Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцсон дөрөв, вагоны албанд нэг, Дохиолол холбооны албанд нэг, гадны шалтгаант зургаа, нийт 12 дутагдал гарсан байна. Өнгөрсөн оны мөн үед 136 гологдол гарч байсан бол өнөөдрийн байдлаар 128 гологдол гарч найман нэгжээр буурчээ.
Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 19-ныг дуустал 7837.2 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.0 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөтэй харьцуулбал 444.3 мянга, өмнөх оны мөн үеэс 555.3 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн долоо хоногт импортын ачаа 245.6 мянган тонныг, транзит ачаа 115 мянган тонн, экспортын ачаа 219 мянган тонн, нийтдээ 654.7 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Мөн хугацаанд 5572.6 мянган тонн ачаа ачсан нь төлөвлөгөөг 196.1 мянга, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 154.8 мянган тонноор тус тус давуулж, 103.3 хувийн биелэлттэй байна.
Харин тайлант долоо хоногт 5945 вагон буулгаж, хоногт дунджаар 16 вагон илүү буулгасан байна. 2026 оны гуравдугаар сарын 01-19-ний өдрийг дуустал 15735 вагон буулгаж, төлөвлөгөөнөөс 121 вагон дутуу байна.
ДЦС-ууд 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Амгалангийн дулааны станцын хэрэглээ буурч, тав хоногийн нөөцтэй үлдсэн. ДЦС-III, ДЦС-IV, Дарханы ДЦС-ууд тус бүр долоо хоногийн нөөцтэй байна.
Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт 39.59 км/цаг болсон, төлөвлөгөөнөөс 0.9 км/цагаар өссөн. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.21 км/цагаар түргэссэн байна. Арван галт тэрэг зурмагт өнгөрүүлэлтээр 1171 минутын саатал гаргасан.
Галт тэрэгний дундаж жин 3323.9 тонн болсон. Уг нь төлөвлөгөөгөөр бол 3250 тонн байх ёстой. Зүтгүүрийн бүтээмж үүнийг дагаад өссөн биелэлттэй байна.
Вагон эргэлт сайжирч байгаа боловч төлөвлөгөөндөө хараахан хүрээгүй байна.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 114 галт тэрэг өгч, 113 галт тэрэг хүлээн авсан. Хоногийн дундаж солилцоо 16.1-16.2 буюу хэвэндээ байна.
Нарийн царигаар 58 галт тэрэг хүлээн авч, дөрвөн нэгжээр нэмэгдсэн. 56 галт тэрэг хүлээлгэн өгч, гурван нэгжээр нэмэгджээ.
Харин Сүхбаатар-Наушкиар 54 галт тэрэг хүлээн авч, зургаан нэгжээр нэмэгдсэн. 54 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн долоо хоногийнхтой адил байна.
Оны эхнээс дамжин өнгөрөх чиглэлийн нийт 822 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 123 галт тэргээр илүү байна.
Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2318, импортын чингэлэг 744-ийг шилжүүлэн ачив.
Чингэлэгтэй галт тэрэг Наушки руу тус бүр 35 гал тэрэг өгч, авсан. Замын-Үүд-Эрээний чиглэлд өргөн царигаар экспортын 41 галт тэрэг хүлээлгэн өгч, нарийн царигаар импортын 43 гал тэрэг хүлээн авсан. Одоо замын хэмжээнд 1749 вагон экспортын ачаа байна. Хамгийн их нь 1081 вагон төмрийн хүдэр, 400 вагон нүүрс байна. Дараа нь зэсийн баяжмал 145 вагон, жонш 116 вагон тус тус байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс 12 удаагийн 19 цонхонд холбогдох байгууллагын удирдлагууд болон хэсгийн байцаагч нар хяналт тавин ажиллажээ.
Долоо хоногийн нэгдсэн хуралд Эрчим хүч, ус хангамжийн төвөөс мэдээлэл хийв. Тус төв өнгөрсөн онд 575 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Эрчим хүчний үнэ тарифыг 2026 онд 185.12 төг/квт.цаг байхаар батлуулсан нь энэ онд 5.2 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох эх үүсвэр болсон байна. Төвийн хэмжээнд 24 мянган тоолуур хэрэглэж байгаагийн 3.1 хувь нь буюу ердөө 750 нь ухаалаг тоолуур байна. Иймд энэ онд ухаалаг тоолуурт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилт тавьж байгаа ажээ. Усны галт тэрэг Сайншандаас хойшоо Улхын-Овоо, 31 дүгээр зөрлөгт аялдаг. Эхний ээлжинд Сайншандаас хойд чиглэлийн усны гал тэргийг зогсоохын тулд Улхын-Овоод гүний худаг гаргана. 31 дүгээр зөрлөгийн хувьд худаг гаргасан боловч усны хатуулгийн хэмжээ өндөр байгаа учраас ус цэвэршүүлэх нэмэлт байгууламж байгуулах шаардлагатай байгаа ажээ. Долоо хоног тутам усны хоёр цистернийг тусад нь галт тэргээр тээвэрлэж байгаа нь зүтгүүр болон хөдлөх бүрэлдэхүүн дутагдалтай байгаа үед ачаа тээвэрт сөргөөр нөлөөлж байгааг онцлов. Цаашлаад хөдөлгөөний хуваарьт ч сөргөөр нөлөөлж байгаа учраас ойрын үед энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков дараах үүргийг холбогдох удирдлагуудад өглөө. Тухайлбал, ачилтын төлөвлөгөөний биелэлт хоцорч байгааг Тээвэр зохион байгуулалтын алба онцгой анхаарах, Шалган байцаах комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх төлөвлөгөө гаргаж батлуулахыг холбогдох албадуудад, үерийн нөөц бэлтгэхийг Замын аж ахуйн албанд тус тус үүрэг болголоо.
Г.Энхбаатар
