Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Энэ үеэр салбарын сайд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлууд, тэр дундаа 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн ажлууд дээр ЗТЯ-ны харьяа байгууллагын дарга нар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа. Мөн Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэхүү ажилд ЗТЯ-ны нийт алба хаагчид, инженер техникийн ажилчид харилцан уялдаатай хамтарч ажиллахыг онцлоод, ажилд нь амжилт хүслээ.