнд авгончид маань үүрэгт ажлаа халуун сэтгэлээр хийж хоногийн 24 цагаар ажиллаж байна. Аюулгүй ажиллагааг хангах том шалгуурыг бүх төмөр замчин маань хичээн хангаж ажиллаж байгаа нь бодит амжилт” хэмээн дурдаж ажилтан, албан хаагчдаа урамшуулсан юм.
Хурлын төгсгөлд УБТЗ-д олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад төмөр замчин болон галт тэрэгний аюулгүй байдлыг хангаж, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан зарим ажилтнаа тус байгууллагын дээд шагналуудаар урамшуулан шагнасан юм. Тухайлбал, УБТЗ-д 33 жил тасралтгүй ажилласан, Улаанбаатар татах хэсгийн машинч Лхамаарагчаагийн Болор, мөн байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан, Дохиолол холбооны хоёрдугаар ангийн харьяа Багахангай холбооны хэсгийн механикч Лайзадын Нямсүрэн нарыг “Төмөр замчны алдар” тэмдгээр, ноцтой үл тохирлуудыг илрүүлсэн Улаанбаатар ТҮГ-ын вагон үзэгч, засварчин Дашдаваагийн Отгонням, Улаанбаатар татах хэсгийн засварчин Мөнхбаатарын Батболд нарыг “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагналаа. Мэргэжлийн бахархал болсон “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнуулсан хоёр залуугийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэе.
Д.Отгонням:
-УБТЗ-д 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний өвөө төмөр замын Авто баазад, аав минь мөн төмөр замын Барилга орон сууцны албанд насаараа ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарцгаасан. Би хөдөлгөөний чиглэлээр ажиллаж удмаасаа анх удаа “Онц хөдөлгөөнчин” шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Байгууллага, хамт олондоо их баярлалаа.
М.Батболд:
Би Төмөр замын МСҮТ төгссөн, УБТЗ-д зургаа дахь жилдээ ажиллаж байна. ТО-2 үзлэгийн явцад хүнд гэмтлүүдийг илрүүлсний төлөө ийм нэр хүндтэй шагнал хүртсэндээ их баярлаж байна. Би мэргэжлийн тавдугаар зэрэгтэй. Хос дугуй гацах эрсдэл болон, бандажны цав илрүүлсэн. Татах хэсгийнхэн болон ТҮГ-ынхаа хамт олонд талархлаа.
Б.Занданхүү
