-Эрүүл мэнд
1-5 насны хүүхдүүдийн өвчлөл өндөр байна
Энэ өвөл бага насны хүүхдийн өвчлөл өндөр, эмнэлгүүд ачаалалтай байна. Төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн хувьд ачаалал ямар байгааг тасгийн эрхлэгч Х.Чанцалдуламаас тодрууллаа.
-Манай тасаг 35 ортой, одоогийн байдлаар (энэ сарын 9-ний байдлаар) 39 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээнд нэг, 0-1 насны тав, 1-5 насны 28, таваас дээш насны таван хүүхэд байна. Эндээс харахад 1-5 насны буюу цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл өндөр байгаа нь ойлгогдох байх.
Өдөрт дунджаар амбулаториор 55-60, ажлын бус цагаар Хүүхдийн тасгийн хүлээн авахаар дунджаар 15, амралтын өдрүүдэд хүлээн авахаар 20-30 хүүхэд ирж үзүүлж байна.
Ирж буй хүүхдүүдийн хувьд уушгины хатгалгаатай, өндөр халуурсан, цээж шуугисан, амьсгалын хямралын шинж тэмдэг зонхилж байна. Энэ ханиад амархан хүндэрдэг тул эцэг эхчүүд цаг алдахгүй эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөе.
-Орны хүрэлцээ хэр байна вэ?
-Манайх орны эргэлтээ бүрэн дүүрэн ашиглаж байна. Зайлшгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүүхэд ирсэн тохиолдолд түр зуур коридорт ор нэмж авдаг. Коридорт авсан хүүхдийг нэг хоногоос хэтрүүлэхгүй тасагт оруулах зэргээр ажиллаж байна. Бидэнд одоо гол хүдрэлтэй зүйл нь хүүхдийн сувилагч дутагдалтай байгаа.