Төмөр замын техникум 1971 онд төмөр замын, автын, холбооны гэсэн гурван үндсэн салбарт 18 аймаг, гурван хотоос ерөнхий боловсролын наймдугаар анги төгссөн сурагчид суралцдаг 1000 гаруй оюутан сурагчтай техникийн томоохон сургуулийн нэг байв.
Өнөө үед Төмөр замын техникум маань их сургууль, коллеж, МСҮТ-тэй томоохон салбар сургууль болон хөгжиж шинээр байгуулагдсан МТЗ ТӨХК, Тавантолгойн төмөр замын ажилчдыг бэлтгэж байна. Бидний үед байсан автын салбар нь Механик инженерийн сургууль болж, мөн холбооны салбар нь Холбоо мэдээлэл, технологийн сургууль болон өргөжиж, олон зуун мэргэжилтнийг улс ардын аж ахуйн салбарт бэлтгэжээ.
1975 онд Төмөр замын техникумын төмөр замын ашиглалтын ангийг төгссөн ангийн маань 50 жилийн ой болж энэ жил тохиож байна. 1971-1973 онд анги удирдсан шугам зургийн багш Чимэд-Очир, 1973-1975 онд ангийн багш Цанжин нар байлаа. Цанжин багш маань Төмөр замын техникумын анхны төгсөгч, №001 дипломын эзэн байв. Улмаар, Москвагийн Төмөр замын дээд сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн зарчимч, шударга сайхан хүн байв.
Төмөр замын техникумд өртөө зангилаа, тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, ачаа тээвэр, тарифын хөтөлбөр, хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэр ашиглалтын дүрэм, сэлгээ дохиоллын заавар, төмөр замын ерөнхий курс, аюулгүйн техник зэрэг хичээлүүдийг багш Цанжин, Цэлээжав, Сэнгэбат нар, бүтэц зохион байгуулалт, татах тооцоо, дизель хөдөлгүүрийн хичээлийг Нямаа, Ж.Дагва, Замын аж ахуйн Банди, Дохиолол холбоо СЦБ-ийн Бямба нар зааж онолын өргөн мэдлэгийг эзэмшүүлэн байсан нь саяхан мэт санагдаж байна.
1975 онд ангийнхан маань Замын даргын тушаалаар Сүхбаатар, Дархан, Улаан-Уул, Улаанбаатар, Толгойт, Амгалан, Налайх, Цагаанхяр, Ногоонтолгой, Эмээлт, Орхонтуул зэрэг өртөө зөрлөгүүдэд төмөр замчин болох нэр хүндтэй ажилд сумчин, пүүлэгч, кассир, галт тэрэгний туслах найруулагч, өртөөний жижүүрээр томилогдлоо.
Бидний ажилласан жилүүд бол Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалтын түүхэн он жилүүд байсан юм. Эрдэнэт-Салхит, Багануур, Бор-Өндөрийн замууд ашиглалтад орсон билээ. Мөн Улаанбаатарт Байшин үйлдвэрлэх комбинат, ДСК 1, 2, ТЭЦ-3-ийн өргөтгөл, ТЭЦ-4 ашиглалтад орж, Багануурын уурхайн нүүрсний тээврийн ид оргил үе байв.
Түүнчлэн, цахилгаан очирын системтэй байсан завсарын өртөө зөрлөгүүд цахилгаан төвлөрүүлэлтэд (ЭЦ-д) холбогдож, Сүхбаатар, Дархан-1, 2, Зүүнхараа, Толгойт, Улаанбаатар, Амгалан өртөө МРЦ буюу маршрут релейн төвлөрүүлэлтэд шилжиж технологийн шинэчлэл хийгдэв. Зүтгүүрийн аж ахуйн хувьд ТЭ2-ын халааг 2М62 илчит тэрэг авч парк шинэчлэл, замын аж ахуйн хувьд Р38 зам төмрийг Р43-иар сольж байв.
Зорчигч тээврийн хувьд Москва-Улаанбаатар чиглэлийн “Нарлаг Монгол” зорчигчийн галт тэрэг явах болж, 30 шинэ вагоноор Вагон депогийн парк нэмэгдэв. Төмөр замын үндэсний мэргэжилтэй ажилчдаар бүрэн хангагдсан үе гэхэд болно доо.
Т.Нямхүү Улаанбаатар өртөөнд галт тэрэгний туслах найруулагч, өртөөний жижүүр, Довын сэлгээний диспетчер, Ашиглалтын албаны галт тэрэгний диспетчер, ахлах диспетчер, Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга, дарга, инженерээр ажиллаж байгаад Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх хүндтэй цолыг хүртсэн билээ.
Л.Цэдэнсодном Улаан-Уул өртөөний жижүүр, дарга, Багахангай, Сайншанд, Бор-Өндөр өртөөний дарга, УБТЗ-ын Хяналтын албаны байцаагчаар ажиллаж байв. Түүний хань О.Цэрэн Улаан-Уул, Сайншанд, Бор-Өндөр өртөөний товарын конторын эрхлэгчээр ажиллаж байв.
С.Охинхүү Толгойт өртөөний орлогч дарга, Галт тэрэгний хөдөлгөөний диспетчер
Л.Баасанхүү Толгойт өртөөнд жижүүр, УБТЗ-ын Хяналтын албанд байцаагч,
С.Баасанжав Сүхбаатар өртөөнд жижүүр, галт тэрэгний диспетчер, Сайншанд Татах хэсэгт туслах машинчаар
Л.Бямбасүрэн Сүхбаатар өртөөнд ачаа тээврийн агент, галт тэрэгний диспетчер,
Д.Эрдэнэцогт Улаанбаатар өртөөнд галт тэрэгний туслах найруулагч, найруулагч, өртөөний жижүүр, галт тэрэгний диспетчер
Д.Дамдин, Д.Даваа галт тэрэгний диспетчер, явуулын кассир, Шуудан тасгийн эрхлэгч,
Б.Баатар Баруунхараа өртөөний жижүүр, дарга, галт тэрэгний диспетчер,
П.Оюунчулуун Улаанбаатар вокзалын Орон нутгийн галт тэрэгний тасалбар бичигч, ээлжийн ахлагч, 1990 онд байгуулагдсан ОУ-ын тасалбар түгээврийн кассын эрхлэгч
П.Зул, Д.Чулуунбаатар, А.Цэнгэл Улаанбаатар вокзалын тасалбар, тээш түгээврийн кассир,
С.Уламбаяр Улаанбаатар өртөөний товарын конторын эрхлэгч,
Гантөмөр –Товарын конторын кассир, Төмөр замын билетийн группийн дарга
Ч.Даваа, Цэрэндолгор -Эрдэнэтийн Орхонтуул өртөөнд жижүүрээр он удаан жил ажиллаж байгаад тэтгэвэртээ суужээ.
Г.Гантөгс, Д.Гэрэлням нар суудлын хэлтэст ОУ-ын зорчигчийн билетийн кассанд кассир, Налайх, Толгойт өртөөнд ажиллаж байв.
Н.Жаргалсайхан ОУ-ын билетийн кассын эрхлэгч,
Г.Чулуунбат-Санхүүгийн албанд ажиллаж байгаад Москвагийн төмөр замын дээд сургуулийг санхүүгийн болон ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж ирээд Ачаа тээврийн хэлтэст ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.
Миний хувьд Улаанбаатар өртөөнд галт тэрэгний туслах найруулагч, найруулагч, өртөөний жижүүр, Довын диспетчер, УБТЗ-ын ХЗЭ-ийн байгууллагад үйлдвэрлэл эрхэлсэн хэлтсийн эрхлэгч, Суудлын вагон депогийн Зэхэлт бэлтгэлийн конторын дарга зэрэг ажлуудыг хийж байлаа.
Ашиглалтын мэргэжлийг эзэмшин вагоны мэргэжлээр 20 гаруй жил төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад ангийн хамт олон минь залуу нас, ухамсарт амьдралаа бүрэн зориулсан юм.
Бид үүргээ ухамсарлаж, мэдлэг чадвар бүхнээ дайчлан сайн ажиллаж, сайхан амьдарч иржээ. Бидний хийж бүтээсэн үйлсийг үр хүүхдүүд минь, үе үеийн хамт олон дурсах нь дамжиггүй. Төмөр замчдын яруу алдар бадартугай!
Ахмад төмөр замчин Н.Баавгай
