Нүүр Сурвалжилга А.Батболд: Хөдөлмөр хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник технологи болон ноухау-г...
Сурвалжилга

А.Батболд: Хөдөлмөр хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник технологи болон ноухау-г дэмжинэ

G.Press 1 жилийн өмнө 120 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын даргын үзлэгийн комисс хөдөлгөөний болон нийгмийн чиглэлээр хуваагдаж энэ сарын 13-15 өдрүүдэд төвийн хэсэглэлд ажиллалаа. Нийгмийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд ахалж эхний үзлэгээ Улаанбаатар Төв засварын үйлдвэр, Дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцахаас эхэлсэн юм. 

 

Амгалан Дулаан дамжуулах төв нь ойр хавийнхаа айл өрх болон дотоодынхоо албан байгууллагуудыг ус дулаанаар хангадаг. Одоогоор ус дулааны алдагдалгүй ажиллаж байна. Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд Дулаан дамжуулах төвийнхөө ашигт ажиллагаа, эдийн засгийн тооцоог нь гаргаж, тайлагнахыг хүслээ. Учир нь тун удахгүй Сайншанд өртөөнд дулааны станц баригдана, мөн Чойр өртөөний гурван уурын зуухыг орон нутгийн төсөвт шилжүүлэх эсэхийг шийдэх юм. Тиймээс ЦТП-ийн ашигт ажиллагааг харахад хэрэг болно хэмээн тайлбарлалаа. 

Төв засварын үйлдвэрийн дарга Д.Ариунбаатар замчдын гар ажиллагааг багасгах тоног төхөөрөмж хийх боломжтой хэдий ч аж ахуйн нэгжүүдийн хэрэглэж байсан хуучин дунд оврын эксковатор, тоног төхөөрөмж ч олдохгүй байгаа нь асуудал болж байгааг, мөн ажилчдынхаа шагналт цалинг хөдөлгөөнтэй холбоотой ажиллагсадтай ижил 40 хувьд шилжүүлж өгөх хүсэлтийг тавьсан юм. Нийгмийн чиглэл гэсэн статусаар цалин маш бага, үүнээс шалтгаалж ажиллах хүн олдохгүй цэвэрлэгч, жолоочгүй байгаагаа учирлалаа. Дээрх байдлыг үзлэгийн комиссынхон ойлгож байгаагаа илэрхийлж, учир байдлаа тайлбарлан албан бичгээр хандахыг хүссэн юм. 

 

Сургалтын байгууллагын амжилт суралцагчийн амжилт ахицаар илэрдэг

 

УБТЗ-ын Хүүхдийн секторын 27 цэцэрлэгт нийт 4214 хүүхэд 2024-2025 оны хичээлийн жилд эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд сурч хүмүүжиж байна. Учир нь Хүүхдийн секторын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн тасралтгүй ажиллагаатай байгаа нь үзлэгийн багийнханд илт харагдаж байлаа. 

27 цэцэрлэгийн  ес нь мэргэжлийн арга зүйчтэй ажиллаж байна. Хүүхдийн сектор  Боловсролын яам болон мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран багш ба хүүхдийн хөгжилд анхаарч ажиллаж байгаа талаараа Л.Янжмаа дарга танилцууллаа. “Бамбарууш”, “Дэгдээхэй” цэцэрлэгийн барилга 1950-иад онд ашиглалтад орж, ашиглалтын хугацаа хэтэрсэн, удахгүй их засвар орохоор бэлтгэж байгаа юм байна.

185 буюу “Ирээдүй” цэцэрлэгийн Д.Пүрэвсүрэн багштай ахлах бүлгийнхэн үзлэгийн комиссыг хөдөлгөөнт гимнастик хийж угтлаа. Тус цэцэрлэг хэзээнээс хөдөлгөөнт гимнастикаар улс дүүрэгтээ тэргүүлдэг, амжилтаараа гайхуулдаг уламжлалтай. Хүүхдэд хөдөлгөөн хамгийн чухал гэдэг нь эдгээр хүүхдүүдээс харагдаж байв. Энэ жил сургуульд орох таван настнууд ихэд өсгөлүүн сургуулийн нэг, хоёрдугаар ангийнхан шиг өндөр байгааг А.Батболд дарга гярхай анзаарч “Хөдөлгөөн хүүхдийн бие бялдар төдийгүй оюун ухааныг хөгжүүлдэг. Хүүхэд бүхэн үргэлж хөдөлгөөнтэй байж өсөж хөгждөг” хэмээлээ. Ахлах бүлгийн хүүхдүүд саяхнаас сургуулиудад шалгалт өгч эхэлж байна. Тоо бодож, уншиж сурч байгаа аж. Тус ангийн Есүй-Үжин шаардлага өндөр тавигддаг “Шинэ Монгол” сургуульд шалгалт өгч 750 элсэгчээс 38-д  жагссан, зарим нэгэн хүүхдүүд орос III сургуульд  тэнцсэн зэрэг нь сургалтын арга барил болон бие бялдрын хөгжилтэй холбоотойг багш нар нь онцоллоо..

“Ган зам” цэцэрлэгийн шинэ байрыг ирэх наймдугаар сарын 25 гэхэд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхийг А.Батболд дарга Барилга орон сууцны албанд үүрэг болголоо.  “Ган зам” цэцэрлэг 1961 онд ашиглалтад орж, өдгөө таван бүлэгтэй хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Шинэ байр ашиглалтад орсноор 200 хүүхдийн ортой, найман бүлэг болон өргөжих аж. MNS 65 стандартын дагуу гадна дотны тохижилт болон доод давхартаа усан бассейнтай, нийслэлдээ жишиг цэцэрлэг болох зорилттой ажиллаж байна. Санхүүжилт хөрөнгө оруулалт тухай тухайн үедээ шийдэгдчихвэл өөр асуудалгүй хэмээн “Ган зам” цэцэрлэгийн эрхлэгч Д.Наран илтгэлээ.

 

 

ТЗДС Их сургууль боллоо

 

Мөн ТЗДС, Политехник коллежийн удирдлага болон багш нартай уулзалт хийж, ТЗДС-ийн захирал С.Галбадрах ажлаа тайлагнасан. Тус сургууль 11 хөтөлбөрөөр 960 оюутанд бакалаврын сургалт явуулж байна. Өдгөө 50 үндсэн, 28 цагийн багштай сургалт явуулж, нэг багш 339.5 кредит цагийн ачаалал авахаас 631 цагийн, нийт 291 кредитийн илүү ачаалалтай ажиллаж байгаа аж.  2018 оноос хойш ахисан түвшний сургалт зогссон байсан бол энэ оны нэгдүгээр сард бакалаврын хөтөлбөрийг дахин шинэчлэн боловсруулж элсэлтээ авчээ. Тээврийн үйлчилгээ гэсэн мэргэжлээр 44 оюутан ахисан түвшинд элсүүлэн сургаж байна. 2024 онд зам, замын аж ахуй, цахилгаан хангамж мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэлд оруулсан аж. Гол баримт бичгүүд шинэчлэгдэж буй учир стратеги төлөвлөгөөгөө хоёр жилээр батлуулсан байна. Эдийн засгийн багш хэрэгтэй, суурь онол ордог багшаа мэргэжлийн тэнхим рүү шилжүүлэх гэж байна.

Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинэлэг технологийг хөгжүүлэхийн тулд оюутнуудын бакалавр магистрын ажлуудыг нь шат шатанд нь хүний оролцоо, хүчийг багасгасан шинэ туршилт технологийн шинэчлэлээр сэдэв өгч хийлгэвэл үр дүн гарах бололцоотой хэмээн зөвлөлөө.

Өнгөрсөн намрын Замын даргын үзлэгээр ТЗДС сургалтын чанараа дээшлүүлэх үүрэг хүлээн авч ажиллажээ. Шинээр мөрдөгдөж байгаа дээд боловсролын тухай хуульд “дээд сургууль” гэсэн ангилал байхгүй болж байгаатай холбоотойгоор тус сургууль их сургууль болох төлөвлөгөөтэй ажиллажээ. 2018 онд магадлан итгэмжлэлд орсноос хойш өнгөрсөн онд тус сургуулийн итгэмжлэлийн хугацаа дууссанаар хугацаагаа сунган итгэмжлүүлэхээр яаралтай стратеги төлөвлөгөө боловсруулсан байна. Ингэснээр дөрвөн үндсэн чиглэлд тэргүүлэх ажлуудыг батлуулсан аж. Үүнийгээ хоёр жилийн хугацаанд хийж, одоо 2030 он хүртэлх төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. БШУЯ-ны ажлын хэсгийнхэн найман үндсэн, 24 дэд шалгуураар ТЗДС-ийн сургалтын үндсэн болон дэмжих үйл ажиллагааг үнэлж, өнгөрсөн сарын 8-ны өдөр дээд боловсролын үндэсний зөвлөлөөс тус сургуулийг арван жилийн хугацаатай магадлан итгэмжилжээ. Мөн их сургуулийн арван үндсэн 25 дэд үзүүлэлттэй мэргэжлийн их сургуульд тавигдах шаардлагыг  хүргүүлсэн аж. Замын даргаар дамжуулан стратегийн ач холбогдол бүхий сургууль буюу хөнгөвчилсөн нөхцөлөөр их сургууль болгох хүсэлтийг ЗТЯ, БШУЯ-дад уламжилсан хэмээн танилцуулсан юм. 

 

Өвчилсний дараа биш, өвчлөхөөс  өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал

 

Үзлэгийн багийнхан Төв эмнэлгийн эмч удирдлагуудтай уулзаж ажил үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа. Төв эмнэлэг голдуу эмч сувилагч гэсэн 34 хүний орон тоо дутуу ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас он дуустал ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан ч санхүүжилтэд өөрчлөлт оржээ. Архаг, цочмог, төлөвлөгөөт гэсэн гурван бүлгээр өвчлөлийг хуваагаад нийтдээ архаг 72 оношийн холбогдолтой бүлгийн өвчинд даатгалаас санхүүжилт байхгүй болгожээ. Энэ бүлэгт төмөр замчид болон ахмадууд хамгийн ихээр хэвтэн эмчлүүлдэг уушгины хатгалгаа, даралт ихсэх, мэдрэлийн ядаргаа, ходоодны хямрал гэхчлэн архаг өвчнүүд хэвтүүлэн эмчлэх заалтаас хасагдсан нь бэрхшээл болж байгааг Төв эмнэлгийнхэн учирлалаа. Дээрх 72 бүлгийг эмчилгээг иргэдээс төлбөр авч хэвтүүлэх болж байна. Төрөөс бодлогоор нэгэнт ийм болж байгаа учраас эмнэлгийн орны ашиглалт, ор хоногийн тоог багасгах шаардлагатай болж байгаа аж.

Тус эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаа сүүлийн гурван жил байнга алдагдалтай, орлогын мөнгөн урсгалыг харахад төмөр замаас түлхүү орж, даатгалаас багассан дүр зураг харагдаж байна. Төлбөртэй үйлчилгээ болон хамтын ажиллагааны гэрээгээр сүүлийн гурван жилд гурван тэрбум төгрөгийн орлого олсон нь төмөр замын аж ахуйн нэгжүүдээс орж ирж байгаа урьдчилан сэргийлэх үзлэг гэх мэт үйлчилгээнээс олсон орлого юм. Одоогоор тус эмнэлэгт хугацаа хэтэрсэн авлага өглөг байхгүй. Оны эхний дөрвөн сарын байдлаар эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байгаа төмөр замчдын 2812 хүн хөдөлмөрийн чадвар түр алдагдсан эмчийн магадалгаа авсан нь төмөр замд эдийн засгийн алдагдалтай тусаж байгаа юм. Эндээс эрүүл мэнд, эмнэлгийн бодлогоо эргэн харах шаардлагатай болж байна гэж эмнэлгийн дарга Х.Баянмөнх танилцууллаа.  Тэрбээр Төв эмнэлгийн даргаар томилогдоод сар ч болоогүй байна. УБТЗ- ын Төв эмнэлэг өөрийн гэсэн алсын хараатай учир цаашдаа гол хоёр жанжин шугамыг барьж төлөвлөлтөө хийнэ гэлээ. Үүнд, зардлаа хэмнэе, орлогоо нэмье, төсвийн алдагдлыг бууруулъя. Хүний нөөцийнхөө чанарыг сайжруулъя гэсэн төлөвлөлтөөр явна гэж ярилаа. Ингэхийн тулд энэ оны их засвар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг эргэн харж оновчтой төлөвлөнө гэлээ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд мэс засал, төрөл бүрийн эмнэлгийн тусламжуудыг үдээс хойно, ажлын дараа амралтын өдрүүдээр хийж, эмнэлэгт хандах иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа аж. Мөн зогсоолыг төлбөртэй болгох, хашааны зам, зогсоол зэргийг засаж янзлах, нэмэх зэргээр тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.  Эмнэлгийн хашаанд гаднаас орж архидах, хог хаяж байгааг зохицуулах, камержуулж, гэрэлтүүлэг, хяналтыг сайжруулна гэлээ. Эмнэлгийн байгууламжуудаа цэгцэнд оруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломж байгааг дуулгалаа.

Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоо үр дүнтэй чанартай хийе. Хойд хэсэглэлд шугам замын галт тэрэгтэй үзлэгээр зүгээр гэж оношилсон замчдаас гурван хүн дараа нь хорт хавдартай гэж оношлогдсон. Мөнгө хөрөнгө зарж үзлэг хийчихээд ийм үр дүнгүй байж болохгүй юм. Эмнэлгийн зургаан тасаг 20 нэгж байна. ЭМД журам дээрээ иргэнээс төлбөр авч болно гэж заагдсан ч гэсэн үйлчлүүлэгч энэ байдлыг ойлгохгүй. Шаардлагагүй архаг оношийн бүлгийг  хэвтүүлэн эмчлэхээ болих бодлогыг хэрэгжүүлээд эхэлмэгц өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлж, дусал хийлгэж тариа тариулж биеэ тэнхрүүлнэ гэсэн ойлголт хумигдана. Мөн ор хоног цөөрөхөөр эмч сувилагчийн цаг ихэснэ. Энэ цагийг нь өдрөөр эмчлүүлэх өвчтөн, эмчлүүлэгчид зориулж болох менежментийг Төв эмнэлгээс баримтална гэлээ. Орой үдэш, ажил тарсны дараа эсвэл амралтын өдрүүдээр үзүүлэх эмнэлэг олддоггүй. Тиймээс энэ цагуудаар ажиллуулбал үр дүнтэй байна гэж тооцоолж байгаагаа Х.Баянмөнх дарга танилцууллаа.

 

Хөдөлмөр хөнгөвчилсөн тоног төхөөрөмжтэй болсноор оны тэргүүн зорилттой уялдаж байна

 

Замын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд очсон аж ахуйн нэгж байгууллага бүрт хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөр техник технологи болон ноухау нэвтрүүлж байгаа байдлыг дэмжин мөн санал болгож байсан. Энэ тал дээр Кейтерингийн алба нэлээд өндөр ач холбогдол өгч, ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчилж автоматаар ажиллах техник тоног төхөөрөмжтэй болсноор Замын энэ жилийн тэргүүн зорилт болсон хүний хөгжлийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлтэй нийцэн ажиллаж байна. Кейтерингийн алба УБТЗ-ын хоолны газруудаа хагас бэлэн бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нь олшруулж CU сүлжээгээр өдөр бүр нийлүүлж байгаа нь маш их эрэлт хэрэгцээтэй байдаг аж. Эдийн засгийн үзүүлэлт сайн, алдагдалгүй ажиллаж байгаа нь буфетын барааг өмнө нь УБТЗ-ын Худалдааны албаар дамжуулан авдаг байсан бол энэ оны эхнээс нийлүүлэгч болон үйлдвэрлэгчдээс дараа тооцоотой худалдан авалт хийдэг болсноор нэр төрөл болон борлуулалт нь нэмэгдэж өртөг нь багассан байна. Толгойт ЦТП хоолны газар хоёр хүнтэй, өглөө 06:00-д ажилдаа ирж 07:10 минутад эхний хоолоо гаргадаг байна. УБТЗ-ын кейтеринг буюу хоол үйлдвэрлэл зарим тал дээр шинэ бүтээмж шинэлэг үйлчилгээг санал болгож ашигт ажиллагааг байнга нэвтрүүлж байгаа ч нөгөө талаар алдагдалтай ажиллаж байна. Үүнийг байгууллагуудын хоолны газрууд хэтэрхий бага өртөгтэй хоолоор үйлчилж байгаатай холбон тайлбарлаж байна. Толгойт ЦТП хоолны газар гэхэд өдөрт давхардсан тоогоор 200 шахам хүнд үйлчилж байна.

Барилга засвар ашиглалт үйлчилгээний анги энэ оны эхний улиралд тэрбум 412 сая  төгрөгийн татаастай ажиллахаас  тэрбум 448 сая төгрөгийн татаастай ажиллаж, төлөвлөгөөт алдагдлаас 437 сая төгрөгөөр хэтрүүлж ажиллажээ. Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотыг цахилгаан дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нь жилээр сунгажээ. Учир нь  дулааныг хөнгөлөлттэй үнээр авч, хэрэглэгчийн бус дахин дамжуулах гэдгээр тооцож, мөн гадны байгууллага айл өрх цөөхөн гэж үзжээ. Энэ асуудал дээр Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд БЗАҮ ангийн нийт зардлын 82 хувийг цалингийн зардал эзэлж байна. Тиймээс ус дулааны уурын зуухаа улсад шилжүүлэх тал дээр газар болон өмчийн асуудал дээр зохицоод эргэн харж хамтран судалъя гэснээр БЗАҮ-ний ангийн хурал өндөрлөлөө.

 

А.Энхсайхан

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.