Нүүр Ярилцлага А.Энх-Амгалан: Дараагийн арван жил бол залуучуудын санаачилга, манлайллыг бодит...
Ярилцлага

А.Энх-Амгалан: Дараагийн арван жил бол залуучуудын санаачилга, манлайллыг бодит үр дүн болгох үе

G.Press 19 цагийн өмнө 234 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага шинэчлэн байгуулагдсаны түүхт 10 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн арван жилд төмөр замчин залуучуудыг нэгтгэсэн бүтэц, тогтолцоогоо бүрдүүлж, тэдний хөгжил, оролцоо, манлайллыг дэмжих олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлжээ.

Харин ойн жилийг зөвхөн өнгөрснөө дүгнэж, баяр тэмдэглэх хугацаа бус, дараагийн арван жилийн хөгжлийн чиглэлээ тодорхойлох шинэ эхлэл болгон харж байна. Энэ хүрээнд залуучуудын санаачилга, мэргэжлийн хөгжил, инновац, олон улсын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ салбар зөвлөлүүдийн оролцоог нэмэгдүүлж, залуу төмөр замчдын бүрийн дуу хоолой, шинэ санааг байгууллагын хөгжилтэй уялдуулахад онцгой анхаарч байгаа юм.

Ойн хүрээнд өрнүүлж буй ажлууд, олон улсын түвшинд гарч буй шинэ амжилт, төмөр замчин залуучуудын оролцоо, цаашдын зорилтын талаар УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн Алтангэрэлийн Энх-Амгалантай ярилцлаа.

– УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 10 жилийн ойтойгоо золгож байна. Байгууллагынхаа түүхэн замналыг товчхон эргэн сануулахгүй юу?

– Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр хуучны Залуучуудын Эвлэлийн байгууллага татан буугдаж, УБТЗ-ын хэмжээнд нэг хэсэг залуучуудын нэгдсэн байгууллагагүй явж ирсэн байдаг. Энэ хугацаанд салбар нэгжүүд болон төв аппаратад залуучуудын үүсгэл санаачилгын хэд хэдэн байгууллага бий болсон ч үйл ажиллагаа нь тогтмолжиж чадаагүй. Иймээс төмөр замчин залуучууд хүсэл зорилгоо нэгтгэн 2016 оны нэгдүгээр сарын 29-нд Дархан хотод чуулж, УБТЗ-ын хөгжлийг хөтлөх, өрсөлдөх чадвартай, бүтээлч залуучуудыг төлөвшүүлэх зорилгоор тархай бутархай залуучуудын байгууллагуудыг нэгтгэж, УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагыг байгуулсан түүхтэй. 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ноос дөрөв дэх үеийн удирдлагын баг маань сонгогдон ажиллаж байна. Арван жилийн хугацаанд үе үеийн удирдлага, идэвхтэн сонгуультнуудын залгамж холбоо, хамтын хөдөлмөрөөр өнөөгийн тогтолцоо бүрдсэн гэж хардаг.

– Өнөөдөр Залуучуудын төв байгууллага ямар бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

– 2024 оны Чуулганаас батлагдсан бүтцээр тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий санхүүч болон тусгайлсан чиглэл хариуцсан 10 дэд тэргүүн ажилладаг. Хэсэглэлүүд, шугам замын хөгжил ба хамтын ажиллагаа, олон нийт, дотоод үйл ажиллагаа, эрүүл мэнд, спорт, гишүүнчлэл, цахим хөгжил, инновац технологи, сургалт судалгаа зэрэг чиглэлээр ажлаа хуваарилан зохион байгуулдаг. Үндсэн дүрмийн дагуу Ажлын алба, Хяналтын зөвлөл ажиллаж, 42 салбар зөвлөлүүд нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үндсэн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор Залуучууд хөгжлийн академи, сайн дурын клуб, хөдөлмөр зуучлалын зөвлөгөө зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Мөн 2024 оноос Зөвлөхийн танхим байгуулсан. Ингэснээр насны хязгаараар гишүүнчлэлээс чөлөөлөгдсөн ч туршлага, мэдлэгээрээ залуу үедээ зөвлөх боломжтой хүмүүсийн оролцоог хадгалж, үе хоорондын залгамж холбоог бэхжүүлсэн.

– Арван жилийн ойг угтаж ямар ажлуудыг онцлон хийж, хэрэгжүүлж байна вэ?

– 2026 он бол УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын хувьд онцгой жил бөгөөд үүсэж, төлөвшин хөгжөөд 10 жил болж байна. Тиймээс энэ жилийн ажлуудыг зөвхөн ойн хүрээнд нэг удаагийн арга хэмжээ зохион байгуулаад өнгөрөхөөс илүүтэйгээр өнгөрсөн 10 жилийн ажлаа дүгнэж, цаашдын залуучуудын байгууллагын хөгжлийн суурийг бий болгоход чиглүүлж байна. Энэ хүрээнд бид бүх зангилаанд залуучууддаа хүрч санал бодлоо солилцох, “ЗТБ-ын тугийг аялуулах аян”, “Төмөр замчдын ажлын байртай танилцъя” контент, олон улсын төсөл арга хэмжээнүүдэд залуучуудынхаа оролцоог хангах, дотоодын хамтын ажиллагаатай залуучуудын байгууллагууд JCI, Эрүүл мэндийн салбар, Зам тээврийн салбарын залуучуудын хамтарсан төсөл арга хэмжээг зохион байгуулж байна. УБТЗ-ын хэмжээнд ажиллаж байгаа залуучуудтайгаа илүү ойр ажиллах, салбар нэгжүүдийн залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж байна. Мөн салбар зөвлөлийн үйл ажиллагааг илүү системтэй, нэгдсэн зохион байгуулалттай болгохын тулд дүрэм, журам зохион байгуулалтын асуудлуудаа шинэчилж, дотоод үйл ажиллагаандаа нэлээд анхаарч ажиллаж байгаа. Бидний хувьд энэ жилийн нэг чухал зорилго бол төв байгууллагаас бүхнийг шийддэг бус, харин салбар зөвлөлүүд өөрсдөө санаачилга гаргаж, өөрсдийн онцлогт тохирсон ажлуудаа хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгох юм. Ер нь бид 10 жилийн ойгоо зөвхөн баяр тэмдэглэдэг ой биш, харин залуучуудын байгууллага дараагийн 10 жилд ямар байх вэ гэдгээ тодорхойлох шинэ үеийн эхлэл байгаасай гэж зорьж байна.

– Олон улсын хамтын ажиллагааны чиглэлд ямар үр дүн гарч байна вэ?

– Олон улсын төмөр замчин залуучуудын форумыг бид Монгол Улсад өнгөрсөн жил “Хил хязгааргүй хамтдаа хөгжицгөөе” уриан дор амжилттай зохион байгуулсан. Энэ арга хэмжээ нь манай залуучуудыг олон улсын түвшинд суралцах, туршлага солилцох, харилцаа холбоогоо өргөжүүлэх томоохон боломж болсон. Тус форумд Монгол, Хятад, Орос, Солонгос, Герман зэрэг таван орны 180 орчим төмөр замчин залуус оролцсон. Форумын үр дүнд Олон улсын Төмөр замчин залуусын хамтын нөхөрлөлийн байгууллагыг бий болгох санаачлага гарсан бөгөөд энэхүү санал санаачилга маань Хамтын нөхөрлөлийн орнуудын төмөр замын тээврийн холбоо (Дирекция совета по ж.д транспорту государств-участников сотрудничест)-ны хүрээнд ажилладаг залуучуудын байгууллагууд нэгдэн бий болгож эхний ажлуудаа амжилттай хамтран зохион байгуулж байна. Энэ хамтын ажиллагааны гол ач холбогдол нь зөвхөн гадаад арга хэмжээнд оролцохдоо бус харин бусад орны төмөр замын залуучуудын байгууллага ямар байдлаар ажилладаг, залуучуудынхаа хөгжлийг хэрхэн дэмждэг, ямар төсөл хэрэгжүүлдэг зэргийг харилцан суралцах нь бас нэг боломж юм. Төмөр замын салбарын залуучуудын олон улсын түвшний хамтын ажиллагаа, туршлага солилцоог хөгжүүлэх ажил салбарын хэмжээнд ч анхаарал татаж байгаа.

Харин 2026 оны хувьд бидний хувьд онцлох олон томоохон үр дүн гарсан. УБТЗ-ын залуучууд анх удаагаа Оросын төмөр замуудын залуучуудын дунд зохион байгуулдаг “Новое звено Интернационал” буюу “Шинэ үе Интернационал” төсөлт уралдаанд оролцож байна. Энэ уралдаанд БНХАУ, ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Узбекистан, Киргизстан зэрэг орны төмөр замын залуучууд оролцож байгаа бөгөөд манай залуучууд хоёр төслөөр өрсөлдөж, финалын шатанд шалгараад байна. Өөрөөр хэлбэл, манай залуучууд олон улсын хэмжээнд өөрсдийн санаачилга, төсөл, ур чадвараа танилцуулах боломжийг анх удаа бодитоор авч байна. Финалын шат энэ оны арваннэгдүгээр сард Москва хотод болно. Энэ бол зөвхөн уралдаанд оролцож байгаа хэрэг биш. Манай залуучууд олон улсын төмөр замын салбарын үе тэнгийн залуучуудтай нэг талбарт өрсөлдөж, туршлага солилцож, УБТЗ-ын төдийгүй Монгол Улсын залуучуудын нэрийг таниулах боломж гэж харж байна. Цаашлаад Дорнод Сибирийн төмөр замын залуучуудын арга хэмжээ гэх мэт УБТЗ-ын залуучуудад олон улсын арга хэмжээнд оролцох боломжууд нэмэгдэж байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас Төмөр замын сургалтын байгууллагын техникийн чадамжийг дээшлүүлэх, Орос хэлний сургалтыг ОХУ-аас ирсэн багш нар зохион байгуулах зэрэг ажлууд маань бодиттой хэрэгжээд  байна.

Мөн Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтран энэ жил “Сибирийн цагаан ус” Олон улсын Рафтингийн форум, Санкт-Петербургийн эдийн засгийн форум, Екатеринбург хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн залуучуудын фестивальд залуучуудын төлөөлөл маань оролцож байна.

– Ойн жилд амжилт гаргасан залуучуудаасаа онцолбол?

– Манай байгууллагын хамгийн том үр дүн бол төсөл, арга хэмжээний тоо бус, хөгжиж төлөвшсөн залуучууд гэж боддог. Өнөөдөр УБТЗ-ын залуучууд мэргэжлийн ур чадвар, инновац, спорт, урлаг, олон улсын хамтын ажиллагаа, сайн дурын ажил, манлайллын олон чиглэлээр амжилт гаргаж байна. Тэдний амжилтыг байгууллагын хэмжээнд түгээн сурталчлах нь бусад залуучууддаа үлгэр дуурайлал болж, “би ч бас чадна” гэсэн итгэлийг төрүүлдэг.

Нэг хүнийг онцлохоос илүүтэйгээр энэ жил залуучуудын маань өөрсдийн санаачилга нэмэгдэж байгааг онцолмоор байна. Залуучуудын байгууллагын хамгийн том амжилт бол зөвхөн зохион байгуулсан арга хэмжээний тоо биш. Харин залуучууд өөрсдөө санаачилга гаргаж, асуудлаа тодорхойлж, шийдэл санал болгох, түүнийгээ ажил хэрэг болгож чадвар юм. Энэ жил салбар зөвлөлүүдийн зүгээс зохион байгуулж байгаа ажил, “Гурван үеийн уулзалт”-ын хүрээнд гарч байгаа санаачилгууд, олон улсын төсөлт уралдаанд оролцож байгаа залуучууд гээд олон жишээ байна. Ялангуяа олон улсын “Шинэ үе Интернационал” төсөлт уралдааны финалд шалгарсан хоёр багийн залуучуудаараа бид бахархаж байгаа. Тэд зөвхөн өөрсдийнхөө нэрийн өмнөөс биш, УБТЗ-ын залуучуудын нэрийн өмнөөс олон улсын талбарт оролцож байгаа гэдгээ ойлгож, бэлтгэлээ хийж байна. Мөн би зөвхөн тайзан дээр гарч байгаа залуучуудыг биш, өдөр тутмын ажлаа хариуцлагатай хийж, салбар нэгжийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бүх залуучуудаа амжилтын эзэд гэж хардаг. Төмөр зам бол нэг хүний биш, олон мянган хүний хамтын нийлмэл хөдөлмөрөөр явдаг салбар. Залуучуудын байгууллагын хувьд ч ялгаагүй.

– Цаашдын зорилго, дараагийн арван жилийг хэрхэн харж байна вэ?

– Дараагийн 10 жилд залуучуудын байгууллага илүү мэргэжлийн, илүү нээлттэй, илүү үр дүнтэй ажилладаг бүтэц рүү шилжих шаардлагатай гэж бид харж байна. Өмнөх 10 жилд бид байгууллагынхаа суурийг бий болгож, салбар зөвлөлүүдээ бүрдүүлж, залуучуудыг нэгтгэж, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Харин дараагийн 10 жилд үүнээс нэг алхам урагшилж, залуучуудынхаа мэргэжлийн хөгжил, манлайлал, шинэ санаа, төсөл хөтөлбөр, инновац, олон улсын хамтын ажиллагааг илүү анхаарах хэрэгтэй. Мөн салбар зөвлөлүүдийн оролцоог улам нэмэгдүүлэх нь чухал. Залуучуудын төв байгууллагаас бүх ажлыг санаачилдаг биш, 42 салбар зөвлөл тус бүр өөрийн гэсэн идэвхтэй, онцлогтой, залуучуудынхаа хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаатай болохыг хүсэж байна. Нөгөө талаас өнөөдрийн залуучуудын хүлээлт өмнөх үеийнхээс өөр болсон. Тиймээс бид залуучуудтайгаа ажиллахдаа зөвхөн уламжлалт арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, цахим орчин, шинэ технологи, шинэ харилцааны хэлбэрүүдийг ашиглаж, залуучууд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Эцсийн зорилго бол УБТЗ-д ажиллаж байгаа залуу хүн “Би энэ байгууллагын нэг хэсэг, миний санал санаачилга энд үнэ цэнтэй” гэж мэдэрдэг залуучуудын байгууллагыг бий болгох юм.

– Ярилцлагын төгсгөлд төмөр замчин залуучууддаа хандаж юу хэлэх вэ?

– Нийт төмөр замчин залуучууддаа УБТЗ-ын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн зүй ёсны үргэлжлэл УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага шинэчлэн байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төмөр зам гэдэг бол зөвхөн төмөр зам, зүтгүүр, вагон, өртөө, зам талбай биш. Энэ салбарыг олон үеийн төмөр замчдын хөдөлмөр, түүх, уламжлал авч явдаг. Өнөөдөр бид тэр уламжлалыг хүлээж авч байгаа үе. Харин маргааш дараагийн үедээ хүлээлгэн өгөх хүмүүс нь бид өөрсдөө. Тиймээс залуучууддаа “Ажлаа хий, арга хэмжээнд оролц” гэж хэлэхээс илүүтэй өөрийнхөө ажилд эзэн байгаарай, шинэ зүйл санаачлаарай, суралцаарай, өөрөөсөө дараагийн залуу үеийг бэлдэж байгаарай гэж хэлмээр байна. Алдаа гаргахаас бүү ай. Санаачилга гаргахаас бүү ай. Хамгийн гол нь санаачилсан зүйлээ ажил хэрэг болгохын төлөө хичээдэг байх хэрэгтэй. Өнөөдөр хүртэлх 10 жил бол энэ байгууллагын нягт нямбай суурь байсан бол дараагийн 10 жилд тэр суурин дээр илүү том зүйл бүтээх үе байх болно. Тэр ирээдүйг зөвхөн Залуучуудын зөвлөл биш, УБТЗ-ын нийт залуучууд хамтдаа бүтээнэ. Төмөр замчин залуучууддаа баярлалаа. Та бүхний эрч хүч, санаачилга, хөдөлмөр зүтгэл бол манай салбарын ирээдүйн хамгийн том боломж бас нөөц юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Г.Энхбаатар 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.