Зам, тээврийн салбарын мэргэжлээр ТЗДС, Политехник коллеж, ШУТИС Барилга архитектурын сургууль, Механик инженерийн сургууль,Техник технологийн дээд сургуулиудад суралцаж байгаа төгсөх курсийн оюутнуудад зориулан “Зам, тээврийн салбарын хөгжилд залуусын оролцоо” сэдэвт уулзалтыг энэ сарын 04-нд “Ган зам” паласт зохион байгууллаа. Зам, тээврийн салбарын залуучуудын “Хөгжлийн зам” зөвлөлөөс зохион байгуулсан тус уулзалтын эхэнд  ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ  Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын мэндчилгээг сонордуулаад, салбарын яамнаас баримталж байгаа бодлого, зорилтуудыг нийт оролцогчдод танилцууллаа.

Мөн Монгол Улсын нисэхийн салбарын хөгжлийн талаарх илтгэлийг тус салбарын залуучуудын байгууллагын дэд тэргүүн бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр, “Авто замын салбарын хөгжил, залуучуудын байгууллагын бодлого” сэдвээр Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер Н.Нямсүрэн, “Авто тээврийн салбарын хөгжил” сэдвээр Салбарын залуучуудын зөвлөлийн дэд тэргүүн, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн чанарын менежер Д.Тэмүүжин, “Төмөр замын залуучуудын байгууллага” сэдвээр УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар, “Монгол Улсын “Далайн захиргааны хөгжил” сэдвээр Далайн захиргааны хяналт шинжилгээ, дотоод аудитын мэргэжилтэн Д.Дашпүрэв нар илтгэл тавилаа.

Илтгэлүүдэд дурдснаар 2030 он гэхэд тээврийн таван салбарт нийтдээ 22000 орчим шинэ ажлын байр бий болох бөгөөд өнгөрсөн 2023 оны байдлаар Зам, тээврийн салбарын мэргэжлээр нийт 3614 оюутан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байна гэсэн судалгаа гарчээ. Цаашид энэ тоог улам нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын мэргэжлээр залуу үеэ сургаж мэргэшүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаатай уялдуулан шинэ залуу хүний нөөцөд чиглэсэн уг арга хэмжээг зохион байгуулж буй аж.