Улс орнууд шатах түлшнээс татгалзаж буй ч дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт ирэх 20 жилд 16 хувиар өсөх төлөвтэй байна гэж OPEC өмнөх төсөөллөө нэмэгдүүллээ.

2045 он гэхэд газрын тосны эрэлт өдрийн 116 сая баррель хүрч өснө гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл өмнөх төсөөллөө өдрийн зургаан сая баррелиар нэмэгдүүлээд байна. Зам тээвэр, петро хими болон агаарын тээврийн салбарын өсөлт эрэлтийг нэмэгдүүлэхэд гол түлхэц болно гэж үзэж байгаа аж.

Улс орнуудаар харвал БНЭУ-ын хувьд эрэлт хамгийн өндөр хэмжээгээр өснө гэж үзэж байна. Тухайлбал: эрэлт нь хоёр дахин өсөж, өдрийн 12 сая орчим баррель хүрэх тооцоо гаргажээ. Харин БНХАУ-ын хувьд газрын тосны эрэлт нь 26 хувиар өсөж, удаалахаар байгаа аж.

Эрчим хүчний “BP” болон “Shell” компаниуд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих туршилтаа эрчимжүүлсэн ч эргээд  газрын тос, байгалийн хийн бизнестээ анхаарлаа хандуулсан хэвээр байна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Мөн Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тооцоолсноор 2030 он гэхэд газрын тосны эрэлт нэмэгдэх ажээ. Хэрэв Засгийн газрууд дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлахыг зорьж байвал газрын тосны шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээ зогсоох ёстой гэж онцолж байна.