Арванхоёрдугаар сар болон 2025 оны галт тэрэгний зурмагийн дүнг хэлэлцэх хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Хурлыг Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан удирдлаа.
Өмнөх сард зорчигчийн галт тэрэгний явуулалтаар зурмагийн тасалдал нэг гарчээ. Үүнийг 2024 оны мөн сартай харьцуулбал зурмагийн тасалдлын тоо хоёр нэгжээр буурч, биелэлт 0.3 хувиар сайжирсан байна. Харин зорчигчийн галт тэрэгний өнгөрүүлэлтээр 12 тасалдал бүртгэгдсэн байна. Үүнийг 11 дүгээр сартай харьцуулбал тасалдлын тоог дөрвөн нэгжээр бууруулсан боловч өмнөх оны мөн үеэс тасалдлын тоог хоёр нэгжээр өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны 12 дугаар сартай харьцуулахад өнгөрүүлэлтийн зурмагийн биелэлт 1.2 хувиар буурсан дүн гарчээ.
Арванхоёрдугаар сард ачааны галт тэрэгний явуулалтаар зурмагийн 40 тасалдал гарсан байна. Үүнийг 11 дүгээр сартай харьцуулахад тасалдлыг 14, 2024 оны 12 дугаар сартай харьцуулбал 10 нэгжээр тус тус нэмэгдүүлсэн байна. Мөн өнгөрүүлэлтээр 114 тасалдал гаргажээ. Үүнийг 2024 оны мөн сартай харьцуулахад тасалдлыг 30 нэгжээр өсгөж, зурмагийн биелэлт 0.5 хувиар буурчээ. Гэхдээ өмнөх оныхоос галт тэрэгний тоо 287 нэгжээр өссөн гэжээ.
Харин 2025 оны зурмагийн биелэлтийг 2024 онтой харьцуулахад зорчигчийн галт тэрэгний өнгөрүүлэлтийн тасалдлыг 29, явуулалтын тасалдлыг 38 нэгжээр тус тус бууруулсан байна. Ачааны галт тэрэгний явуулалтын зурмагийн тасалдлыг 65, өнгөрүүлэлтийн тасалдлыг 36 нэгжээр бууруулсан дүнтэй ажиллажээ. Бүтэн жилийн нийт тасалдлын тоог 2024 онтой харьцуулахад 168 нэгжээр бууруулсан байна.
Хурлын төгсгөлд Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан “2025 онд бид 33.7 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ ачааны 83 хувь нь Монгол Улсын экспорт, импорт, орон нутгийн ачааны тээвэр байсан. Транзит ачаа нийт тээврийн 17 хувийг эзэлж байна. Гэтэл УБТЗ ХНН ОХУ, БНХАУ-аас дамжин өнгөрөх ачаа их хэмжээгээр тээвэрлэдэг гэсэн ойлголт байна. Гэтэл бодит байдал дээр нийт ачаа тээвэрт транзит ачааны эзлэх хувь ийм байгааг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.
2025 онд тээврийн чанарын болон тоон үзүүлэлт 2024 онтой харьцуулахад маш сайн биелсэн. Ачилтын төлөвлөгөө 105, тээвэрлэсэн ачааны төлөвлөгөө 104.7, тонн/км-ийн төлөвлөгөө 103.6 хувиар тус тус биелсэн. 2024 онд бид 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн боловч чанарын үзүүлэлтийн биелэлт тааруухан байсан. 2025 онд чанарын болон тоон үзүүлэлт сайжирсан.
Сүхбаатар-Наушки, Замын-Үүд-Эрээн өртөөгөөр бид 2025 онд галт тэрэг солилцоог маш сайн хийсэн. Замын-Үүд өртөөнийхөн урд хилийн боомтоор 18 сая тонн ачаа тээвэрлэнэ гэдэг зорилтыг тавьж, маш сайн биелүүлж ажилласан. Энэ ташрамд Замын-Үүд өртөө болон зангилааны нийт төмөр замчдад Замын захиргаа болон хувиасаа талархал илэрхийлье.
Мөн Сүхбаатар-Наушки өртөө хооронд бид хоногт 10 хос галт тэрэг хүлээлцэж түүхэн амжилт тогтоосон. Өмнө нь бид сард хамгийн дээд тал нь 3.0 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Бид өнгөрсөн онд сард 3.2 сая тонн ачаа тээвэрлэсэн. Мөн дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний хувьд 3850 чингэлгийн галт тэрэг буюу бараг 20 футэд шилжүүлснээр 600 000 орчим чингэлгийг тээвэрлэсэн. Энэ бол түүхэн амжилт байлаа.
Ачилтын түүхэн амжилтыг тогтоосон. Сард 2.3 сая тонн ачилт хийсэн. Мөн буулгалтын түүхэн амжилтыг шинэчилсэн. Сард 28900 вагон буулгасан. Галт тэрэг солилцоогоор мөн түүхэн амжилтууд тогтоолоо.
Үүний зэрэгцээ 2025 оныг 2024 онтой харьцуулахад галт тэрэгний явуулалтаар 104.7, өнгөрүүлэлтээр 104.5 хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, галт тэрэгний тоо 4.5 хувиар өссөн гэсэн үг.
Бид галт тэрэгний зурмагийн тасалдлыг 168 нэгжээр бууруулсан. Галт тэрэгний зурмагийн биелэлтийг сайжруулахад хичээл зүтгэл гаргаж ажилласан төмөр замчдадаа талархал илэрхийлье.
Өнгөрсөн оны ажлыг ерөнхийд нь дүгнэж хэлэхэд гэрэл гэгээтэй олол амжилт арвинтай жил байлаа. Зурмагийн тасалдлыг бууруулсан нийт хөдөлгөөнчдөдөө Замын захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 2026 онд зурмагийн тасалдалгүй ажиллахын төлөө хичээх ёстой. Төмөр замчид маань хичээн ажиллана гэдэг найдаж байна” хэмээв.
Хурлын төгсгөлд галт тэрэгний зурмагийн биелэлтийг хангахад идэвх зүтгэл гарган ажилласан нэр бүхий төмөр замчдыг шагнаж урамшууллаа.
Тухайлбал, “Төмөр замчдын алдар” тэмдгээр Улаанбаатар өртөөний ивүүрчин Э.Цогтбаяр, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Вагон ашиглалтын депогийн харьяа Улаанбаатар ТҮГ-ын вагон үзэгч Д.Баярмандах, Сайншанд Татах хэсгийн машинч Б.Түмэнбаяр, ЭХУХ-ийн нэгдүгээр ангийн инженер-диспетчер Б.Нямсүрэн, Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ш.Золзаяа, ЦХОБА-ны Сайншанд ЦХА-ийн ачаа хамгаалагч Э.Ууганбаяр, Сүхбаатар өртөөний ачаа вагон хүлээлцэгч М.Ганзориг, Баянтүмэн тасгийн Эрээнцав өртөөний вагон үзэгч-засварчин Т.Төрболд, Дохиолол холбооны II ангийн ерөнхий инженер Ө.Бат-Эрдэнэ нарыг, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Зүүнхараа Ачааны вагон засварын депогийн гэмтлийн техникч Б.Отгонхүү, Замын III ангийн замчин Т.Чулуунбаатар, Улаанбаатар Татах хэсгийн илчит тэрэгний засварчин Ө.Эрдэнэбат, Дархан Татах хэсгийн машинч У.Мягмардорж, Зорчигчийн вагон депогийн засварчин Х.Хадбаатар, ЦХОБА-ны Чойр ЦХА-ийн харуулын дарга Э.Төгөлдөр, Айраг өртөөний галт тэрэгний найруулагч Ц.Эрдэнэбулга, Баянтүмэн тасгийн туслах машинч Б.Баярбаатар, Дохиолол холбооны I ангийн шугамын механикч Ч.Нямдорж нарыг, мөн “Хүндэт үнэмлэх”-ээр Замын IV ангийн замчин Б.Ган-Өлзий, Статистик бүртгэлийн төвийн графикч инженер Э.Энхтунгалаг, галт тэрэгний хөдөлгөөний график шинжээч инженер А.Оджаргал, ЭХУХ-ийн II ангийн дэд станцын ашиглалтын мастер Э.Ганбаяр, Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Д.Болормаа, ЦХОБА-ны Замын-Үүд ЦХА-ийн паркийн харуул У.Ган-Од, Сайншанд өртөөний ачаа вагон хүлээлцэгч Л.Сэлэнгэ, Баянтүмэн тасгийн машинч Б.Төгөлдөр, Дохиолол холбооны III ангийн механикч Б.Галсансанжаа, СИРДП-Е хэлтсийн ахлах инженер Т.Тайван нарыг тус тус шагнасан байна.
Б.Гүнжээ
