Замын 45 дахь долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын дарга Х.Хэрлэн удирдлаа. Өмнөх долоо хоногт гологдолгүй ажилласан бол тайлант долоо хоногт бусдаар тооцогдсон хоёр гологдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 6-ны шөнө Амгалан ДЦС-ын салбар замд буулгалтаас суларсан 11 хоосон вагон ивүүр бэхэлгээ дутуу хийснээс өнхрөн хаягч сум өнгөрөөд өртөө талын хоёр вагон найман дугуй, гурав дахь вагоны эхний хоёр дугуй замаас гарсан байна. Мөн 7-нд ТЭМ2-1238 илчит тэрэгтэй сэлгээ салбар замаас 38 вагонтой Дархан-2 өртөө рүү орох үед Эрлийн гарамд дээр приус маркийн автомашин хурдтай ирж 11 дэх вагоны шатыг мөргөж, улмаар вагонд чирэгдэн М-1 дохиог гэмтээжээ. Энэ талаар Тээврийн хяналтын албанаас “Өнөөдрийн байдлаар тухайн автомашины жолооч, зорчигч хоёрын биеийн байдал эмнэлэгт хэвийн байна. Хөдлөх бүрэлдэхүүн нь “МТЛ” ХКК-ийн вагонууд байсан. Тодорхой хэмжээний гэмтэл гарсан” хэмээн мэдээлэв.
Харин дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйтай холбоотой тав, Дохиолол холбооны албанд нэг, бусдаар тооцсон тав, нийт 11 бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол долоо, дутагдал 152 нэгжээр буурсан байна.
Тайлант долоо хоногт 66 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 35-аар буурсан үзүүлэлт бөгөөд 22 радио галт тэргийг мөрдүүлэн аялуулж, найман галт тэрэг саатжээ. Оны эхнээс 11 дүгээр сарын 6-ныг дуустал 27 сая 942.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн буюу 102.7 хувиар биелэв. Мөн 19 сая 717.8 мянган тонн ачиж, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн 261300, транзит 116700, экспорт 238800, импорт 79600 тонн буюу нийт 696400 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 28.4 мянган тонноор дутуу үзүүлэлт юм.
Тайлант долоо хоногт “Багануур” ХК уурхайн гаралттай холбоотой төлөвлөгөөнөөс 80 вагон дутуу буюу 1366, “Шивээ-Овоо” мөн замын техник эвдэрсэн, зөөвөр холдсон зэрэг шалтгаанаар төлөвлөгөөнөөс 41 вагон дутуу буюу 763 вагон ачсан байна. Харин “Шарын гол” ХК энэ долоо хоногт 35 вагон илүү буюу 475, “Эрдэнэт үйлдвэр” 51 вагон илүү буюу 135 вагон тус тус ачжээ. Дотоодын нүүрс тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх, уурхайдтай хамтын ажиллагаагаа сайжруулж, шаардлага тавьж ажиллах үүргийг Замын дарга Тээвэр зохион байгуулалтын албаны даргад өглөө.
Тайлант долоо хоногт хэсгийн хурд 39 км/цагийн төлөвлөгөөг 39.65 км/цагаар биелүүлэн 0.2 км/цагаар илүү, төлөвлөгөөг 0.65 км/цагаар нэмсэн ч өмнөх долоо хоногоос 0.4 км/цагаар удааширчээ. Галт тэрэгний дундаж жин 3321.77 тонн болж төлөвлөгөөнөөс 161.77 тонноор давуулж, өмнөх долоо хоногоос 62.89 тонноор дутуу байна. Харин зүтгүүрийн бүтээмж 1588.35 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 138.35 мянган бохир тонн/км-ээр, өмнөх долоо хоногоос 11.31 мянган бохир тонн/км-ээр тус тус илүү байв. Вагон эргэлт 4.2 хоног болж төлөвлөгөөг биелүүлжээ.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 112 галт тэрэг /710.7 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /717.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 16 галт тэрэг болов.
Нарийн царигаар хоногт дунджаар найман галт тэрэг солилцсон буюу 56 галт тэрэг /434.1 вагон/ хүлээн авч, 56 галт тэрэг /432.1 вагон/ хүлээлгэн өгсөн байна.
Сүхбаатар-Наушкиар галт тэрэг солилцоо буурч 46 галт тэрэг /310 вагон/ хүлээн авч, 52 галт тэрэг /320.2 вагон/ хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн, “Тавантолгой түлш” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд нийт 29 галт тэрэг /1398 вагон/ 65407.812 тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээж аваад байна. Уг тээвэрт 11 цуваа оролцож буй бөгөөд Хятадын талд одоогоор 6700 тонн коксожсон нүүрний үлдэгдэлтэй байгаа аж.
Мөн 130 мянган тонн мидлинг тээвэрлэхээс 36 галт тэрэг /951 вагон/ 64777.4 тонныг Цогтцэций өртөөнөөс хүлээн авч, Баян өртөөнд буулгажээ.
Тайлант долоо хоногт чингэлгийн 78 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос нэгээр дутуу, оны эхнээс нийт 3258 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 553 галт тэргээр давсан байна. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2402, импортын 560 чингэлэг шилжүүлэн ачсан бол Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 490 чингэлэг, экспортын 2423 вагон ачаа байгаа ажээ. Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга илтгэлийнхээ төгсгөлд “Машинчийн III зөвлөгөөнийг угтан төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, илчит тэрэгний техникийн боломжийг бүрэн ашиглах зорилгоор энэ сарын 12-нд Мааньт-Чойр-Айраг хэсэгт 108 вагонтой 10 мянган тонн жинтэй галт тэрэг аялуулна” хэмээн танилцуулав. Өмнө нь ийм урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг УБТЗ-д аялж байгаагүйг Замын удирдлагууд онцолж, маш сайн хяналт тавьж ажиллахыг холбогдох албадын дарга нарт үүрэг болголоо.
Зүтгүүрийн аж ахуйн албаны орлогч дарга Д.Хорлоо 4268 тонн буюу 9-10 хоногийн түлшний нөөцтэй байгааг танилцууллаа. Үүнээс евро-5 ангиллын түлшний үлдэгдэл 28.7 тонн буюу 3-4 хоногийн нөөцтэй байгаа бол 6.6 тонн буюу гурав хоногийн тосны нөөц үлдсэн байна.
Вагоны аж ахуйн хувьд 1673 вагонд дунд засвар хийхээс 1426-д хийж 85 хувь, 10 вагонд их засвар хийхээс долоод хийж 70 хувиар тус тус биелүүлээд байна. Тайлант долоо хоногт вагончид УБТЗ-ын 58, хувийн хэвшлийн 15 вагон засвараас гаргажээ. Мөн их засвараар есөн хос дугуй засварлаж, зоролтгүй бүрэн магадалгаанд 58, зоролттой бүрэн магадалгаанд 25, зоролтгүй энгийн магадалгаанд 96, зоролттой энгийн маргадалгаанд 43 хос дугуй оруулсныг албаны дарга Л.Болд танилцууллаа.
Хурлын үеэр Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт “Өнгөрсөн долоо хоногт УБТЗ-д Архивын ерөнхий газрын үзлэг шалгалт боллоо. Манайд зургаан жилийн дараа энэ шалгалтыг хийлээ. Гурван сарын хугацаанд бэлтгэж ажилласны үр дүнд А буюу “Бүрэн ханалттай” үнэлгээ авсан. 2019 онд “Хангалттай” үнэлгээ авч байсан амжилтаа ахиуллаа. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Засгийн газраас шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэл өгсөн. Үүнд бид оны эхний улиралд 0, хоёрдугаар улиралд 54 хувиар үнэлэгдсэн бол манай албад маш сайн хичээж ажилласны үр дүнд гуравдугаар улиралд 93 хувиар үнэлэгдлээ” гээд амжилт гаргахад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ.
Эцэст нь Замын дарга Х.Хэрлэн өвлийн бэлтгэл болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг бүгдэд нь анхаарууллаа.
М.Наранболд
