Нүүр Ярилцлага А.Энх-Амгалан: Манай залуучууд нийгэмлэгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байн...
Ярилцлага

А.Энх-Амгалан: Манай залуучууд нийгэмлэгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна

G.Press 3 сарын өмнө 163 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын 10 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиолоо. Тус байгууллагын тэргүүн Алтангэрэлийн Энх-Амгалантай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

 

- УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын түүхэн үүслийн тухай товч ярина уу?

 

- Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр хуучны МХЗЭ-ийн байгууллага татан буугдаж, улмаар УБТЗ-ын хувьд нэг хэсэг залуучуудын байгууллагагүй явж ирсэн байдаг. Энэ хугацаанд салбар нэгжүүд болон төв аппаратад залуучуудын үүсгэл санаачлагын хэд хэдэн байгууллага бий болсон ч тодорхой нөхцөл, шалтгааны улмаас үйл ажиллагаа нь тогтмолжиж чадахгүй байжээ. Иймд төмөр замчин залуучууд  хүсэл зорилгоо нэгтгээд одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дархан хотод чуулж, алсын хараагаа тодорхойлж, УБТЗ-ын хөгжлийг хөтлөх, өрсөлдөх чадвартай бүтээлч залуучуудыг бий болгох зорилгоор тархай бутархай залуучуудын олон байгууллагуудыг нэгтгэж,  УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Анхныхаа тэргүүнээр одоогийн Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Моононхүүгийн Цогтыг сонгон ажиллуулжээ. Түүний удирдсан баг дөнгөж үүссэн шинэ байгууллагыг хөл дээр нь босгохын тулд  олон асуудал, саад бэрхшээлийг даван туулж, залуучуудын манлайлал, итгэл үнэмшлийг сэргээж,  дараагийн үедээ нэр төртэй хүлээлгэж өгсөн гэж бид дүгнэдэг.

Дараагийн тэргүүнээр одоогийн Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Шижирбаатарын Нямсүрэн сонгогдон ажилласан. Түүний тэргүүлсэн  хоёрдугаар үеийн удирдлагын баг, хамт олон төмөр замчин залуучуудынхаа эв нэгдлийг улам бэхжүүлж, зөвхөн УБТЗ-ынх гэлтгүй нийт зам, тээврийн салбарын залуучуудын болон олон улсын төмөр замчин залуучуудын хамтын ажиллагаа, манлайллыг бий болгож, хөгжүүлсэн юм.

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын гурав дахь тэргүүнээр одоогийн Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Цэвээнжавын Золбаатар 2022-2024 онд сонгогдон ажилласан. Түүний удирдсан гуравдугаар үеийн удирдлагын баг, хамт олон  төмөр замчин залуучуудын хөгжлийг дэмжих бодлогын баримт бичгийг боловсруулж, Замын даргаар батлуулан мөрдөн ажиллуулж эхэлсэн онцлогтой.  

Одоо бол 2024 оны 11 дүгээр сарын 22-нд сонгогдсон дөрөв дэх үеийн удирдлагын баг хамт олон Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг нуруун дээрээ үүрээд явж байна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 41 салбар зөвлөлтэй ажиллаж байна. Хамгийн сүүлд 41 дэх салбар зөвлөл маань Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэр дээр байгуулагдаад байна.

 

-Залуучуудын төв байгууллага маань ямар бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

 

-Манай залуучуудын байгууллага цаг үеийнхээ нөхцөл шаардлагын дагуу эрх барих дээд байгууллага чуулганаас чуулганд шинэчлэгдэн зохион байгуулагдаад явдаг. 2024 онд болсон  чуулганаас батлагдсан бүтцийн хувьд гэвэл тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий санхүүч, тусгайлсан асуудал хариуцсан 10 дэд тэргүүнтэй байгаа. Дэд тэргүүнүүд маань хойд, урд, төвийн хэсэглэл хариуцсан, шугам замын хөгжил хамтын ажиллагаа, олон нийтийн асуудал, дотоод үйл ажиллагаа, эрүүл мэнд, спорт, гишүүнчлэл, цахим хөгжил, инноваци технологи, сургалт судалгаа гээд тусгайлсан 10 асуудлыг хариуцан ажилладаг. Дээр нь үндсэн дүрмийн дагуу Ажлын алба, Хяналтын зөвлөл ажилладаг. Залуучуудын төв зөвлөлийн гаргасан төлөвлөлт, бодлогын хүрээнд 41 салбар зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байна.

Салбар нэгжийн залуучуудын зөвлөлүүд үйл ажиллагаандаа залуучуудаа нэгтгэж оролцуулах, салбар нэгжийн түвшинд залуучуудын асуудалтай холбоотой ажлуудыг зохион байгуулж явуулдаг.  Бид 2024 оноос эхлээд Зөвлөхийн танхимтай болсон. Энэ маань залуучуудын байгууллагад ажиллаж байгаад насны хязгаараар гишүүнчлэлээс чөлөөлөгдсөн хүмүүсээ дэргэдээсээ холдуулалгүй байж, тэдний санал зөвлөмжийг байнга авч, хамтран ажиллах зорилготой юм.

 

-Танай багийн дэвшүүлсэн зорилт юу вэ?

 

- Миний тэргүүлж байгаа УБТЗ-ын Залуучуудын төв баг, хамт олон “УБТЗ-ын залуу ажилтны хөгжлийг дэмжих талаар Замын даргын 2022 оны 278 дугаар тушаалаар батлагдсан бодлогын баримт бичигт тусгагдсан долоон зорилтын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн хувьд 35 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол энэ жил 32 ажил хийхээр төлөвлөөд явж байна.

Манай баг анхны Удирдах зөвлөлийн хурлаараа “Олуулаа, чадварлаг, бүтээлч, манлайлагч байя гэсэн уриаг зорилт болгон дэвшүүлсэн. Энэ хүрээнд, гишүүнчлэлийн хувьд чадварлаг, хувь хүний хөгжлийн хувьд бүтээлч, үзэл баримтлалын хувьд нийгэмд тулгамдсан асуудлыг тодорхойлж шийдвэрлэх,  манлайллын хувьд бодлогын хүрээнд хүний нөөцийг бэлтгэж, ирээдүйд байгууллагын хөгжлийг түүчээлэх манлайлагчдыг тодруулан гаргах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон.

Бид зорилго руугаа илүү ойртохын тулд хамгийн түрүүнд “Залуучууд хөгжлийн академи”-ийг 2024 онд албан ёсоор байгуулж, хүний хөгжлийн чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн. Өнөөдөр манай залуучуудаас 70 гаруй сургагч багш бэлтгэгдээд байна. Ингэснээр салбар нэгжүүд дээр гаднаас төлбөртэй авдаг байсан хүний хөгжлийн сургалтуудыг бие даан хийдэг болж, урьд нь УБТЗ ХНН-аас гаргадаг байсан мөнгөн урсгалыг хэмнэж, эргээд ажилтнууд дотроосоо өөрсдөө хөгжиж, байгууллагын хөгжилд жинтэй хувь нэмрийг оруулж байна.

Өнөөдөр улс орон, байгууллага, хамт олон, айл өрх хүртэл хүний хөгжлийн индекст суурилж үйл ажиллагаа, ахуй амьдралаа зохицуулахыг  чухалчилдаг болсон учраас манай энэ төсөл маш үр дүнтэй хэрэгжиж байна.

Ер нь залуучуудын байгууллагын гишүүн байж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноороо залуучуудад нэгдүгээрт, мэргэжил боловсролоо дээшлүүлж,  шинжлэх ухааны ололт амжилтаас суралцаж, хамт олны болон хувь хүний хөгжил сайжрах боломж нээгдэж байгаа. Ингэснээр залуучууд маань орчин үед софт буюу зөөлөн ур чадвар болох харилцаа, хандлагаа сайжруулах, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд онцгой анхаарч, өөрийгөө ямар түвшинд байгааг үе тэнгийн гадаад дотоодын залуучуудтай харьцуулж  үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олж хардаг. Хоёрдугаарт өөрийнхөө хувь нэмрийг байгууллагын болон нийгмийн хөгжилд оруулах боломжтой болдог. Гуравдугаарт, УБТЗ-ын хэмжээнд болон зам тээврийн салбарт олон улсын хэмжээнд түншлэл буюу нөхөрлөлийн боломжийг олгодог. Энэ бол та залуучуудын байгууллагаар дамжуулж олон мэргэжлийн залуустай нөхөрлөж найзлах, туршлага солилцох, хамтдаа хөгжих боломжийг олгож байгаа гэсэн үг. Дөрөвдүгээрт, залуучуудад шийдвэр гаргахад бодитой  оролцох боломжийг нээж өгдөг. Тухайлбал, Залуучуудын байгууллагын гишүүн “Гурван үеийн уулзалт”-д оролцлоо гэхэд  тухайн арга хэмжээн дээр тодорхой санал дэвшүүлбэл дараа нь гаргах шийдвэрт тодорхой хэмжээгээр тусгагдсан байдаг. Энэ бол шийдвэр гаргахад оролцож байгаа нэг боломж юм.

 

-Онцлон хийж хэрэгжүүлсэн томоохон ажил юу байна вэ?

 

-Анхаарал татсан онцлох ажлын нэг нь Олон улсын төмөр замчин залуучуудын  форумыг зохион байгуулж, “Хил хязгааргүй хамтдаа хөгжицгөөе” гэсэн уриалга дэвшүүлэн залуучуудаа дараагийн шатанд гаргаж, олон улсын түвшинд хөгжүүлэх зорилгын хүрээнд олон улсын төмөр замчин залуучуудтай нэг түвшинд суралцаж, сэтгэж, бодож, хөгжих боломжийг нээж өглөө. Үүний үр дүнд Оросын төмөр замууд нийгэмлэгийн дэргэдэх Залуучууд хөгжлийн төвтэй хамтын ажиллагаа тогтоож, тодорхой төслүүд дээр гадаад хэлний болон бусад тодорхой шаардлагыг хангасан Монголын залуучуудыг Оросын төмөр замууд нийгэмлэгийн арга хэмжээнд оролцуулдаг боллоо.

Өнгөрсөн зун болсон төмөр замчин залуучуудын форумд Монгол, Хятад, Орос, Солонгос, Герман гээд таван орны 180 орчим төмөр замчин залуучууд оролцож,  санал бодлоо солилцож, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ илэрхийллээ. Цаашдаа энэ үйл ажиллагаа маань улам өргөжиж, магадгүй ирээдүйд Монголын төмөр замчин залуучуудын санаачилга дээр тулгуурласан Олон улсын төмөр замчин залуучуудын хамтын нөхөрлөлийн байгууллагыг Монгол Улс төвтэй байгуулагдахыг үгүйсгэх аргагүй.

Ингэж монголын төмөр замчин залуучууд олон улсын хэмжээнд манлайлал үзүүлэхэд бэлэн байна.

 

-Замын хэмжээний бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

 

-МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо өөрийн шугамаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаандаа Залуучуудын байгууллагын төлөөллийг оролцуулж, дуу хоолойг нь сонсдог болсон.

Бид Ахмадын байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагыг үүссэн цагаас нь УБТЗ-ын Ахмадын холбоо, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Ахмад ажилтны холбоо дэмжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын Ахмадын холбоотойгоо илүү ойр үйл ажиллагаагаа уялдуулж, “Гурван үеийн уулзалт”-ыг тогтмол амжилттай зохион байгуулдаг боллоо. Энэ оны эхэнд  “Гурван үеийн уулзалт”-ыг бүх зангилаадад хийж дууслаа. Эдгээр уулзалтын тайлан, дүн шинжилгээг нэгтгэж Замын удирдлагад танилцуулна.

Бидэнд боломж олгож, хүний хөгжил, ялангуяа залуучуудын хөгжилд онцгой анхаардаг Замын үе үеийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье ээ.

Залуучууд хөгжлийн академиас гадна сайн дурын ажилтны клуб байгуулсан. Энэ клубт найман настай балчраас 80 настай ахмад хүртэлх хэн ч гишүүн байж болно. Энэ байгууллагад нэгдэн орсноороо гадаад хэлний мэдлэг чадвартай хэн ч  тив дэлхийн болон олон улсын урлаг спортын, бусад төрлийн хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаанд сайн дурын ажилтнаар оролцох боломж нэмэгдэх юм. Ингэснээр тухайн хүний идэвх оролцоо нь эргээд нийгэм хамт олондоо ямар их хариуцлагатай хүн болохыг илтгээд зогсохгүй, ямар их үнэт зүйлийг бий болгож байгааг мэдрүүлдгээрээ ихээхэн ач холбогдолтой юм.

Сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцож байсан түүх нь залуучуудын хувьд дараа дараагийн олон улсын сургуулиудад элсэн орох тэтгэлэг авахад нэг чухал шалгуур үзүүлэлт, маш том дэмжлэг болдог гэдгийг хэлэх байна. Иймд та бүхэн сайн дурын клубт нэгдэхийг хүсвэл 95221127 дугаараар холбогдоорой.  

 

-Замын удирдлагын хэмжээнд болон салбар нэгжийн удирдлагын түвшинд залуучуудын эзлэх хувь хэр байна вэ?

 

-УБТЗ-д анх ажилд орсон хүн мерит зарчмаар өгсөж явдаг учиртай. Ямарч их, дээд сургууль төгссөн байлаа хамгийн бага албан тушаалаас нь ажлын гараагаа эхэлдэг онцлогтой. Ингэж шатлал ахиж, албан тушаал өгсөж яваа залуучууд бусадтайгаа мөр зэрэгцэн ажил мэргэжилдээ өсөн дэвшиж, өөр өөрийнхөө байгууллага, салбар нэгж, цех тасгийн хэмжээнд тодорхой хариуцлагатай албан тушаалд томилогддог. Тэд ядаж л арван хүн цуглуулаад үг хэлчихдэг, зуун хүн цуглуулаад үйл ажиллагаа зохион байгуулчихдаг, хүнтэй харьцах арга эвээ олоод сурчихдаг. Энэ нь өөрсдөд нь  мэдлэг болоод тогтчихдог учраас ерөнхийдөө шат шатны удирдах түвшинд ажиллах хэмжээнд хүртэл өссөн байдаг.

Одоо Монгол Улсад өрнөж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа төр, хувийн хэвшлийн томоохон компаниудад УБТЗ-аас ажлын гараагаа эхэлсэн шилдэг тэргүүний залуучууд удирдах албан тушаалд олноороо ажиллаж байна. Залуучууд маань ч өөрсдийгөө хөгжүүлж, гадаад дотоодод мэргэжил боловсролоо дээшлүүлж, зэрэг дэвээ ахиулж байгаа нь үүнд чухал нөлөө үзүүлж байна.  

 

-Залуучуудын байгууллагын үйл ажиллагааны төсөв санхүү ямар зарчмаар яаж бүрэлддэг вэ? Замын захиргааны зүгээс ямар дэмжлэг байдаг вэ?

 

-. Манай  залуучууд 2016 онд гар утсаа бөөнөөр нь ломбардад тавьж байгаад Залуучуудын төв байгууллагынхаа анхны уулзалтуудаа хийж байжээ. Гэтэл маргааш нь утас холбогдохгүй шалтгаанаар арга хэмжээ авахуулж байсан хөгжилтэй түүх байдаг. Одоо залуучуудын төв болон салбар зөвлөлийн сонгуульт албан тушаалтнууд сар бүр тодорхой татвар хураамж төлдөг болсон. Тухайлбал, Төв зөвлөлийн 11 сонгуультан нар сар бүр 50 мянган төгрөгийн татвар хураамж төлдөг. Энэ нь жилдээ долоон сая төгрөг болдог. Энэ мөнгөөрөө өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.  

Замын захиргаанаас Залуучуудын төв байгууллагын чуулган, “Гурван үеийн уулзалт, Орос-Монголын найрамдлын сарын аян, Олон улсын төмөр замчин залуучуудын чуулга уулзалт гэх мэт томоохон үйл ажиллагаануудад төсөв, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Бусад хамтын ажиллагааны хүрээнд гэхэд л Жи Си Ай олон улсын залуучуудын байгууллагын санхүүжилтээр алслагдсан өртөө зөрлөгт амьдарч байгаа төмөр замчдын хүүхдүүд суралцдаг 73 дугаар сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд тусгайлсан сургалтыг 30 орчим сая төгрөгийн санхүүжилтээр үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

 

-Ярилцлагын төгсгөлд залуучууддаа хандаж юу хэлмээр байна вэ?

 

-Энэ цаг үед бас ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй нэгэн дээвэр дор нэгдэж чадсан үе үеийн залуучуудаараа бахархаж байна. Хүн болгон залуу насыг туулдаг. Залуу байхдаа нэг гартаа залуу насаа, нөгөө гартаа галт бамбараа хэрхэн дүрэлзүүлж чадсан нь тухайн цаг үеийнхээ эзэн нь байж чаддаг. Ийм цог төгөлдөр залуучууддаа Залуучуудын төв байгууллагын 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, гүн талархал илэрхийлье. Та бүхэн байгаагүй болбол өнөөдрийн Залуучуудын төв байгууллагын хөгжил эргэлзээтэй байх байсан. Төмөр замчин залуучуудын хамтын хүч, хамтын зүтгэлээр ирээдүйгээ итгэл төгс цогцлоож, дараа дараагийн залуучууддаа арвин баян түүхтэй өвлүүлэн үлдээе ээ гэж уриалж байна. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, аз хийморийг хүсье ээ.

 

Г.Энхбаатар 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.