Нүүр УБТЗ ХНН Ачаа тээврийн хэмжээ өссөн ч зурмагийн тасалдал нэмэгджээ
УБТЗ ХНН

Ачаа тээврийн хэмжээ өссөн ч зурмагийн тасалдал нэмэгджээ

G.Press 1 сарын өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

Энэ оны гуравдугаар сар болон 2026 оны эхний улирлын галт тэрэгний зурмагийн дүнг хэлэлцэх хурал өнгөрсөн Баасан гарагт боллоо. Хурлыг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга удирдан явуулав. 

Хурлын эхэнд нэгдүгээр улирлын тээврийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Оны эхний улирлын байдлаар 9 сая 60.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 560.8 мянган тонноор илүү буюу 106.6 хувийн биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеийнхээс 762.5 мянган тонноор илүү буюу 109.2 хувийн биелэлттэй байна. Үүнээс импорт төлөвлөгөөнөөс 237.9 мянган тонноор, экспорт 109.5 мянган тонноор, транзит 50.9 мянган тонноор, орон нутгийн ачаа тээвэрлэлт 162.5 мянган тонноор тус тус илүү байна.

Хэсгийн хурд 0.4 км/цагаар удааширсан нь өнгөрсөн онтой харьцуулахад нэг км/цагаар удааширсан дүн юм. Вагон эргэлт нэг хоногоор буюу өнгөрсөн онтой харьцуулахад 0.8 хоногоор удааширсан байна. Вагоны бүтээмж 1385 тн/км-ээр буурсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 227 тн/км-ээр буурсан аж.

Гуравдугаар сард ажлын паркад 7008 вагонтой ажиллах төлөвлөгөөтэй байсан боловч 9150 вагонтой ажилласан. Хоног бүрт  2145 вагон илүү ажиллаж, төлөвлөгөө 76.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Ачилтын төлөвлөгөөнд 1083 вагон ачихаар байгаа ч 1067.9 вагон ачиж, хоногт 15.1 вагон дутуу ачиж, 99 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хилээр ачаатай хүлээн авах галт тэрэгний төлөвлөгөө 660 вагоноор өгөгдсөн ч сарын дундаж биелэлт 917.45 вагон хүлээн авч, 139 хувийн гүйцэтгэлтэй байна.

2026 оны эхний гурван сарын байдлаар өртөөдөөс 18894 ачааны галт тэрэг явуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1498 галт тэргээр илүү байна. Харин 1099 зорчигчийн галт тэрэг явуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 202 галт тэргээр цөөн байна.

Наушки өртөөнөөс хоногт 7.74 галт тэрэг, нийтдээ 697 галт тэрэг хүлээн авсан бол Наушки өртөөнд хоногт 7.73 тэрэг, нийт 696 галт тэрэг хүлээлгэж өгсөн байна. Хэдийгээр хоногт солилцох галт тэрэгний тоо нэгээр нэмэгдсэн боловч хилийн хэлэлцээрээр тохиролцсон, хоногт 10 галт тэрэг солилцох хэмжээнд хүрээгүй байна.

Эрээн өртөөнөөс нарийн царигаар хоногт 7.75 галт тэрэг, нийтдээ 698 галт тэрэг хүлээж авсан бол, Эрээн өртөөнд өргөн царигаар хоногт 15.98 галт тэрэг буюу нийтдээ 1438 галт тэрэг хүлээлгэж өгчээ.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 галт тэргээр илүү боловч хоногт 16 галт тэрэг солилцох ёстой төлөвлөгөө 0.02 хувиар тасарсан байна.

Хэдийгээр ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа ч, ажил үйлчилгээнд чанаргүй үзүүлэлт нэлээн байна.

Зорчигчийн галт тэрэгний явуулалтаар 378 галт тэрэг аялж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 52 галт тэргээр буурсан. Өнгөрүүлэлтээр 348 галт тэрэг аялж 56 галт тэргээр буурсан байна.  

Ачааны гал тэрэгний явуулалтаар 6516 галт тэрэг аялж өнгөрсөн оны мөн үеийнхээс 449 галт тэргээр нэмэгдсэн. Ачааны галт тэрэгний өнгөрүүлэлтээр 4842 галт тэрэг аялж, нэг галт тэргээр өссөн байна.

Нийт тасалдлын хувьд зорчигчийн галт тэрэгний явалтаар гурван тасалдал, өнгөрүүлэлтээр 16 тасалдал бүртгэгджээ.

Ачааны галт тэрэгний явуулалтаар 40 тасалдал,  өнгөрүүлэлтээр 70 тасалдал гаргажээ.

Нийтдээ 491 тасалдал бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 168 нэгжээр өссөн байна.

2026 оны эхний улирлын байдлаар 16 гологдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн хоёр нь хүний хүчин зүйлээс бусад нь техникийн саатал, гэмтлээс шалтгаалсан байна. Иймд технологийн мөрдөлт, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.  

Хурлын төгсгөлд Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга, “Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцийн засвар үйлчилгээг технологийн дагуу хийж, Замын даргын А/652 туушаалын дагуу хувийн хэвшлийн арчилдаг салбар замуудад чанартай үзлэг хийж, илэрсэн үл тохирлуудыг цаг хугацаанд нь бүрэн арилгуулж, хяналт тавих, ивүүрийн хадгалалт, шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарах хэрэгтэй” гэж үүрэг даалгавар өгөв.

 

Г.Энхбаатар

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.