Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын Ачаа тээврийн комиссын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн ОХУ-ын Сочи хотноо албан ёсоор эхэллээ. Зөвлөгөөнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, БНАСАУ, Азербайжан, Узбекистан, ажиглагч БНСУ зэрэг 12 орны төмөр замын төлөөлөгчид, гадаад худалдааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөллүүд оролцож байна.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь жил бүр хуралдаж, тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны /экспорт, импорт, дамжин өнгөрөх/ хэмжээг тохиролцохоос гадна түүнийг хэрхэн зохион байгуулах талаар арга хэмжээ боловсруулдаг юм.
Манай улсын төмөр замын салбарын гол ачааг нуруундаа үүрдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн билээ.
Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж байдаг юм. Мөн УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ жил бүр хурдацтай нэмэгдэж байгаа нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үр ашигтай бүтээлч хамтын ажиллагаатай холбоотойг албаныхан хэлж байлаа.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үр бүтээлт хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрэхийн хирээр УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ нэмэгдэж байгаа нь бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж байна.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд тэр дундаа тус байгууллагын гишүүн УБТЗ-аар энэ онд хэдий хэмжээний, хэдэн нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд Сочи хотноо тав хоног хэлэлцэж тохирох юм.Тус зөвлөгөөн энэ сарын 14-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
